Инженер болох хүүхэд байгалийн, хуульчаар суралцах нь нийгмийн ухааны чиглэлээр ахлах ангиасаа эхлэн гүнзийрүүлэн судлах нь чадварлаг мэргэжилтэн бэлтгэхэд тустай байж мэднэ. Гэхдээ эл боломжийг зөвхөн төрөлжсөн ахлах сургуулиар дамжуулан олгоно гэж байгаа нь хэр оновчтой шийдэл бол. Тодруулбал, манай улс анх удаа төрөлжсөн ахлах сургуулиудыг шинээр байгуулж, үйл ажиллагааг нь эхлүүлээд байна. Улсын хэмжээнд төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн 77 хувь нь 1-12 дугаар ангийн бүтэцтэй үйл ажиллагаа явуулж ирсэн. Тэгвэл энэ хичээлийн жилээс төрөлжсөн ахлах сургуульд зөвхөн 10-12 дугаар ангийн сурагчид суралцах юм. Гэхдээ бүгд биш. Өөрөөр хэлбэл, төрөлжсөн ахлах сургуульд суралцагчид тухайнмэргэжлээр гүнзгийрүүлэн судлах хүсэл, зорилготой байх нь эхний шалгуур. Үүнийг давлаа ч хүртээмжийн асуудал тээг учруулна. Нэг ёсондоо манай улсад төрийн өмчийн 800 орчим сургууль үйл ажиллагаа явуулж буйгаас одоогийн байдлаар 11 төрөлжсөн ахлах сургууль байна. Цаашид ийм сургуулийг дүүрэг бүрд дор хаяж 2-3-ыг, аймгийн төв болгонд мөн байгуулна хэмээн нийслэлийн Боловсролын газрынхан хэлсэн.
Энэ нь тухайн жил суралцаж буй ахлах ангийн сурагчдын хэдэн хувьд нь хүртээмжтэй байх нь одоогоор тодорхой бус. Тэгвэл яагаад төрөлжсөн ахлах сургууль байгуулах хэрэгцээ, шаардлага үүсэв гэдэг асуулт зүй ёсоор гарч буй. Энэ тухайд Боловсролын сайд Л.Энх-Амгалан “Ахлах боловсролын тогтолцоог шинэчлэх хүрээнд төрөлжсөн ахлах сургуулиудыг гурван үндсэн чиглэлээр хөгжүүлнэ. Үүнд олон улсын хөтөлбөртэй, их, дээд сургуулийн харьяа болон сонгон судлах хичээлээр төрөлжсөн ахлах сургууль багтаж буй. Зорилго нь сурагч бүрд өөрийн сонирхол, авьяас, цаашид эзэмших мэргэжилтэйгээ уялдуулан хичээлээ сонгох, ахлах ангиасаа гүнзгийрүүлэн суралцах боломж олгох юм. Ингэснээр сурагчид их, дээд сургуульд элсэн суралцах академик бэлтгэлээ хангаж, цаашлаад гадаадад 2+2, 3+1 хөтөлбөрөөр үргэлжлүүлэн суралцах боломж бүрдэнэ” хэмээн тайлбарласан.
