
Гадаад харилцааны яам дэлхийн 80 орчим улсад байгаа 190 гаруй мянган монгол иргэнээ бүртгэх, шинэ коронавирусийн халдвараас сэргийлэх зөвлөмж өгөх, байнгын холбоотой байхад онцгой анхаарч ажиллаж байна хэмээн мэдээллээ.
Ялангуяа БНХАУ, БНСУ, Япон, Итали, ОХУ болон Европын орнуудад суугаа Дипломат төлөөлөгчийн газруудыг өндөржүүлсэн бэлэн байдалд оруулжээ. Европын орнуудад Монгол Улсын 50 мянга гаруй, БНСУ-д 48 мянга гаруй, Япон Улсад 14 мянга орчим иргэн амьдарч байна. Улс хоорондын нислэг зогссоноор иргэдийн визийн хугацаа хэтэрч байгаа тул Сөүл, Токио дахь Элчин сайдын яам тухайн улсын Хууль зүйн яам, Цагаачлалын албанд албан ёсны хүсэлт гаргажээ.
Энэ дагуу Японы тал иргэдийн визийг 15-30 хоног сунгахаар болсон. Харин БНСУ асуудлыг тухай бүр нь шийдвэрлэхээ мэдэгдсэн байна.