Дундговь аймаг “Эрүүл Дундговь” дэд хөтөлбөрийн хүрээнд ерөнхий боловсролын бүх сургууль, цэцэрлэг болон политехник коллежийн дотуур байранд аяга, таваг ариутгагч зориулалтын төхөөрөмж хүлээлгэн өгчээ. Тодруулбал, орон нутгийн хөгжлийн сангаас 271 сая төгрөгийн санхүүжилтээр 40 багц аяга, таваг угаагч, ариутгагч төхөөрөмж худалдан авч, 17 сургууль, 19 цэцэрлэг, гурван дотуур байр болон политехник коллежийн дотуур байранд олгосон байна. Ингэснээр Дундговь бүх сургууль, цэцэрлэгийг аяга, таваг угаагч, ариутгагч төхөөрөмжөөр бүрэн хангасан анхны аймаг болжээ. Бусад аймгийн боловсролын байгууллагынхан хүүхдийн хоолны үйлчилгээ, аюулгүй байдалд анхаарч буй ч ингэж бүрэн шинэчилж чадаагүй гэнэ. Эл үйл ажиллагааны үр дүнд хүүхдүүд гэрээсээ аяга, тавгаа авчрах шаардлагагүй болж, цүнхний жин буурч, эрүүл ахуйн нөхцөл сайжран, хеликобактерын халдвараас сэргийлэхийн зэрэгцээ гал тогооны ажилчдын ачааллыг хөнгөвчлөх боломж бүрджээ. Тэгвэл улсын хэмжээнд хэчнээн сургууль, цэцэрлэг аяга, таваг ариутгагч төхөөрөмжтэй, эсэхийг Боловсролын яамны Хоол үйлдвэрлэлийн хэлтсийн мэргэжилтнээс лавлахад “Төрийн өмчийн ерөнхий боловсролын 700 гаруй сургуулийн гуравны нэг буюу 200 нь зориулалтын төхөөрөмжтэй. Төслийн хүрээнд 100 гаруй сургуулийг аяга, таваг угаагч, ариутгагчтай болгохоор ажиллаж байна. Харин бүх цэцэрлэгийг ийм төхөөрөмжтэй болгохоор нийслэлийн төсөвт хөрөнгийг нь суулгасан” гэв.
Ч.Болор