Салбарын сайдынх нь хэлснээр бол төрөлжсөн ахлах сургуулиуд сурагч бүрд өөрийн хүсэл сонирхол, авьяасаа нээх боломж олгох гэнэ. Гэтэл одоогийн байдлаар төрөлжсөн ахлах сургууль байгуулж буйг ч дуулаагүй эцэг, эх, хүүхдүүд олон. Тэд тухайн сургуульд суралцах нь бүү хэл, сургийг нь ч дуулаагүй яваа. Нийслэлийн есөн дүүрэг болон 18 аймагт ийм төрөлжсөн сургууль байгуулахаар төлөвлөсөн байна. Тэдгээрт сурахын тулд хүүхдүүд гэрээсээ багагүй зам туулж хүрнэ. Энэ нь Л.Энх-Амгалан сайдын “Гэрт ойрхон сургууль бол хамгийн сайн сургууль” гэж хэлсэн “философи”-оос нь зөрж буй. Гэртээ ойрхон биш, илүү сургалт сайтайд нь хошуурсаар хотын төвийн нэр нөлөө бүхий, төрийн хэвшлийн сургуулиуд ачааллаа дийлэхгүйд хүрснийг хэн хүнгүй л мэддэг. Үүнийг “задалж”, сургууль бүрийг сайн багштай, чанартай сургалттай болгохын оронд төрөлжүүлснээр бүгд ижил гараанаас тэгш боломжоор өрсөлдөх байдлыг үгүйсгэж орхив уу. Эл асуултад Нийслэлийн Боловсролын газрын дарга Б.Амартүвшин ийн хариуллаа. Тэрбээр “Социалист системийн сул тал нь бүгдийг ижил тэгш байлгах гэсэн явдал. Хүн бүр төрөхөөсөө өөр өөр хэрэгцээ, шаардлагатай байдаг. Тухайлбал, инженер болох гэж байгаа хүүхдийг өөр мэргэжлээр сурах хүсэлтэй сурагчидтай хамт ижилхэн зүйл зааж, нэг ангид сургах нь хохироож буй хэлбэр. Иймд төрөлжсөн ахлах сургуульд суралцагчдыг зорилгоор нь нэгтгэх юм” гэв. Харин Сэлэнгэ аймгийн багш Д.Мөнхбаатар “Тухайн аймгийн төвийн хамгийн сайн багш нарыг төрөлжсөн сургуульд ажиллуулах байх. Есдүгээр анги төгссөн сурагчдаас элсэлтийн шалгалт авч, тэнцсэнийг нь элсүүлж, тэнцээгүйг нь коллеж, мэргэжил сургалтын төвүүдэд сургавал чадварлаг мэргэжилтэн төрүүлэх болов уу. Ингэж чадвал ерөнхий боловсролын сургуульд үүсээд буй сурлагын хоцрогдол, сурагчдын хичээлдээ хандах хандлага гээд олон зүйлд эерэг өөрчлөлт гарах байх” гэв.
НЭГ СУРАГЧИЙН ХУВЬСАХ ЗАРДАЛ 2.4-5.5 САЯ ТӨГРӨГ
Баянзүрх, Хан-Уул, Баянгол дүүрэг болон Баян-Өлгий, Хөвсгөл, Төв аймагт төрөлжсөн ахлах сургуулийг нээгээд байна. Тухайлбал, Төв аймагт математик, байгалийн ухааны чиглэлээр “Эрдэмт ирээдүй” төрөлжсөн ахлах сургууль нээсэн бөгөөд бага, дунд, ахлах боловсролыг нэгтгэн цогцолбор хэлбэрээр байгуулж, нийт 640 хүүхэд хүлээн авах гэнэ. Мөн Баян-Өлгий аймгийн төвд төрөлжсөн ахлах сургууль байгуулж, 10-12 дугаар ангийн 10 бүлэгт 285 суралцагч суралцаж буй аж. Мэдээллийн технологи, математик, англи хэлний чиглэлээр төрөлжсөн сургалт явуулах гэнэ. Мөн багш мэргэжлийг сонирхсон суралцагчдад зориулан сонгоны бүлэг ажиллуулж буй аж. Харин нийслэлд тэр дундаа Хан-Уул дүрэгт анх удаа төр, хувийн хэвшлийн төрөлжсөн ахлах сургууль байгуулжээ. Өөрөөр хэлбэл, Хан-Уул дүүргийн 21 дүгээр хорооны нутаг, “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудал орчимд байрлах “Эрдэм Нова” сургууль төрөлжсөн ахлах сургуулийн бүтцээр үйл ажиллагаа явуулж эхэлсэн байна.
Тус дүүргийн таван сургуулийн ахлах ангийн нийт 500 орчим сурагч уг сургуульд зорилгоо тодорхойлсон эсээ илгээж, математик, байгалийн ухааны чиглэлээр гүнзгийрүүлэн суралцахаар болжээ. Нэрэн дээрээ илгээсэн эсээгээр нь сурагчдыг сонгосон гэх ч нэдэр дээрээ юу болж өнгөрснийг таашгүй. Учир нь тухайн сургуульд суралцах хүүхдийн нэрсийг “цаанаас нь” өгсөн гэх мэдээлэл бий. Төрөлжсөн ахлах сургууль нь харьяалал үл харгалзан, цаашид мэргэшихийг хүсэж буй чиглэлд нь тулгуурлан академик мэдлэг, ур чадварыг эртнээс эзэмшүүлнэ гэж албаныхан онцолсон. Гэвч энэ нь нийт бус, хэсэг хүүхдэд л илүү таатай орчинд шаардлагатай тоног төхөөрөмж, лаборатори ашиглан, нэг ангид цөөхүүлээ хичээллэж, цаашлаад их, дээд сургуулийн багш нараас ч номын дуу сонсох боломж олгож буй хэлбэр юм. Энэ нь боловсролын тэгш бус байдлыг гааруулах эрсдэлтэйг багш, мэргэжилтнүүд ч хэлнэ лээ.
