МЗЭ-ийн гишүүн, Г.Сэр-Одын шагналт яруу найрагч Г.Лхагвадоржийн “Хавар эртийн сонет” бүтээлийг “Уран зохиол” буландаа онцолж байна. Тэрбээр өмнө нь “Зүрхэн цохилго” (2014), “Сэтгэл бид хоёр” 2019) яруу найргийн түүврээ олны хүртээл болгосон юм.
БАЯРТ МЭДЭЭ
Аз жаргалтайгаар би ажлаа хийж сууна
Ар гэрээс минь утас цохиж байна
Бага охины минь цахиур ургасан тухай
Баярт мэдээ дуулгах гэж хүлээсэн байна
Яруу дуугаар уйлж, инээдэг охины минь
Ягаахан буйлнаас “цэцэг” ургана гэдэг
Өвсөн дундаас Цагаан уул гэрэлтэх адил
Өгөөмөр энхрий санагдаад байна.
2020
ӨДИЙ ЦАГИЙН БОРОО
Өдий цагийн бороо
Өвсний нуруунд шүүдэрлэн бөнжийж
Нар үзээд газардан шингэхээ хүлээзнэн
Нарлах мэт гэдрэг тарайн хэвтэнэ
Өдий цагийн бороо
Навчин дээр нүдлэн бүлтийж
Үй олон нүдээр хорвоог ажих улиасны
Үндэс рүү нь л ярган ярган шургана.
Өдий цагийн бороо
Өгөх юмаа өгсөн хүн шиг ханагар
Өдий цагийн бороо
Ирэх цагтаа ирсэн юм шиг данагар
Өдий цагийн бороо
Авах юмаа авсан хүн шиг хангалуун
Өдий цагийн бороо
Явах цагтаа явсан хэн шиг бас гуниглуун
Өдий цагийн бороо
Нүдээ олсон шагнал шиг бахдам
Өдий цагийн бороо
Нүүдэл тоссон хүн шиг сайхан.
2021
ӨДӨР БҮРИЙН ҮҮД ХААЛГА
Өдөр бүрийг үүд хаалга
Өглөө бүрийг босго нь юм гэвэл
Өчнөөн хаалга нээгдэж
Төчнөөн хаалга хаагдана вий
Өдөр бүр тус тусын айл гэж бодъё
Өдөр бүрийг хүн хүний сэтгэл гэж итгэе
Өдөр бүрийг шинэ шинэ танил гэе
Өдөр бүр нэг нэг ойллого болог.
Үүрийн гэгээ хөшигний завсраар тусах нь
Үүдэн зайцаар шагалзах
шинэ өдрийн урилга адил аа
Нойрмог ахуйд ч мөнөөх зурвасхан гэгээ
Гэгээ болохоороо л хүнд зовхийг өргөнө
Цасыг нь арилгасан довжоон дээр
Цан хяруу сувд асгасан шиг үзэгдээд
Гэрийн шаахай түүн дээр халтирч орхих нь
Гэнэдээд би нээрэн л сувдан дээр
гишгэчих шиг санагдана.
Шинэ өдрийн минь үүд хаалга ийнхүү нээгдлээ
Шөнө түүнийгээ хаагаад дараагийн үүдээр орно
Өчигдрийн дуу чихэнд сонсогдож
Өнгөрсөн дурсамж сэтгэлд эгшиглэнэ.
Амьдрал үргэлжилдгээрээ л үргэлжилнэ
Ахиад өнөөдрийн он маргаашийн
өдрөөр солигдоно.
Аанай л гэвч юм бүхэн өөрчлөгдсөөр
Аав нь охиноо болзоонд
(хармын сэтгэлтэй ч) үдэх өдөр ирнэ.
Ширээн дээр гэвч оргилуун дарс үлдчихжээ
Шинэ өдөр гэчхээд түүнээс хүртэх гэж үү?
Өчигдрөөс үлдсэн дарс ба би
Өө, бидэнд харшлах юм алга аа.
2024
ЛХАМ БУРХНЫ НЭРЭЭР БИЧСЭН ШҮЛЭГ
Лит хуанлийн хуудаснууд
гэнэ гэнэхэн дурсамж болно
Лиш цэцгийн үр голт борын үндэс болно
Лийрийн адил бүсгүй цаг хугацааны ээж болно
Лоолийн ижил уруул нь үнсэж адислах
тарни болно
Хамаг бүхэн хувьсан өөрчлөгдөх ч
Хавар л гагцаар ирсээр байх болно
Хайрлан дурлах сэтгэл бүхэн цагаан гэгээ болно
Харамсах зүйл хорвоод
нэгээхэн ч үгүй болно оо.
Амраг нууцхан сэтгэл илэрхий
цагаан хайр болно
Аж төрөхүйн бор өдрүүд
санчгийн мөнгөн сор болно
Алийг нь ч аль гэхээ мэдэхгүйтэй бид учрах бол
Алив бүхнээ хүмүүс эцсийн мөчид орхих болно.
