Орос улс өөрийн пуужин, нисгэгчгүй төхөөрөмждөө Беларусийн станцыг ашиглаж байна гэж өнгөрсөн сарын 19-нд сэтгүүлчидтэй уулзахдаа Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский мэдэгджээ. Дайнд оролцохыг хүсээгүй л юм бол станцуудаа хурааж ав. Үүнийг өөрөө хийхгүй бол бид хийнэ хэмээн тэрбээр сүрдүүлсэн, эрдэж бардсан аясаар Беларуст хэлсэн байна. Хоёр хоногийн дараа сэтгүүлчийн асуултад хариулахдаа Беларусийн Ерөнхийлөгч Александр Лукашенкогоос хариу аваагүй байгаагаа мэдэгдсэн аж. Асуудлаар Беларусийн Төрийн тэргүүн ч ямар нэг үг хэлэхээ азнажээ. Тэгтэл Лукашенко, Путин хоёр ойрын үед холбогдоно гэж Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков мэдээлсэн байна.
Өнгөрсөн сарын 24-нд Зеленский сэтгүүлчдэд мэдэгдсэнээр бол Оросын дроныг хөөргөхөд ашиглуулж байсан Беларусийн станцууд 22-ны өдрөөс ажиллахаа больжээ. Ийм мэдээллийг Зэвсэгт хүчний нь ерөнхий командлагч Александр Сырский өгсөн гэнэ.
2025 онд Төрийн тэргүүний суудалд долоо дахь удаагаа сонгогдсон Беларусийн удирдагч 30 гаруй жил эрх мэдлээ хадгалж байгаагийн хувьд Орост ихээхэн “өртэй” хүн юм. 2020 оны наймдугаар сард болсон Ерөнхийлөгчийн ээлжит сонгууль олон түмний ер бусын эсэргүүцэлтэй тулгарч, үр дүнг нь луйвардсан гэж үзэж тэмцэл өрнөсөн. Лукашенко Москвагийн дэмжлэгийг ашиглаж эсэргүүцлийг нухчин дарсан. Тухайн үед Москва Минскэд санхүүгийн тусламж үзүүлээд зогсохгүй, Оросын зэвсэгт хүчин Беларусьт үйл ажиллагаа явуулж болно шүү гэх ойлголтыг беларусьчуудад өгчээ.
Тэгвэл Зеленскийн саяны шаардлага байдлыг тун төвөгтэй болгож, Москваг гомдоолгүйгээр Украины шаардлагыг биелүүлэх, байдлыг хүндрүүлэх, зөрчил тэмцэлд татагдан оролцохоос зайлсхийх гэсэн ацан шалаанд оруулж орхив. Америкийн хэвлэлд мэдээлж буйгаар бол Украины эсрэг дайнд Беларусийг илүү идэвхтэй оролцуулах гэж энэ оны эхнээс Орос Беларусьт хүчтэй шахалт үзүүлэх болсон байна. НАТО-гийн хилийн дэргэд холимог ажиллагаа явуулахад тус улсыг түшиц газар болгож ашиглах боломжийн талаар Оросын албаны хүмүүс ярилцсан талаар Өрнөдийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээлж байжээ. Тиймээс Беларусийн эсрэг Украины аливаа үйлдлийг Минскийг Украинтай хийж буй дайнд шууд татан оруулах боломж гэж үзэж Орос талархалтай хандаж байхыг үгүйсгэхгүй. Харин үйл явдал ийн тэлж өргөжихийг Вашингтон ч, Европ ч мэдээж таашаахгүй.
Лукашенког Путинтэй холбогдох нэг суваг гэж үзэж, түүнтэй харилцаагаа сайжруулахыг Дональд Трампын засаг захиргаа хичээж байгаа юм. Тэгээд ч Украинд үзүүлдэг цэргийн тусламжаа хорогдуулж, Оростой энхийн хэлэлцээрт хүрэх тохиролцоо тийш алхам хийлгэх гэж шахалт үзүүлэхийг оролдож байна. Европын орнууд болохоор Украины талд хатуу зогсож, улс төр, санхүү, цэргийн талаар дэмжиж байна.