Хан-Уул дүүрэгт үйл ажиллагаа явуулж буй ерөнхий боловсролын сургуулиудын 70 хувь нь хувийн өмчийнх аж. Гэвч сурагчдын 30 хувь нь хувийнхад, үлдсэн 70 хувь нь улсын сургуульд сурдаг байна. Иймд хүүхэд цөөтэй хувийн сургуульд улсаас хувьсах зардал олгож, сурагчдыг төлбөргүй сургах нөхцөлөөр хангах нь зүйтэй гэж Боловсролын яам, харьяа газар, хэлтсийн мэргэжилтнүүд нь үзэж буй. Ингэхдээ төрөлжсөн ахлах сургуулийн хувьсах зардлыг улсын сургуульд нэг сурагч 2.4, хувийнхад 5.5 сая төгрөг байхаар тооцжээ. Энэ тухайд Боловсролын яамнаас тодруулахад нэг сурагчийн хувьсах зардал болох 2.4 сая төгрөг суурь үнэлгээ бөгөөд ямар хичээлээр төрөлжүүлэн сургахаас нь шалтгаалан төсөв нь нэмэгдэнэ гэв. Өөрөөр хэлбэл, үйл ажиллагаагаа эхлүүлж чадсанд нь улсаас төсөв олгохоор зохицуулсан байна.
ЗҮСЭЭ ХУВИРГАСАН ХУВИЙН СУРГУУЛЬ УУ
Төрөлжсөн ахлах сургуулийг гурван хэлбэрээр байгуулах гэнэ. Эдгээр нь их сургуулийн харьяа, олон улсын хөтөлбөртэй, төрөлжсан ахлах сургууль. Одоогийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын сургалтын хөтөлбөрийн 80 хувь нь заавал судлах, 20 хувь нь сонгон суралцах байдаг. Тэгвэл ахлах сургуульд 50 хувь нь заавал, 50 хувь нь сонгон судлах хичээл байх нь. Үүнийг кредит цагаар тооцвол их, дээд сургуулийн нэгдүгээр дамжаанд судалдаг багц цагийн 30 орчим хувийг эзлэх гэнэ. Нэг ёсондоо, ахлах ангидаа их сургуулийн оюутны эхний жилийн хичээлийг судалчихна гэсэн үг. Улсын хэмжээнд төрийн өмчийн зургаан их сургууль дэргэдээ лицей сургуультай. Үүний зэрэгцээ дүүрэг бүрд их сургуулийн харьяа ахлах сургууль байгуулж, багш нар сурагчдад хичээл заахаар төлөвлөжээ. Мөн ерөнхий боловсролын сургуулийн багш нар ч өөрсдөө зааж болох гэнэ. Удахгүй Сонгинохайрхан дүүрэгт төрөлжсөн ахлах сургууль байгуулах талаар албаныхан хэлсэн. Тухайн дүүрэгт гэхэд л 10-12 дугаар ангид суралцдаг 11 мянга гаруй хүүхэд бий гэнэ. Тэднээс ердөө 600 орчимд нь л эл сургуулийн босго алхах эрх үүсэх нь.
