Татвар төлөгчдийн мөнгийг хяналтгүйгээр урсгаж, төсвийг үр ашиггүй зарцуулсныг Үндэсний аудитын газар, Төсвийн тогтвортой байдлын зөвлөлөөс илболголоо. Тодруулбал, Үндэсний аудитын газраас Засгийн газрын 2024 оны санхүүгийн нэгтгэсэн тайлан, нэгдсэн төсвийн гүйцэтгэлд хийсэн аудитын тайланг өнгөрсөн долоо хоногт УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаанд танилцуулсан. Засгийн газрын болон төсвийн захирагчдын санхүүгийн тайланд хийсэн аудитаар нийт 15 их наяд 719.9 тэрбум төгрөгийн алдаа, зөрчил илэрсэн байна. Энэ нь өмнөх оныхоос долоон их наяд 582.5 тэрбум төгрөгөөр буюу 93.2 хувиар өссөн дүн гэнэ. Үүнээс, санхүүгийн тайлангийн аудитаар илэрсэн алдаа, зөрчил хоёр их наяд 941.9 тэрбум төгрөгөөр буюу 48 хувиар, нийцлийн аудитаар илэрсэн зөрчил дөрвөн их наяд 623 тэрбум төгрөгөөр буюу 229.9 хувиар тус тус өсжээ. Илэрсэн алдаа, зөрчлийн дүн нь улсын нэгдсэн төсвийн нийт зарлагын 50 орчим хувьтай тэнцэж буйюм. Энэ нь төсвийн захирагч нар төсөв, санхүүгийн хууль, тогтоомжийг мөрддөггүйгээс гадна төсөв, санхүүгийн сахилга бат алдагдсаныг илтгэсэн томоохон баримт юм.
Цаашид төсөв, санхүүгийн хяналт, шалгалтын эрх зүйн орчныг сайжруулах, хууль тогтоомж зөрчигчид хүлээлгэх хариуцлагыг чангатгах шаардлагатайг Төсвийн тогтвортой байдлын зөвлөлөөс санууллаа. Өөрөөр хэлбэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлан, Төв төрийн сан, Нийгмийн даатгалын сан (НДС), Эрүүл мэндийн даатгалын сан (ЭМДС)-гийн санхүүгийн тайлан, улсын болон орон нутгийн төсвийн 61 ерөнхийлөн захирагчийн 7000 орчим тайланд дүн шинжилгээ хийхэд ийм хэмжээний зөрчил илэрсэн байна.
Засгийн газрын 2024 оны санхүүгийн мөнгөн орлогын дүн өмнөх жилийнхээс 25 их наяд 336 тэрбум төгрөгөөр буюу 46.27 хувиар нэмэгдсэн сайн мэдээтэй. Гэвч үүнийг иргэдийн халааснаас буюу татвар нэмж бүрдүүлжээ. Аудитын дүгнэлтэд “Хүн амын орлогын албан татвар 741.4 тэрбум төгрөг буюу 39.3 хувиар, аж ахуйн нэгжийн орлогын албан татвар хоёр их наяд 455.2 тэрбум төгрөг буюу 59.8 хувиар, нийгмийн даатгалын шимтгэлийн орлого 64.6 тэрбум төгрөг буюу 16.4 хувиар, нэмэгдсэн өртгийн албан татварын орлого нэг их наяд 083.9 тэрбум төгрөг буюу 22.7 хувиар, онцгой албан татвар 308.8 тэрбум төгрөг буюу 39.1 хувиар, нийтлэг татварын бус орлого 19 их наяд 347 тэрбум төгрөг буюу 62.05 хувиар өссөн нь нөлөөлсөн” гэжээ. Татварын орлогыг нэмэхээс илүүтэй нийтлэг бус татварын орлогыг ихэсгэхэд анхаарах шаардлагатайг аудиторууд зөвлөсөн юм.
