Манай улсад хөдөлмөрийн гэрээгээр өнгөрсөн оны байдлаар 102 орноос 9400 хүн ажиллаж байгаа аж. Энэ нь 2024 оныхоос 17.3 хувиар өссөн дүн бол 2022 он буюу гурван жилийн өмнөхөөс гурав дахин нэмэгдсэн үзүүлэлт болжээ. Гадаад ажилчдын олонх нь цалин хөлс авч орлого олох зорилготой бол багахан хэсэг нь сайн дурын ажил эрхэлж байна. Тэдгээрийн 60 хувийг БНХАУ-ын иргэд, зургаан хувийг нь филиппинчүүд эзэлж байгааг Үндэсний статистикийн хорооны тайланд дурджээ. Түүнчлэн нийт ажилтны 36 орчим хувь нь мэргэжилтэн бол 22 хувь нь техникч болон дэд мэргэжилтнүүд юм. Гадаад ажилчдын хамгийн олон нь буюу 30 гаруй хувь нь уул уурхайн олборлолтын салбарт ажилладаг. Манай улсад ажиллаж буй гадаад иргэдийн 83.7 хувь нь эрчүүд аж.