Нийслэлийн ИТХ-ын сонгуулийн IV, Баянзүрх дүүргийн ИТХ-ын VII тойрогт Үнэн ба зөв намаас нэр дэвшиж буй Цэдмаажавын Батдоржтой ярилцлаа. Бурхан бүтээгч, чөлөөт уран бүтээлч тэрбээр 1988 оноос иргэний нийгмийн байгууллагуудын ерөнхий зохицуулагч, Удирдах зөвлөлийн дарга, тэргүүн зэрэг алба хашиж байгаа аж. Мөн хувийн хэвшлийн “Коко дессэрт” компанийн гадаад худалдаа хариуцсан ерөнхий менежер, “Элгэн сэтгэл” компанийн ерөнхий захирлаар ажиллаж байжээ. Тэрбээр НҮБ-ын Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай конвенцод Монгол Улс 2008 онд нэгдэхэд хувь нэмрээ оруулсан хүмүүсийн нэг юм.
-Орон нутгийн сонгуульд нэрээ дэвшүүлэх болсон гол шалтгаан тань юу байв гэдгээс ярилцлагаа эхэлье.
-Би өнгөрсөн зургаадугаар сард болсон УИХ-ын сонгуулийн VIII тойрог буюу Баянзүрх дүүрэгт нэр дэвшиж, 9827 хүний санал авсан юм. Гол зорилго маань хөгжлийн бэрхшээлтэй иргэдийнхээ дуу хоолой болж, нийгмийн асуудлуудыг нь төр засагт хүргэх. Бид 1988 онд Тахир дутуу иргэдийн нийгэмлэгийг үүсгэн байгуулж байв. 2002 онд Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбоо болгосон. 2019 онд холбооныхоо нэрийг Монголын эрүүл мэндийн байдлаар ялгаварлан гадуурхахаас хамгаалах гэж өөрчилсөн юм. Өдгөө эл холбооныхоо ерөнхийлөгчөөр ажиллаж байгаа. Өнгөрсөн хугацаанд хөгжлийн бэрхшээлтэй иргэдээ төлөөлөн Ерөнхий сайд, Ерөнхийлөгчийн зөвлөхөөр ажиллаж үзсэн туршлагадаа үндэслэн сонгуульд нэр дэвшиж байна. УИХ-ын ес дэх удаагийн сонгуулиас эхлээд шийдвэр гаргах түвшинд хөгжлийн бэрхшээлтэй илүү олон иргэн ажиллах боломж бүрдсэн шүү дээ. Үүнтэй холбоотойгоор хэд хэдэн намаас сонгуульд нэр дэвшүүлэх урилга хүлээн авсан юм. Ингээд өөрийн үзэл баримтлал, итгэл үнэмшлийнхээ дагуу Үнэн ба зөв намыг сонгосон.
-Иргэдтэй уулзаж, мөрийн хөтөлбөрөө танилцуулж явахад нийгмийн ямар асуудлууд сэтгэлийг тань илүү эмзэглүүлж байна вэ?
-Нэр дэвших эрх авсны дараа олон иргэнтэй уулзлаа. Ерөөсөө сонгуулийг яг хуулийнх нь дагуу явуулахаа больчихсон юм байна гэдгийг л илүүтэй ойлгож байна. Эрх барьж буй намынхан төрийн албан хаагчдаараа дамжуулаад сонгогчдын саналыг хэдийнээ авчихдаг нь алхам тутамд мэдрэгддэг. Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс надад туслаад, сурталчилгааг минь хийж байгаа юм. Гэтэл төрийн холбогдох байгууллагын ажилтнууд тэднийг “Чамайг хүнсний талоноос хасна”, “Түлээний мөнгийг чинь өгөхгүй шүү” гэж дарамталдаг талаар ярьж байна. Бид уг нь сонгуулийн сурталчилгаа хийгээд яваа байгаа боловч үнэн хэрэгтээ эцсийн дүн нь урьдчилаад гарчихдаг юм байна гэдгийг л эндээс ойлголоо доо.
-Баянзүрх бол нийслэлийн хамгийн олон хүн амтай хоёр дүүргийн нэг. Тэр хэрээр асуудал маш олон байдаг. Иргэдийг төлөөлөн сонгогдож чадвал юуг нь хамгийн түрүүнд өөрчлөхийг зорьж буй бол?
