Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх элдэв шалтгаар бүтэн жил гаран хойшлуулж байсан Ч.Баяр, Б.Жавзан, Г.Амартүвшин, Д.Батцэнгэл, Б.Болор, Б.Отгончимэг, Б.Таванжин, Б.Тунгалаг нарт холбогдох хэргийг хэлэлцэн шийдвэрлэлээ. Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургууль (АШУҮИС)-ийн харьяа Нүүр, ам судлалын сургуулийн багшаар ажиллаж байсан Б.Жавзан, түүний нөхөр Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газар (ЭЭХХЗГ)-ын эмийн сунгалт хариуцсан албан тушаалтнаар ажиллаж байсан Ч.Баяр тэргүүтэй төрийн албан хаагчдад прокурорын байгууллагаас Эрүүгийн хуулийн 22.1-1 дэх хэсгийн “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө, эсхүл бусдад давуу байдал бий болгосон”, 22.4-1 “Нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд, эсхүл хэрэгжүүлэхийн тулд, эсхүл хэрэгжүүлээгүйн хариуд, эсхүл хэрэгжүүлэхгүй байхын тулд, эсхүл гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийсэн, эсхүл хийхийн тулд шууд, эсхүл бусдаар дамжуулан хахууль өгөхийг шаардсан, авсан” хэмээн яллах дүгнэлт үйлдсэн юм. Харин гурван хүнд эл хуулийн 22.5-1-ийн “Өөртөө, эсхүл бусдад давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан мөнгө, эд зүйл өгсөн, эдийн бус баялаг, тэдгээрийг өмчлөх эрхийг шилжүүлсэн, төлбөргүй, эсхүл хөнгөлөлттэй үйлчилгээ үзүүлсэн, эсхүл эдгээрийг амласан, санал болгосон” гэсэн заалтыг үндэслэн яллагдагчаар татаад байв.
ЭЭХХЗГ-ын эмийн сунгалт хариуцсан мэргэжилтэн Ч.Баяр албан тушаалаа урвуулж, эхнэр Б.Жавзангийнхаа хамаарал бүхий, садан төрлийн хүний нэр дээрх “Батс энд Би Жи” ХХК-д эм, эмнэлгийн хэрэгсэл импортлох, ханган нийлүүлэх тусгай зөвшөөрөл олгуулахад нөлөөлсөн. Бэр эгчийнхээ “Вирида вита гоулд мед” гэх компанид давуу байдал олгуулсан хэмээн буруутгагдсан. Ингэж тусгай зөвшөөрөл гаргуулахдаа ЭЭХХЗГ-ын орон тооны бус шинжээч Б.Болор, Г.Амартүвшин, Б.Таванжин гэх хүмүүсийн нөлөө, оролцоотойгоор хамтран гэмт хэрэг үйлдсэн хэрэгт холбогдоод байна. Эдгээрээс гадна Ч.Баяр нь “Еврофарм” ХХК-ийн импортолдог гурван эмийн тусгай зөвшөөрлийг сунгахын тулд тус компанийн гүйцэтгэх захирал Д.Батцэнгэлээс хахууль авсан хэрэгт ч холбогдсон аж.
Шүүхээс ЭЭХХЗГ-ын эмийн сунгалт хариуцсан мэргэжилтэн Ч.Баярыг албан тушаалаа урвуулсан, хахууль авсан, хуурамч бичиг баримт үйлдэж ашигласан гэм буруутайд тооцлоо. Улмаар түүний албан тушаалаа урвуулсан үйлдэлд нь нийтийн албанд ажиллах эрхийг хоёр жил хасаж, мөн хугацаагаар зорчих эрх хязгаарлах, хахууль авсанд нь хоёр жил төрийн албанд ажиллахыг хязгаарлаж, нэг жил хорих, хуурамч бичиг баримт үйлдэж ашигласанд нь нэг сая төгрөгөөр торгох ял шийтгэв. Түүний эхнэр, АШУҮИС-ийн багш Б.Жавзангийн нийтийн албанд ажиллах эрхийг хоёр жил хасаж, мөн хугацаагаар зорчих эрх хязгаарласнаас гадна хуурамч бичиг баримт үйлдэж ашигласан хэрэгт нь нэг саяар торгохоор болжээ. Түүнийг нялх хүүхэдтэй, нөхөр нь хорих ял эдэлж байгаа зэргийг ял оноохдоо харгалзсан гэдгийг шүүгч тайлбарласан юм.
“Еврофарм” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Батцэнгэлд гурван сая төгрөгөөр торгох ял оноож, нийтийн албанд ажиллах эрхийг нь хоёр жил хассан. Б.Болорт нэг жил зургаан сар, Г.Амартүвшин, Б.Отгончимэг, Б.Таванжин, Б.Тунгалаг нарт нэг жилийн хугацаагаар зорчих эрхийг нь хязгаарлаж, тус бүрийнх нь нийтийн албанд ажиллах эрхийг хоёр жил хассан байна.