Монголын морьт харваачдын холбооноос чансаа тогтоох тэмцээнийг анх удаа зохион байгуулж, Киргиз улсад болох Дэлхийн нүүдэлчдийн VI их наадамд эх орноо төлөөлөн оролцох шилдэг эрэгтэй, эмэгтэй тус бүр гурван тамирчныг сонгон шалгаруулав.
Насанд хүрэгчдийн ангилалд дөрвөн төрлөөр явуулахаар төлөвлөсөн ч цаг агаарын таагүй нөхцөлөөс шалтгаалан хаймсах холимог төрлийг цуцалж, цуваа бай, цамхаг харваа, бөмбөг намнааны нийлбэр оноогоор чансааг тогтоолоо.
Насанд хүрэгчдийн ангилалд оролцогчдоос цуваа байны төрөлд Б.Отгон- Өлзий (“Их шүтээн”) алт, П.Дашчарав (“Арулад”) мөнгө, М.Жавхлантөгс (“Их шүтээн” клуб) хүрэл медаль хүртсэн. Цамхаг харваанд Н.Алтанхуяг түрүүлж, Г.Түмэнбуяндэлгэр (“Намнаа” академи) удаалан, Б.Отгон-Өлзий (“Их шүтээн” клуб) III байрт шалгарсан юм. Бөмбөг намнаад М.Жавхлантөгс (“Их шүтээн” клуб) аваргалав. Түүнтэй тэргүүн байрын төлөө өрсөлдсөн М.Эрдэнэбаяр (“Зургаадай”), П.Дашчарав (Арулад клуб) нар удаах байруудад оржээ. Өсвөр үеийнхнээс цуваа байнд А.Мандуул (“Зургаадай”), цамхаг харваанд Э.Мэргэн (“Намнаа” академи), бөмбөг намнаад Д.Бат-Орших, хаймсах холимог төрөлд А.Амархүү (“Хан Монгол” клуб) тэргүүллээ. Дэлхийн нүүдэлчдийн VI их наадамд оролцох эрхийг эрэгтэйчүүдээс П.Дашчарав, Б.Отгон-Өлзий, М.Жавхлантөгс, эмэгтэйчүүдээс Б.Мягмаржав, Г.Гүнбилэг, Ц.Сайнжаргал нар гардсан юм.