
Эрүүл мэндийн яамны байранд албаныхан коронавирусийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэргэжилтэн О.Ариунтуяа: Өнөөдрийн байдлаар БНХАУ-д 327 шинэ тохиолдол бүртгэгдсэнээр дэлхийд нийт тохиолдлын тоо 78,894 болж байна. БНХАУ-аас гадна бусад улсад нийт 3,664 тохиолдол батлагдаж, 56 нь нас барсан байна.
Коронавирусийн халдварын тоо Иранд 248, Италид 650 болж, Японы хөлөг онгоцонд тусгаарлагдсан хүмүүсээс 705 хүн халдварлагдсан. Мөн БНСУ-д 256 тохиолдол шинээр бүртгэгдэж нийт тохиолдлын тоо 2,022 болж, 13 хүн нас барсан.
ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү "Жаргалантын аманд нийтдээ 41 хүнийг ажиглалтад аваад, хянаж байна. Сэжигтэй тохиолдлуудыг шууд ХӨСҮТ-д тусгаарлаж, ажиглалтад авч байна. Энэ сарын 26-нд ХӨСҮТ-д хоёр, Налайх дүүрэгт нэг, Орхон аймагт тусгаарласан нэг нийт дөрвөн сэжигтэй тохиолдлоос COVID-19 халдвар илрээгүй. 27-нд ХӨСҮТ-д нэг, Дорнод аймагт нэг, нийт таван хүнийг тусгаарлалтад авсан шинжилгээ хийгдэж байна" гэлээ.