
Орхон аймгийн Жаргалант сумаас баруун урд зүгт 6 км зайнд, Эрдэнэт хот орчимд өнөөдөр 15:16 цагийн үед 4.9 магнитудын хүчтэй газар хөдөлсөн талаар Одон орон, геофизикийн хүрээлэн мэдээллээ.
Газар хөдлөлтийн үеэр Эрдэнэт хотын төвд чичирхийлэл мэдрэгдсэн байна. Үүнийг иргэд "Эрдэнэт үйлдвэр"-ийн тэсэлгээтэй андуурч багагүй сандарсан гэж Эрдэнэт хотод байрлах МОНЦАМЭ агентлагийн салбар мэдээллээ. Уулын тэсэлгээ баасан гараг бүрийн 15 цагийн орчимд болдог аж.
Газар хөдлөлтийн улмаас таван давхар орон сууцны дөрвөн давхарт цууралт үүссэн байж магадгүй тул одоогоор аймгийн Онцгой байдлын газраас орон сууцны хорооллуудад шалгалт хийж байгаа гэнэ.