“Дэ нэйче консерванси” байгууллагын Монгол дахь төлөөлөгчийн газар, МУИС-ийн Экологийн боловсролын төв хамтран Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын ерөнхий боловсролын сургуульд хүлэрт намгийн танин мэдэхүйн эко танхим байгуулжээ. Тус сумын нутаг дэвсгэрийн 11 хувийг хүлэрт намаг эзэлдэг бөгөөд олон улсын байгууллагууд энэ өвөрмөц экосистемийг хамгаалж, нөхөн сэргээх чиглэлээр төсөл, хөтөлбөр хэрэгжүүлж ирсэн юм. “Дэ нэйче консерванси” байгууллагынхан өнгөрсөн оноос тус сумд энэ чиглэлийн шинэ төсөл эхлүүлжээ. Үүнийхээ хүрээнд хүүхэд, залуус, орон нутгийн иргэдэд экологийн боловсрол олгох, хүлэрт намгийн ач холбогдлыг сурталчлан таниулах зорилгоор эко танхим байгуулсан байна
Төсөл хэрэгжүүлэгчид “Хүлэрт намаг нь дэлхийн дулаарлын хурдасгуур гэгдэх хүлэмжийн хийг агаар мандлаас шингээж, сааруулах асар их нөөц бололцоотой экосистем юм. Иймд үүний хүн, байгальд үзүүлэх ач холбогдлыг ойлгуулах нь чухал” гэж онцлов.