Ойрын үед хилийн чанад руу удаан хугацаагаар явна гэж Александр Лукашенко өнгөрсөн сарын 23-нд мэдэгджээ. Энэ томилолт өнөөгийн байдалд нөлөөлөхгүй гэж Беларусийн тал үзэж байна. Томилолтынхоо явцад Путинтэй уулзаж, Беларусь-Оросын харилцаанд шийдвэрлэгдээгүй байгаа асуудлуудыг ярилцана хэмээн Лукашенко зарлав. Тэрбээр Беларусь руу Украин довтлох тухай Зеленскийн зайгуур үгэнд итгэхгүй, Оростой тогтоосон хэлхээ холбооноосоо татгалзах бодолгүй байна. Өрнөд ч Киевийн хамсаатнуудынхаа амаар Беларусийг дайнаар айлгаж, хийсэн геополитикийн сонголтоо эргэж харуулах зорилготой байгаа аж. Александр Лукашенкод Владимир Зеленскийн тавьж буй шаардлага хоёр хэсэгтэй. Эхнийх нь, Украинтай залгаа хилээс цэргийн техникээ татах, хоёрт, хөрш орондоо өөрийн түлшийг нийлүүлэхээ зогсоох. Беларусаас авдаг нисэх техникийн керосиноо Орос дөрөв дахин нэмэгдүүлсэн байна. Украины цохилтын улмаас бий болсон нисэх хүчний түлшний хомсдлоо шийдвэрлэхэд нь энэ арга хэмжээ Орост тусалжээ. Эрчим хүчний салбар дахь хамтын ажиллагаа нь Орос, Беларусийн эдийн засгийн холбооны нэг багана юм. Дайныг Беларусийн нутаг дэвсгэр рүү тэлнэ гэх заналхийллээр энэ баганаа тайрахыг Зеленский шаардаад байгаа аж. Үүнд өгсөн хариулт нь зургаадугаар сарын 26-наас 27-нд шилжих шөнө Лукашенко, Путин хоёрын хийсэн уулзалт. Түүний талаар ямар нэг мэдээлэл олон түмний сонорт хүргээгүй байна. Иймэрхүү хаалттай уулзалтуудын туршлагаас харахад түүний сэдэв, үр дүн нь хэзээ нэгэн цагт мэдээллээр бидний сонорт ирнэ.
Украины эсрэг шинэ фронт нээлгэхийн тулд Беларусьт Орос шахалт үзүүлж байна хэмээн Өрнөдийн түгээсэн мэдээллийг Кремль няцаасан байна. “Бодит байдалд огт нийцэхгүй” гэж уг мэдээллийн тухай Дмитрий Песков мэдэгджээ. “Украинтай залгаа Беларусийн хоёр мужийн хилийн дагуу галыг Украины хүн ам руу чиглүүлдэг техник зоосон байна. Одоо манай жирийн иргэдийн амь үрэгдэж, хүүхдүүд шархдаж буй” гэж Зеленский хэлжээ.
Украины эсрэг Оросын өдөөсөн дайны тухай сэтгүүлчийн асуултад хариулахдаа Лукашенко Беларусийг ямар нэг байдлаар дайн, зөрчилдөөнд татан оруулж болохгүй гэсэн дүгнэлтэд Путин бид хоёр хүрсэн гэж хэлжээ. Түүний хэлснээр дайнд Беларусь оролцвол фронт 1.5 мянган километрээр ихэснэ, ийм хэмжээний газрыг хамгаалж чадахгүй аж.
Астанад болсон Евразийн эдийн засгийн зөвлөлийн хуралдааны дараа тавдугаар сарын 29-нд Лукашенко “Россия-1” телесувгийн нэвтрүүлэгт оролцохдоо Украины Ерөнхийлөгчийн тухай нэлээд хатуу ширүүн үг хэлжээ. “Би тэгэхэд арай хэтрүүлсэн байж магадгүй. Хэрэв Владимир Александрович гомдсон бол тэр үгнийхээ төлөө түүнээс уучлалт хүсье” гэж “Ал-Арабия”-гийн сурвалжлагчийн асуултад хариулахдаа Александр Лукашенко хэлсэн байна. Беларусийн улс төрийн шинжээч Артем Шрайбман түүнийг бараг л анх удаа ийн уучлалт гуйж байна гэж тэмдэглэжээ. Беларусийн улс төрийн шинжээчийн дүгнэснээр Лукашенко дайны дараах Европын өнгө төрхийн талаар, түүнд яаж зохицох талаар бодох болсон байна. Европын Холбоотой харилцаагаа хэвийн болгоход Вашингтоны дэмжлэгт найдаж буйгаа Лукашенко сэтгүүлчийн асуултад хариулахдаа хүлээн зөвшөөрчээ. Улс төрийн шинжээч Александр Касковкий Беларусийн удирдагчийн Москвад хандаж буй байдлын тухайд хэлэхдээ, түүнийг хямд нөөц татаж байгаа, ОХУ-ын эдийн засаг шавхагдаж байгаа, энэ хүчин зүйлийг тэр тооцоолж буй гэсэн байх юм. Байдлаас ажиглахад Лукашенко Трампын удирддаг “Энхийн зөвлөл”-ийн хуралдаанд оролцохыг хүсэж байх шиг.
Р.Жаргалант