
Багануур дүүрэгт коронавирусийн сэжигтэй тохиолдол өнөөдөр бүртгэгдсэн. Тус иргэн нь энэ сарын 22-ны өдөр БНСУ-аас ирсэн. Түүний хоолой нь өвдөж улмаар өнөөдөр /2020.02.25/ эмнэлэгт хандсанаар тус дүүргийн Эрүүл мэндийн төвөөс яаралтай тусгаарлан, шинжилгээ авч ХӨСҮТ-д илгээсэн байна.
Багануур дүүргийн иргэний орсон нэг өрх, цаашлаад тус өрхөд зочилж ирсэн дөрвөн өрхийг тандалт судалгаараа илрүүлэн хөл хорио тогтоожээ. Одоогоор хөл хорио тогтоосон айл өрхийн гишүүдэд ямар нэгэн өвчний шинж тэмдэг илрээгүй. Халдвар авсан байж болзошгүй иргэний шинжилгээний хариу маргааш гарах юм байна.
“COVID-19” халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор зарим айл өрх, байранд ийнхүү яаралтай хөл хорио тогтоосон гэдгийг зөвөөр ойлгож, хуурамч мэдээлэлд автахгүй байхыг хүсье. Онцын шаардлагагүй бол гэрээсээ гарахгүй байх, амны хаалтаа тогтмол зүүх, гараа маш сайн угааж, ариутгахыг уриалж байна.