Засгийн газрын 2024 оны санхүүгийн нэгтгэсэн тайланд дурдсан зөрчлөөс онцлоход Монголбанкнаас тогтоосон банкны үйл ажиллагааны зохистой харьцааны шалгуур үзүүлэлтийг хангаагүй “Чингис хаан”, “Үндэсний хөрөнгө оруулалтын банк”-нд байршуулсан байгууллагуудын нийт 256.9 тэрбум төгрөгийн мөнгөн хөрөнгөд эрсдэл үүссэн асуудлыг эцэслэн шийдвэрлээгүй, төрөөс иргэдийн боловсрол, хөдөлмөр эрхлэлт, бизнесийг дэмжих зорилгоор Засгийн газрын тусгай сангуудаас олгосон зээл болон эргэн төлөгдөх нөхцөлтэй дэмжлэгээс 96.5 тэрбум төгрөг нь чанаргүй зээлийн ангилалд багтсан, 212.4 тэрбум төгрөгийн үлдэгдэл эргэн төлөгдөөгүй, хугацаа хэтэрсэн зэргийг дурдсан байна.
НИЙГМИЙН ДААТГАЛЫН САНГИЙН ӨР 42.8 ТЭРБУМААР ӨСЖЭЭ
Нийгмийн даатгалын сангийн мөнгөн хөрөнгийн дансны үлдэгдэл нэг их наяд 430.8 тэрбум төгрөг болж, өнгөрсөн оныхоос 182.4 тэрбумаар өссөн байна. Ингэж өссөн нь ХААН, “Худалдаа хөгжлийн банк”, “Голомт”, “Төрийн банк” дахь тэтгэврийн нөөц сангийн харилцах дансанд 215.3 тэрбум төгрөг байршуулсан, тэтгэмжийн даатгалын сангийн харилцах 125.6 тэрбум төгрөг, төвлөрсөн харилцах 20.7 тэрбум төгрөгөөр нэмэгдсэнээс тус тус шалтгаалсан талаар тайланд бичжээ. Гэвч нийгмийн даатгалын сангийн нийт өр төлбөрийн үлдэгдэл 89.1 тэрбум төгрөг болж, 42.8 тэрбумаар өссөн гэнэ. Харин Үйлдвэрийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчний даатгалын сангийн харилцах 93.7, тэтгэврийн даатгалын сангийн харилцах 91.8, ажилгүйдлийн даатгалын сангийн харилцах нэг тэрбум төгрөгөөр тус тус буурсан байна. Тухайлбал, “Чингис хаан” банкнаас 94.9 тэрбум төгрөгийг нийгмийн даатгалын санд төвлөрүүлэхээс 1.5 тэрбум төгрөгийг л барагдуулсан аж. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 181 дүгээр шийдвэрийг бүрэн хэрэгжүүлээгүй, Монголбанкнаас “Чингис хаан” банкийг татан буулгах шийдвэр гараагүй тул санхүүгийн тайланд авлагаар бүртгэх эрх зүйн орчин бүрдээгүйг аудитаар “илрүүлсэн” байв.
ЭМДС-ГИЙН ХӨРӨНГӨ 4.8 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР БУУРАВ
Эрүүл мэндийн даатгалын сан дампуурахдаа тулж, эмнэлгийн үйл ажиллагаа доголдож эхлээд буй. Эрүүл мэндийн даатгалын сангийн мөнгөн хөрөнгийн үлдэгдэл 156.2 тэрбум төгрөг болж, өмнөх оныхоос 4.8 тэрбумаар буурсныг аудитын дүгнэлтээс харж болно. Үүний 54.7 тэрбум төгрөгийг арилжааны, 101.5 тэрбум төгрөгийг төрийн сангийн дансанд байршуулсан аж. Мөн л шүүхээс “Чингис хаан” банк дахь ЭМДС-гийн харилцах дансны 27.9 тэрбум төгрөгийн үлдэгдлийг тус банкаар төлүүлэхээр шийдвэрлэснээс 0.3 тэрбумыг л барагдуулжээ. Гэтэл шүүхийн шийдвэрээс хойш гурван тэрбум төгрөгийн хүү нэмэгдсэнээр нийт 30.6 тэрбум төгрөг эрсдэлтэй нөхцөлд байгааг тайланд онцолж. Мөн ЭМДС-гийн нийт өр төлбөр 316.8 тэрбум болж, өмнөх оноос 98.5 тэрбум төгрөгөөр өсжээ.
