Дэлхийн хамгийн том цөлүүдийн нэг Таклимаканд хэрэгжүүлсэн “Desert poplar spirit” төслийн үр дүн олны анхаарлыг татаад байна. Энэхүү төсөл нь хуурай, хүнд нөхцөлд амьдрах чадвартай цөлийн улиасны үржил, хамгааллыг дэлхий дахинд танилцуулж, элсэн цөлд ч ногоон байгууламж бий болгох боломжтойг харуулсан аж.
Сүүлийн нэг жилийн хугацаанд хэрэгжүүлсэн төслийн хүрээнд Таклимаканы захад 160 га талбайд ногоон байгууламж бий болгож, 3000 км үргэлжлэх ногоон бүсийг цогцлоожээ. Тус ногоон байгууламжийн ихэнхийг нь цөлийн улиас (populus euphratica) эзэлж буй гэнэ.
Цөлийн улиасыг амьд, чулуужсан ургамал гэж нэрлэдэг. Энэ нь 45 хэм хүртэлх халуунаас 20 хэм хүртэлх хүйтэнд тэсвэртэй, давстай хөрс, элсэн шуурганд ч ургах чадамжтайгаараа онцлог. Үндэс нь гүнзгий, хатуу бүтэцтэй тул элсний нүүдлийг сааруулж, амьд экосистем үүсгэх суурь болдог ажээ. Тиймээс цөлжилттэй тэмцэх, шувуу, амьтдын төрөл, зүйлийг хамгаалах, хөрсний чийгийг тогтоон барих зорилгоор Таклимаканд уг модыг олноор нь тарьжээ. Ташрамд дурдахад, төслийн хүрээнд БНХАУ-ын Арал хотын Тарим их сургуулийн профессор Ли Жижү тэргүүтэй нутгийн иргэд, судлаачид хамтран генетикийн 4000 гаруй дээж цуглуулж, төрөл, зүйлийн судалгаа, нөөцөд үнэтэй хувь нэмэр оруулжээ. Дэлхийн бусад улс орон ч цөлжилттэй үр дүнтэй тэмцэхийн тулд цөлийн улиасыг тарьж ургуулах боломжтойг дээрх төслийнхөн хэллээ.