Мөн төрөлжсөн ахлах сургуулийн өөр нэг хэлбэр нь олон улсын хөтөлбөртэй байх аж. Одоогоор манай улсад “Шинэ эрин”, “Шинэ эхлэл” зэрэг Кэмбрижийн хөтөлбөртэй таван сургууль бий. Тэдгээрийг бүгдийг нь ахлах сургууль болгон бүтцийг өөрчлөхөөр болсныг нийслэлийн Боловсролын газраас мэдээлсэн. Өөрөөр хэлбэл, тэдгээр сургууль дунд ангиас элсэлт авахаа больж, бүгд ахлах сургуулийн статустай хичээллэх аж. Цаашид Хан-Уул дүүрэгт ХААИСийн, Өмнөговьд ШУТИС-ийн харьяа гэх мэтээр төрөлжүүлсэн ахлах сургууль байгуулахаар төлөвлөжээ. Эдгээрт улсын төсвөөс 15 тэрбум төгрөгийн тоног төхөөрөмж олгох, лаборатори байгуулах урьдчилсан тооцоо гарсан байна.
“Гэрт ойр сургууль” хөтөлбөрт зарцуулах 50 тэрбум төгрөгийн задаргаанд хувийн хэвшлийн, тэр дундаа Ерөнхий сайд Н.Учралын хамаарал бүхий сургуулийн нэр байсан нь багагүй шуугиан дэгдээсэн. Гэвч тэгсхийгээд намжсан бөгөөд үүний “уршгаар” төсвөөсөө хасуулсан хэмээн Боловсролын сайд гомдол мэдүүлдэг. Гэлээ ч төсвийн ерөнхийлөн захирагчдаас хамгийн өндөр төсөвтэй нь Боловсролын сайд Л.ЭнхАмгалан. 2027 оны улсын төсвийг эцэслэн батлахдаа боловсролын салбарт хамгийн их буюу 7.5 их наяд төгрөг баталсан. Өнгөрсөн онд 5.4 их наяд төгрөг баталж байв. Өмнөх жилээсээ даруй 2.1 их наядаар нэмэгдсэн төсвөөр боловсролын салбарыг өндийлгөж чадах, эсэх нь ерөнхийлөн захирагчийн эрх мэдлийн асуудал. Ямартаа ч энэ хичээлийн жилээс боловсролын салбарт урьд нь байгаагүй өөрчлөлт хийж, Сургуулийн өмнөх болон Бага боловсролын сургалтын хөтөлбөрийг шинэчлэхээс эхлээд сургуулийн бүтцийг дахин төлөвлөж, хотхоны бага болон төрөлжсөн ахлах сургуулийг байгуулж буй. Энэ нь боловсролын салбарт эрсдэл, эсвэл сэргэлт авчрах, эсэх нь одоогоор тодорхойгүй.
Олон улсад төрөлжсөн ахлах сургууль байгуулахыг дэмждэг. Төрөлжсөн боловсрол нь сурагчдад тодорхой чиглэлээр мэдлэг, ур чадвараа гүнзгийрүүлэх, дээд боловсрол болон хөдөлмөрийн зах зээлд бэлтгэх давуу талтай гэж үздэг. Гэхдээ төрөлжсөн ахлах сургууль байгуулахдаа сурагчдыг хэт эрт шалгалтаар ангилан ялгахгүй, суурь боловсролын агуулгыг орхигдуулахгүй, хот, хөдөө, орлогын ялгаанаас шалтгаалан боловсролын хүртээмж тэгш бус болохоос сэргийлэх, бусад сургуулийн сурагчдын чанартай боловсрол эзэмших боломжийг бууруулахгүй байхад анхаарахыг сануулдаг юм. Харин манай улсад боловсролын тэгш бус байдал хэдийн үүссэн. Эцэг, эхийн орлого, оршин суугаа байршил нь хүүхдийн олж авах мэдлэг, чадвар, суурь боловсролд шууд нөлөөлдөг болсон. Хөдөөгийн сургуулийн сургалтын чанарын ялгаа хотынхоос 1.5-1.8 жилээр хоцорч буйг ПИСА олон улсын үнэлгээгээр ч тогтоосон билээ. Ийм байхад төрөлжсөн ахлах сургууль хэмээх шинэ “давхарга” бий болгож байгаа нь зүсээ хувиргасан хувийн сургуулиас ялгаагүй хэмээн шүүмжлэгчид ч бий. Хүн бүр гарал үүсэл, хүйс, хөрөнгө чинээ, амьдарч буй газар зэргээсээ үл хамааран амжилтад хүрэх, хөгжих ижил гараанаас гарахыг тэгш боломж (equality of opportunity) гэдэг. Эл боломжийг төрөлжсөн ахлах сургуулиуд бууруулах вий.