Манантай цэнхэр орчлон
ирэх буцахын “үүд” ч бил үү
Магадгүй хүмүүн заяа
ХАВАР ГЭДЭГ ИРЖ БАЙГАА ЦАГ
Аливааг энгийнээр бичих нь түүний онцлог гэж хэлж болно. Тэгэхдээ жирийн амьдралаас илэрхийлэх санаагаа олж хардаг ч метафор нь хамт явж байдаг гэж товч тодорхой хэлчихмээр санагдлаа. Далд санаа ч гэмээр юм уу. Г.Лхагвадорж бас судлал шинжлэлийн бичвэрээр хоёр гурван ч удаа
тодорхой байр эзэлж байсан санагдана. Жүжиг ч бичиж эхэлж байна. Залуу хүмүүст амьдрал ахуйгаа өөд нь татах, үр хүүхдээ өсгөх гээд ажил мундахгүй. Өөрийн гараар бүтээсэн бүхэн аятай амттай байдаг аа. Төв, төвшин байхад учир бий. Би түүнд итгэн найдаж байгаа учир ийм л байна
даа.
Тэрбээр одоо уран бүтээл рүүгээ зоригтой орох шинжтэй. Хүний хөгжил гэдэг аяндаа цаг нь болохоор ирдэг. Шүлэг бичих ур чадвараа ахиулах талаар ч бодож санаж буй юм бий. Цаг нь болохоор аандаа мэдрэгдэх биз. Амьдрал үнэнээрээ байх сайхан. Сонет гэдэг өөрийн хатуу дэг журамтай.
О.СОДНОМПИЛ Д.Нацагдоржийн шагналт зохиолч 2026.02.11 (Номын өмнөтгөл хэсгээс)
далайн эрэгт мятаршгүй зогсоно уу
Марзан гөлөг шиг зовлон жаргал
бидний хөлийг долооно уу
Маргаашийн болзоондоо
чи хайрыг л хүсэн хүлээнэ үү
2024
Тарлан үүлстэй тэнгэр
Өглөө наранд улбартаад
Таамаг зүүдний орчлон
Сэрж яданхан нойрмог
Идэр зуны модод
Элгэмсэг ногоон харцтай
Эх үрсийг ерөөсөн
Бүүвэй зөөлөн ганхаатай
Учралын энэ өглөө
Уярал төрсөөр суунам
Удтал зангирсан хүлээс
Сая нэг алдарлаа.
Улбар ягаан үүлс нь
Сэмжрэн сарниад гийлээ
Бүстэй хүн төрж гэнэ ээ
Бүр ч ихээр догдоллоо, би
Бүсгүй хүний зовлонгоос л
Ангид битгий болоорой
Хүний жаахан үр минь.
2024
***
Авокадо жимснээс хушны самар амтагдсан өглөө
Амьдралд ердөө хэдхэн амт байдгийг сануулна
Аль ээ эртийн явдал гэнэт сэдрэн бодогдоод
Аальхан чиний минь хацрын ягаан сэтгэлд туяарна.
Баруун дөрвөн замын автобусны буудлын худалдаачнаас
Байсхийгээд л би аяга самар авдаг байж билээ
Цөмсөн самрын яс эгээ л дэвхрэг адил
Чөлөө завгүй үсчсэн тийм л нэг намар юмсан.
Хөвгүүн зүрхний минь соронзон гүр чамдаа
Хүмүүсийн дундуур довтолгон яарахын чөлөөнд
Үрлэн бор ширхэг нэг бүрийг үнсэн үнсэн цөмөөд
Чөмгийг нь чамдаа хэрэм адил нөөсөөр очдог сон.
Сэтгэл, шүлс хоёртой минь холилдсон идээг
Сэжиг үгүй амтархан үмхэлсээр чи минийх болсон.
Аалз ч бас шүлсээрээ тор нэхдэг дээ гэж бодохоос
Амьхандаа л чамайгаа би зовоохгүй юмсан гэж хүсэх.
Авокадо жимснээс хушны самар амтагдсан өглөө
Амьдралд ердөө хэдхэн амт байдгийг сануулаад байхаар нь
Аяга кофе, язгуурын ямар амттайг олох гэж
Амтлан тамшаалсаар, амтлан тамшаалсаар суунам.
2025
САНАСАН СЭТГЭЛИЙН СОНЕТ
Хүндэт нөхөр Ц.Цэнгэлбаярын дурсгалд
Ногтруу шувуу хөндлөн гулд ниссэн
Ноён, Сэврэйн нутагт хайртай болсон юм, би
Армаг тармаг гэлээ ч хөмүүл, таана нь халиураад
Ай даа говийн үзэмжийг биширсэн, би
Гэхдээ бас чамайгаа санаад л
Санааны алс шиг уудам тал цэлийгээд л...
Сайхан юмсын тэргүүнд
Санах байдаг нь ч мөн хачин шүү.
