
Өнгөрсөн өдрүүдэд нийгмийн сүлжээгээр “Сэлэнгийн Хүдэр суманд” гэсэн тайлбартайгаар нэгэн буга, үзэсгэлэнт байгалийн хосолсон зураг монголчуудын анхаарлыг ихэд татав. Энэхүү зургийг ихэнх хүн Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд гэж ойлгосон байх. Гэвч тийм биш ажээ.
Энэхүү зургийг Канадын нэрт байгалийн гэрэл зурагчин Алан Поелман тус улсын Квебек мужийн Монтебелло хэмээх газарт авсан юм. Тэрбээр тус зургаа 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдөр нийгмийн сүлжээнд байршуулсан аж. Гэвч энэ хооронд олон хэрэглэгч зургийг татаж аваад өөрийн хаягаараа дамжуулсаар байна.

Тухайлбал, Монголын цахим орчинд нөлөө бүхий хүмүүс дараах байдлаар өөрийн фэйсбүүк дээрээ оруулжээ. Тэдгээр хүмүүсийг нийгмийн идэвхтэй харилцаанд байдаг залуу үе дагаж, мэдээлэл авдаг юм.

Мөн үүгээр зогсохгүй “Дэлхийгээр Аялагчид World Wanderers” хэмээх 624,000 гишүүнтэй Монголын хамгийн том аялалын группт нийтлэгджээ.
Ийнхүү Канадын гэрэл зурагчны зургийг монголчууд "Монголд авсан" хэмээн андуурч өөр хоорондоо түгээлцэж байна. Иймд мэдээллийг сайтар нягталж байж цааш түгээхийг иргэд, олон нийтэд уриалж байна.