САЙД, ДАРГАНАРЫН “ХАЛААС” ТҮНТИЙСЭН НЬ
Улсын төсвийн ерөнхийлөн захирагч буюу сайд, дарга нарын мөнгөн хөрөнгө есөн их наяд 476.7 тэрбум төгрөг болж, өмнөх оныхоос нэг их наяд 825 тэрбум төгрөгөөр өссөн байна. Гэвч эл мөнгийг эрх мэдлийнхээ хүрээнд зүй зохистой ашиглаагүй, алдаа зөрчил гаргасныг аудитын байгууллагаас илчилсэн. Тухайлбал, тэд 33.8 тэрбум төгрөгийг зориулалт бусаар, үр ашиггүй зарцуулсан аж. Үүнээс Гадаад хэргийн сайд найман тэрбум төгрөгийг салхинд хийсгэжээ. ХХААХҮ-ийн сайд 6.4, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд зургаан тэрбум төгрөгийг үр ашиггүй зарцуулсан гэнэ. Түүнчлэн Шадар сайд, Боловсролын сайд тус бүр 2.8, Зам, тээврийн сайд 2.4 тэрбум төгрөг, бусад төсвийн ерөнхийлөн захирагч 5.4 тэрбум төгрөгийг үрэн таран хийсэн байна. Эдгээр сайд нарт хариуцлага тооцох хэрэгтэйг УИХ-ын зарим гишүүн нэгдсэн хуралдааны үеэр хэлсэн юм.
аудитад ач холбогдол өгөх ёстой. Гэтэл манайхан үүнд ач холбогдол өгдөггүй. Яагаад гэхээр эл аудитаар албан тушаал, акт зэрэг ямар нэгэн шийдвэр гаргадаггүй, явцыг дүгнэж, зөвлөгөө өгдөг юм. Гэсэн ч үүний дагуу ажлаа хийгээд явбал ирэх хоёрдугаар сард болох аудит хүртэл зөрчлөө арилгах боломжтой. Засгийн газар, төсвийн ерөнхийлөн захирагч нар өмнө нь гаргасан алдаа, дутагдал, зөрчлүүдийг засах ёстой. 2024 оны санхүүгийн тайланд гаргасан алдаа, зөрчлийг 2025 оны аудитаар дахин давтвал хатуу хариуцлага ярихаас өөр аргагүй. Засаж залруулж болох зүйлийг давтаад буй нь цаанаа өөр асуудалтай байхыг үгүйсгэхгүй” гэлээ.
ӨМНӨХ ДҮГНЭЛТИЙН 57.2 ХУВИЙГ Л БИЕЛҮҮЛСЭН БАЙНА
Илжигний чихэнд алт хийсэн ч сэгсэрнэ, ус хийсэн ч сэгсэрнэ гэдэг шиг Засгийн газар, яам, тамгын газрын, дарга нар иргэдийн татварын мөнгөөр тансаглаж, энэ нь хэрээс хэтэрснийг мэргэжлийн байгууллагуудын гаргасан олон тоо, баримт харуулсаар атал жишим ч үгүй суусаар. Үүний нэг жишээ нь, Засгийн газрын 2023 оны санхүүгийн нэгтгэсэн тайлангийн аудитаар илэрсэн алдаа, зөрчлийг арилгуулахаар Ерөнхий сайдад дөрөв, Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайдад нэг, Сангийн сайдад тав, нийт 10 зөвлөмж өгсөн байна. Аудитын шийдвэрийг хэрэгжүүлсэн, эсэхийг хянаж, үнэлэхэд дунджаар 57.2 хувийг нь л биелүүлжээ. Жишээ нь, Ерөнхий сайдад өгсөн дөрвөн зөвлөмжийн хэрэгжилт хангалтгүй байж. Харин энэ удаа Ерөнхий сайдад зургаа, Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн болон Сангийн сайдад тус бүр гурав гурван зөвлөмж хүргүүлжээ.
