
Эрүүл мэндийн яамны байранд албаныхан ээлжит хэвлэлийн бага хурлаа хийж, коронавирусийн цаг үеийн байдлын талаар мэдээлэл өглөө.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын ажилтан О.Ариунтуяа "Өнөөдрийн байдлаар дэлхийн хэмжээнд коронавирусийн халдварын тохиолдол 1,739-өөр нэмэгдсэнээр нийтдээ 87,137 тохиолдол бүртгэгдлээ. Мөн нас баралт 2,977 болтлоо нэмэгджээ. Бүртгэгдсэн тохиолдлуудыг авч үзвэл 38 оронд гадаад улсаас зорчсон өгүүлэмжтэй хүмүүс байгаа бол 20-оод оронд дотоод дэгдэлтээс халдварч авч байна.
БНСУ-д гарсан нийт тохиолдлын 85 орчим хувь Дэгү хотод байгаа юм. Өмнөд Солонгос улс тандалт судалгааг сайтар хийж байгаа бөгөөд өдөрт дунджаар 11 мянган хүнд шинжилгээ хийж байна.
Италид 1,694 тохиолдолд, 34 нас баралт гарсан. Дэгдэлт гарсан гурван бүсэнд сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг хоёр долоо хоногийн хугацаанд түр хаасан. Иранд 978 тохиолдол бүртгэгдсэн ба нас баралтын түвшингээр БНХАУ-ын дараа орж байна.
Одоогоор 40 гаруй улс улс хоорондын зорчигч тээврийн хөдөлгөөнийг зогсоож байгаагаа ДЭМБ-д мэдээлсэн. Харин бараа таваарын тээвэрлэлтийг зогсоосон улс байхгүй" гэлээ.