Баянхонгор аймагт хүний амь хөнөөж, цогцсыг нь шатаасан гэх мэдээлэл уржигдар нийгмийн сүлжээнд нэгэн иргэн бичиж, олон нийтийг айдас түгшүүрт автуулсан юм. Тухайн иргэн нь “Цуврал хэрэг гараад нийт гурван хүн амиа алдсан” гэсэн утгатай зүйл бичсэн байв. Тэгвэл ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийнхөн орон нутгийн Цагдаагийн газраас тодруулжээ. Дуудлага, мэдээлэл энэ сарын 2-нд цагдаагийн байгууллагад ирсэн гэнэ. Баянхонгор аймгийн Өлзийт сумын нутагт хүн нас барсан гэх мэдээллийн дагуу мөрдөн шалгах ажиллагаа явуулж буй бөгөөд эрэгтэй хүн шатаж нас барсан аж. Мөрдөгчид шинжээчдээр шаардлагатай дүгнэлтүүд гаргуулахаар хандсан бөгөөд хараахан хариу ирүүлээгүй. Амиа алдсан иргэний хэн болохыг баталгаажуулж, нас барсан шалтгаан болон бусад нөхцөл байдлыг тогтоохоор шалгалт үргэлжилж байна.
Олон нийтийн сүлжээнд бичсэн шиг цуврал, хэрцгий аллага гараагүй гэдгийг албаныхан тайлбарласан юм.