Орон нутгийн төсвийн 22 ерөнхийлөн захирагчийн санхүүгийн нэгтгэсэн тайланд хийсэн аудитаар өөрчлөлтгүй 12, хязгаарлалттай есөн дүгнэлт гаргажээ. Тодруулбал, Баян-Өлгий, Говь-Алтай, Говьсүмбэр, Дундговь, Өмнөговь, Сүхбаатар, Сэлэнгэ, Төв, Ховд аймгийн Засаг дарга нарын санхүүгийн тайланд алдаа, зөрчил гарсан бол Булганыханд ноцтой “но” илэрсэн аж. Хариуцлага тооцуулах албан шаардлагыг эрх бүхий албан тушаалтанд хүргүүлсэн тухай тайланд онцолжээ. Монголбанкнаас тогтоосон банкны үйл ажиллагааны зохистой харьцааны шалгуур үзүүлэлтийг хангаагүй “Үндэсний хөрөнгө оруулалтын банк”-нд 2.2 тэрбум төгрөгийн мөнгөн хөрөнгө байршуулсан гэнэ. Батлагдсан төсвийг зориулалт бусаар, үр ашиггүй зарцуулсан 6.6 тэрбум төгрөгийн зөрчил илрүүлснээс Дорнод аймаг нэг, нийслэл 3.2 тэрбум төгрөг гэх мэтээр тайланд дурджээ. Түүнчлэн өнгөрсөн онд нийт 22 байгууллага, төрийн 594 албан хаагчийг нэмж, цалинжуулсан, орон нутгийн нэмэгдэл буюу 20-40 хувийн урамшууллыг төрийн 105.2 мянган албан хаагчид 308 тэрбум гаруй төгрөг зарцуулсан байна. Энэ нь төрийг улам данхайлгаж, төсвийг үрэлгэн зарцуулахад багагүй нөлөөлжээ.
ЗАСГИЙН ГАЗАР ЗЭЭЛИЙН ХҮҮД 39.4 ТЭРБУМЫГ ТӨЛЖЭЭ
Өр нэмж, үр ашиггүй хөрөнгө урсгасан Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар огцорсон ч хуулийн хүрээнд хариуцлагаас хэн ч мултрах эрхгүй. Тухайлбал, гадаадаас авсан зээлээ ашиглаж чадаагүй хэрнээ хүүд нь хэдэн тэрбумыг төлжээ. Үндэсний аудитын газрын дүгнэлтэд “Засгийн газар 24.4 их наяд төгрөгийн зээл, тусламж авах гэрээ байгуулснаас 13.3 их наяд төгрөгийг нь ашиглаагүй ба 39.4 тэрбумыг амлалтын хүүд төлсөн нь төсөвт санхүүгийн дарамт болж, зайлшгүй шаардлагатай төсөл, хөтөлбөрүүдэд зарцуулах боломжийг хязгаарлаж байна” гэжээ. Мөн Засгийн газрын гадаад зээл, тусламжаар хэрэгжүүлж буй 138 төсөл, хөтөлбөрийн 2024 оны санхүүгийн тайланд хийсэн аудитаар нийт 642.5 тэрбум төгрөгийн алдаа, зөрчлийг илрүүлсэн аж. Энэ мэтээр Засгийн газрын жил бүрийн төсвийн гүйцэтгэлийг гаргаж, яам, салбар, чиглэл төсвийн ерөнхийлөн захирагч болгоноор дүгнэж, зөрчил, алдаа дутагдлыг нь нээлттэй гаргачихлаа. Одоо хуулийг хэрэгжүүлэгчид онцгойлон анхаарч, ажиллах зайлшгүй шаардлагатай. Эрх мэдэлтэн, албан тушаалтнуудын хариуцлагагүй байдлыг ил болгосон энэхүү баримт бичгийг үнэгүйдүүлдэг явдал хэвийн үзэгдэл мэт болсон тул үүнийг УИХ анхааралдаа авах хэрэгтэйг Ерөнхий аудитор С.Магнайсүрэн хэлсэн юм. Өөрөөр хэлбэл, тэрбээр жил болгон давтагддаг алдаа, зөрчлийг багасгахын тулд УИХ тогтоол гаргах шаардлагатай гэж үзэж буй аж. Мөн аудитаар өөрчлөлттэй болон дүгнэлт гаргуулахаас татгалзсан газруудын эрх бүхий этгээдэд хариуцлага тооцно гэв. Эрүүгийн болон гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй зөрчлүүдийг арилгуулахаар Улсын ерөнхий прокурорт шилжүүлэх юм байна.