-Баянзүрх дүүрэг 43 хороотой. Хороодоор явахад иргэд ил задгай хаясан хог асар их байна гэж ярьдаг. Үүний шалтгааныг судалсан. ТҮК-ийн үйлчилгээ болон холбогдох хууль, журам нь өөрчлөгдсөнөөр хог ачих үйлчилгээг хувийн хэвшилд шилжүүлчихсэн. Ингэснээр өнөөх хувийн хэвшлийнхэн нь хог бараг ачихаа больчихжээ. Ерөөсөө л дуртай үедээ ачдаг болсон. Үүний дагуу холбогдох ажилтнуудтай нь уулзахад хог ачихад шаардлагатай шатахуун байхгүй, цалингаа авч чадаагүй гэх асуудлыг ярьдаг болсон гэнэ. Ийм шалтгаанаар гудамж, жалга нь хогондоо баригдчихсан байна. Хоёрдугаарт, Улиастай, Шар хад, Цагаан даваа орчимд гэр хороолол маш их тэлж, шинэ суурьшлын бүс үүсчихлээ. Захын хорооллын айлуудын хүүхдүүдэд сургууль, цэцэрлэг хүрэлцээгүй хэвээрээ байна. Тэнд гудамжны гэрэлтүүлэг байхгүй, зарим айл цахилгаангүй. Гудамжаар нь зэрлэг нохой бэлчиж байна гэх зэрэг тулгамдсан асуудал маш ихтэй. Эдгээрийг л нэн тэргүүнд засаж сайжруулах сан гэж бодож байна даа.
-Нийслэлийн ИТХ-ын сонгуульд нэр дэвшиж буй хүмүүсийн мэтгэлцээн ид үргэлжилж байх шиг. Та мэтгэлцээнд оролцож амжив уу?
-Мэтгэлцээнүүдийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр үнэ төлбөргүй явуулна гэсэн. Гэтэл үнэн чанартаа эрх барьж байгаа намын бодлогыг илүүтэй сурталчлах хандлагатай байна. МҮОНТ-ийн мэтгэлцээнд би оролцсон юм. Гэтэл “Дэгээ барина шүү” гэх зэргээр ярих сэдвийг минь илт хязгаарласан. Ер нь жижиг намаас нэр дэвшигчид мэтгэлцээнд оролцох боломж хомс байна.
-Зорилтот бүлгийн буюу хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст тулгамдаж буй гол асуудал нь юу вэ?
-Тэд зүгээр суухгүй, ажил хөдөлмөр эрхэлж байна. Хоолныхоо мөнгийг олох гээд тэтгэвэр, халамжийн мөнгөө зээлж, ТҮЦ, дэлгүүр ч түрээслэн ажиллуулж байгаа. Мэдээж тулгамдсан асуудал олон бий шүү дээ. Тийм асуудлуудыг нь шийдүүлэхээр холбогдох байгууллагад олон удаа хандаж, албан шаардлага ч өгч үзлээ. Гэвч албаныхан шийдвэрлэж байгаа нэрээр нүглийн нүдийг гурилаар хуурсаар ирсэн. Ер нь зөвхөн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн бус, нийт Монгол Улсын минь ирээдүй улам бүрхэг болж байна. Иргэд төрдөө итгэхээ больчихсон. Итгэх ч аргагүй болчихсон. Энэ нь даамжирсаар, иргэд санал, шүүмжлэлээ ч хэлэхээ больчихсон нь хамгийн харамсалтай.
-Сонгуулийн сурталчилгаагаа хийхэд өртөг зардал чамгүй их гарч байна уу?
-Сонгуулийн сурталчилгаагаа өөрөө хийгээд, иргэдтэй уулзаж, санал хүсэлтийг нь сонсож явна. “Мөнгөгүй сонгууль, сэтгэлгээний хувьсгал хийх” уриа, зорилго дэвшүүлсэн. Мөн найз нөхөд, үр хүүхдүүд минь чин сэтгэлээсээ тусалж байгаа. Манай холбооны гишүүн, хөгжлийн бэрхшээлтэй нэгэн иргэний хүүхэд дэмжиж буйгаа илэрхийлээд, штабын байр үнэгүй гаргаж өгөх жишээтэй. Би хөдөлмөрийн чадвараа алдсаны тэтгэмжийн мөнгөө зургаан сараар зээлж, сонгуулийн ажилдаа зориулсан. Миний хувьд нэр дэвшээд заавал ялна гэхээсээ сурталчилгааны өдрүүдэд хүмүүст өөрийгөө танилцуулаад, үзэл бодлоо илэрхийлэх нь илүү сайхан санагдаж байна.
-Олон нийтэд, ялангуяа сонгогчдод хандаж юу хэлэх вэ?
-Хүчтэй сөрөг хүчинтэй болохоос өөр сонголт манай улсад алга гэдгийг ойлгоосой. Ерөөсөө л хүчтэй сөрөг хүчин дутагдаад байна. Монгол төрийн сэнтийг хувьчилж авсан намуудаар эрх бариулж, тусгаар тогтнол, эрх чөлөөгөө чөдөрлүүлсээр байх уу гэдгийг бодож сонголтоо хийгээсэй гэж хүсье.