Ширээлсэн бөхтэй тэмээд хэвтэж байгаа мэт
Говийн хүрэн уулсыг
Ширтсээр ширтсээр ирсэн нүдээрээ чамайгаа би хараад
Сэтгэл баахан ханажээ суунам
Хангай, Говь, Алтай цөмийнх нь сайхантай
Хамт л байгаа шиг санагдуулдаг ай даа, чи минь.
2025
ХАВРЫН ҮДЭШ
Яарамгүй даарамгүй хаврын үдэш
Ялимгүй салхинд одод гялалзана
Би ч бас гялалзана
Яргуй дэлгэрэхийн өмнөх цулгуй цагаар
Ялгуун саран ч жууман дүгрэг
Чи ч бас жуумалзана.
Ийм тэнгэрийн дор бүсгүй хүн хөл хүнд
Ижийн бүүвэй дотогшоо аяланхан байна
Энх мөнхийн яруу сайхныг орчлон бидэнд
Ингэж л мэдрүүлсээр ирсэн юм даа.
Мөдхөн анхны бороо шиврэх болно,
хонгор минь
Мөндөр үүлэндээ уяраад бөнжигнөн буй
Тэгээд зүлэг ногоо дэвсрэх болно, үр минь
Тэнгэрийн дуудлагаар үндэс тийчлэн байна.
Алив сайхны өмнөх ажин түжин хорвоод
Аав байх, эр хүн байх, ерөөс хүн байх сайхан
Ертөнцийн хамаг л гоо сайхныг
бүгдэд зэхсэн орчлонд
Ерөөс эх оронтой, гэр оронтой, амьд байх
Ямар сайхан бэ.
2025
ЭЛЭГ СЭТГЭЛД МӨНХӨД ЭХ ОРОН
Элэг сэтгэлд бясалган орших эх орон минь
Та миний дотор, би тань лугаа нийцээд
Тунил гомдлоос хагацан ангижрахын
Тунгалаг амгаланд адислахыг хүсмүй
Ертөнц даяар хүмүүн өөртөө л
Ерөндөг болохын нууцыг мэдмүй
Араншин буруу болхи ахул
Арандаг болохын учрыг ч ухмуй
Аяа, мөнхөд гэгээрэгч эх орон минь
Амь минь таных уу, минийх үү
Улаан гол минь тасрах ахул
Урагдах уу, хорогдох уу
“Уяхан Замбуу тивийн наран” тань дотроос
Уянгалан шуранхайлсаар цээжийг минь тэлмүй
“Мөхдөлгүй мандах наран” тань гэрэлтсээр
Мөчиг сэтгэлийг минь гүнзгийрүүлнэ биш үү
Цасан уясах урины салхиар
Цармын арц анхилан түгээд
Хүмүүн заяандаа сүсэлжээ явахад
Хурайлан ариулахыг тань бас мэдэрмүй
Хараа цуцаам уудам тал нутаг
Хангай, Говь, Алтай хил хязгаар нь биш ээ
Хувийг минь утгасан Долоон бурхан
Хурмаст тэнгэрийн уудамд ч эх орон минь бий
Дорно дахин, дотно нандин бүхнээ
Домог алдар, гүн язгуураараа
Дотоод сэтгэл, мэдрэмж хүртэхүйгээрээ
Таньж мэдрэхийг хүсмүй би, эх орон минь.
2025
***
Ширээний гэрлээ наран болгоод
Шидэт ертөнцийн эзэн болном
Элэг сэтгэлээс бүтээх ертөнцдөө
Эв найрыг чухалчлах юм шүү
Алив нэгнээ ад шоо үзэхгүй
Адгийн тэнэгээр онцгойрох гэхгүй
Адилхан биш ч эн тэнцүүхэн
Аавын хүүхдүүд нөхөрлөж байгаасай.
Гэрэлт нарны ивээл дор
Гэгээ гэгээгээ үзэж байгаасай
“Манлайлан дагуулах”-ын дон
Манууст хүртээлгүй байгаасай.
Дарлан дарангуйлахын солио
Дайн тулаан, буу шийдэм
Цөмийн зэвсэг...
Цөмийнх нь атгаг шунал үгүй болоосой
Сарны саруулд болзож байгаасай
“Сайхан хайр”-аа олцгоож байгаасай
Олсон түүнээ огоот арилжилгүй
Орчлонг хамтдаа туулж байгаасай
Үрс минь эрүүл саруул торниод
Үлэмжийн сайхан болох болтугай
Байгаль дэлхий, байгаагаа хайрлацгааж
Бий болгож, бүтээн цогцлоох юм сан даа
Баян болох мөрөөдөл бус болог
Баярхах, зусардах, гутрахыг хүн мэдэхгүй байг
Хүүхнүүд бүгдээр үзэсгэлэнт амгалан болоод
Хүүхдээ сэтгэлтэй нь
төрүүлдгээ мэддэг байгаасай.
2025