Ардчиллын төлөөх бүх хүчний нэгдсэн жагсаал. Энэ өдөр хоёр сая гаруй иргэнтэй Монгол Улсад анх удаа олон зуун мянган хүнийг хамарсан өргөн хэмжээний жагсаал цуглаан болжээ. Иргэд өөрсдийн хүсэл зориг, үзэл санаагаар сайн дураараа нэгдэн цугласан нь тухайн үеийн нийгмийн амьдралд онцгой үйл явдал байв. 1990 оны гуравдугаар сарын 4. С.Цацралт
Цаг хугацаа улиран одож, нийгэм өөрчлөгдсөн ч гэрэл зураг тухайн агшныг мөнхлөн үлдээдэгээрээ онцлог. Ялангуяа баримтат гэрэл зураг нь өнгөрсөн цагийн гэрч, түүхийн амьд архив билээ. Монгол Улс зах зээлийн нийгэмд шилжсэнээс хойших 30 жилийн түүхийг “Гамма” агентлагийн дуранд буусан мянга мянган бүтээлээс тольдох боломжтой.
С.Цацралт, Ц.Батзориг, Л.Ганзориг нар 1996 онд Монголын анхны хувийн гэрэл зургийн агентлагийг байгуулж, шинэ салбарын эхлэлийг тавьсан түүхтэй. Тус хамт олон нийгэм, улс төр, соёл урлаг, спортын гээд Монголын амьдралын бүхий л өнгө төрхийг гэрэл зургийн хальснаа буулгаж, үе үеийн түүхийг тасралтгүй баримтжуулсаар ирсэн аж.
Хагас жарны турш хуримтлуулсан баялаг архиваасаа 540 гаруй бүтээлийг шилж сонгон “Гамма 30” номыг эрхлэн гаргасан нь өнгөрсөн 30 жилийн онцлох үйл явдал, ховор агшнуудыг нэг дор цогцлоожээ. Мөн уг номоос 200 гаруй зургийг дээжлэн Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд дэлгэж, олны хүртээл болгож буй.
Нэгэн цагт гэрэл зурагчдын дуранд өртсөн хүмүүс, хотын төрх, нийгмийн шилжилт өдгөө бидний туулсан замналын бодит гэрч болжээ. Ингээд “Гамма” агентлагийн 30 жилийн түүхийг өгүүлэх онцлох гэрэл зургуудаас уншигчдадаа толилуулъя.

Явуулын эмнэлэгт шүдээ авахуулж буй иргэн. Ховд аймаг. 2022 он. Б.Инжинааш

Монголын төр Гадаадад ажиллах хүч илгээх төвийг шинээр байгуулж, БНСУ-д ажиллах сонирхолтой 15 мянган хүнийг бүртгэнэ хэмээн зарлав. Зарласан мөчөөс эхлэн залуус мянга мянгаараа бүртгэх газрын гадаа дугаарласан юм. Төв цэнгэлдэх хүрээлэн, Улаанбаатар. 2007 он. Б.Рэнцэндорж
ХЗДХ-ийн сайд асан Х.Нямбаатар Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг хэвлэл мэдээллийнхэнд хүргэхийн өмнө. 2023 он. Д.Занданбат

С.Зоригын хөшөөг буцааж байгаа нь. 2026 он. Б.Рэнцэндорж

Хүнсний дэлгүүр. 1995 он. Л.Ганзориг

Хүүхдийн хаяг тогтоох төв. Амгалан, Улаанбаатар. 1998 он Л.Элбэгзаяа

Нүүрсний хулгайн эсрэг жагсаалын сүүлийн өдөр. 2022 он. Д.Занданбат

Төрийн ордон. 2006 он. Б.Нямгэрэл

Хүний хөгжил сангийн халамжид оочирлож буй нь. 2012 он. Б.Рэнцэндорж

“Алтан Дорнод Монгол” компанийн уурхайд “нинжа” нар нэвтэрч, алт олборлож байна. Заамар сум, Төв аймаг. 2005 он. Б.Рэнцэндорж

Мориноос унасан хүүхэд. 2015 он. Д.Давааням