
Шинэ коронавирусийн нөхцөл байдлын талаар Нийслэлийн хэвлэл мэдээллийн төвд НЭМГ-ын хэлтсийн дарга О.Энхзаяа, НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсийн дарга Ц.Мөнхбаатар нар мэдээлэл хийлээ.
Коронавирусийн халдвар БНХАУ-аас гадна 57 улсад бүртгэгдсэн бөгөөд сүүлийн 24 цагийн хугацаанд Эквадор, Катар улсуудад шинээр илэрчээ. Филиппин, Япон, Франц, БНСУ, Иран, Итали улсуудад уг халдвараар хүн нас барсан 87 тохиолдол бүртгэгджээ. Харин Монгол Улсад энэ төрлийн халдвар бүртгэгдээгүй ч дамжин орж ирэх өндөр магадлалтай байгааг ДЭМБ-аас сэрэмжлүүлсээр байна. Өнөөдрийн байдлаар хоёр хүнийг ХӨСҮТ, Сэлэнгэ аймагт 9 хүн гээд нийт 320 хүнийг коронавирусийн халдварын ажиглалтад тусгаарласан талаар НЭМГ-ын хэлтсийн дарга О.Энхзаяа мэдээлэл өглөө.
Нийслэлийн Засаг дарга 12 хүртэлх насны хүүхэдтэй ээжүүд, өрх толгойлсон аав нарын ажлын цагийг нэг цагаар багасгах тухай нийслэлийн Засаг даргын захирамж гаргасан байна. Ингэснээр бага насны хүүхэдтэй эхчүүд шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх хөл хорио дуусах өдрийг хүртэл ажил тарах цагаас нэг цагийн өмнө гэртээ харих, ар гэр, үр хүүхэддээ илүү анхаарал хандуулах боломж бүрдэж байгаа гэдгийг НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсийн дарга Ц.Мөнхбаатар онцоллоо.