Монголын сэтгүүл зүйн “Их хурд” буюу БАЛДОРЖ шагнал жил бүр шилдгүүдээ тодруулдаг байсан 2008-2018 оны хоорон дахь 10 жил бол шинэ үеийн сэтгүүл зүйн хөгжил, шинэчлэл, өөрчлөлт, төлөвшилд томоохон түлхэц өгсөн үсрэнгүй дэвшлийн түүхэн мөчлөг байсныг салбарын мэргэжилтнүүд, судлаачид, багш нар, “гал тогооныхон” маань ил, далд ярьдаг, дурсдаг хэвээр. Монгол Улсад мэргэжлийн сэтгүүл зүйн бүтээлүүдийг дэмжин урамшуулах, сэтгүүл зүйн судлал, шүүмжийг хөгжүүлэх зорилгоор нэрт сэтгүүлч, зохиолч Цэрэндоржийн Балдоржийн дурсгалд зориулсан БАЛДОРЖ шагнал бий болгох санаачилгыг 2008 онд “Балдорж” сангийн удирдах зөвлөлөөс гаргаж, анхны жил зөвхөн сонины сэтгүүлчдийн дунд энэхүү шалгаруулалт явагдсан түүхтэй. Хоёр дахь жилээс нь телевиз, радио, сэтгүүл, сайт гээд сэтгүүл зүйн өргөн уудам талбарт өөр өөрийн чиглэлээр бүтээн туурвиж буй бүхий л сэтгүүлчдийг хамардаг болж, жилд дунджаар 120 гаруй хүн 200 орчим бүтээлээ ирүүлэн, ур чадвараа сорьдог байв.
2015 оны БАЛДОРЖ шагналын шилдэг аравт “Өнөөдөр” сонины сэтгүүлч Ж.Тэгшжаргал “Хадаас” нийтлэлээрээ шалгарсан юм.
“Сонин юу байна?”. Бид энэ асуулттай өдөрт хэдэн удаа таардаг юм, бүү мэд. Тэгэх бүрдээ ёс юм шиг “Юмгүй дээ” л гээд толгой дохиод өнгөрөх нь олон. Харин энэ асуултыг өдөр тутмын сонинтой холбох юм бол хариу нь тэнд дүүрэн байх болно.
ШАР БАЙР
Засгийн газрын ордноос зүүн хойд зүг рүү км хүрэхгүй зайд гурван давхар шар байр бий. Дотроо арилжааны банкнаас эхлээд дуу бичлэгийн студи, уран зураг цуглуулагчдын холбоо, гэрэл зургийн сургалтын төв, харуул хамгаалалтын алба, сонины бирж гээд юу эсийг багтаасан нь энэ шар байрны анхны зориулалт огт өөр байсан ч хувь тавилан тоосго бүрийнх нь зорилгыг өөр тийш чиглүүлэхийг хүссэн мэт бөгөөд өдөр тутмын сонин, тэр дундаа төрийн төв хэвлэл “Ардын эрх”-ийн түүхтэй салшгүй холбогдсон билээ. Энэ байшинг одоо ч “Ардын эрх”-ийн байр гэнэ. Гэхдээ үнэхээр ийн зориод очих юм бол мөнөөх сонинтой холбоотой юуг ч та олж харахгүй л болов уу. Харин энэ байшин дотор одоо хүртэл ажиллаж буй хэдэн хүн, тэдний түүхийг нээж чадвал та өөрийгөө гайхамшигт нэгэн олдвор оллоо гэж тооцоорой.
“Хүн ер нь хөгшрөхөөрөө хүүхэд насаа давтдаг гэж үнэн байх аа. Тэтгэвэртээ гараад энэ муу шар байшиндаа эргээд хүрээд ирэх юм гэж хэн санах билээ” хэмээн Б.Пүрэвдаш хэлж байна. “Энэ муу шар байшин” гэдэг нь “Ардын эрх”-ийн байрыг хэлж буй хэрэг.
Тэр сэтгүүлчийнхээ гарааг “Ардын эрх”- ээс, бүр яг энэ шар байшинд эхэлж байж. Дараа нь “Өнөөдөр” сониныг үүсгэн байгуулалцаад, МОНЦАМЭ-д нэг хэсэг ажиллаж, Монголын үндэсний олон нийтийн радиод цөөнгүй жил болоод тэтгэвэртээ гарсныхаа дараа “Үндэсний шуудан”-д иржээ. Энд тэр зөвлөхийн албатай. Энэ сонины редакц “Ардын эрх”-ийн шар байрны гуравдугаар давхарт байдаг юм. Гэхдээ хүүхэд насаа давтсан тохиол нь зөвхөн энэ биш. Анх улсаас түүнд байр өгөхөд 19 тоотод орж байж. Бүр хожуу байраа жаахан томсгоё гээд шинэ байр авахад ахиад л 19 тоот таарсан аж. Хөгжилтэй түүх байгаа биз.
Энэ байшиндаа эргээд ирсэндээ тэр туйлаас баярладаг. “Би төрхөмдөө ирлээ гэж амьдралынхаа туршид хоёрхон удаа л хэлсэн. Нэг нь радиод очихдоо, нөгөө нь тэтгэвэртээ гараад энд ирэхдээ. Хүмүүс ажлаа хоёр дахь гэр гэдэг дээ. “Ардын эрх”-ийн энэ байр миний хоёр дахь гэр яах аргагүй мөн. Хуучин энд ажиллаж байхдаа яалт ч үгүй хонодог байсан юм чинь” гээд учиргүй хөхөрч билээ. Б.Пүрэвдашийн суудаг өрөөнөөс хэдхэн алхмын зайд “Ардын эрх”- ийн бас нэг амин судас суудаг.
Буурал үс, нүдний шил, монгол хэлийг гарамгай сурсан европ хүнийх шиг хоолой, цэгцтэй яриа, хөнгөн алхаатай энэ эрхэм өглөө бүр “Ардын эрх’’-ийн байрны гуравдугаар давхар дахь ажлын өрөөндөө өдөр тутмын сонин уншиж шинэ өдрийг эхлүүлдэг нь тэртээгээс өдий хүртэл ер өөрчлөгдсөнгүй. Харин бусдаас ялгаатай нь тэр өдөр тутмын нэг биш, хэд хэдэн сонин захиалдаг бөгөөд намайг түүнтэй уулзахаар өрөөнд нь ороход ширээн дээр нь “Өнөөдөр”, “Өдрийн сонин”, “Үндэсний шуудан” гэх Монголын өдөр тутмын сонины “их гурвал” лав харагдсан. Одоо тэр сэтгүүлчээрээ ажилладаггүй ч мөнхүү сонинуудынхаа зарим дээр тэмдэглэгээ хийж, цохлон тэмдэглэсэн байлаа.
Хувийн компанийн захирал Д.Цэдэн-Ишийн амьдрал энэ шар байшин, бас өдөр тутмын сонинтой салшгүй холбоотой. Тэр энэ байрны тоосгыг анхлан өрөлцөж байсан хүмүүсийн нэг төдийгүй “Ардын эрх” сонины Улс төрийн мэдээллийн албаны даргаас Орлогч эрхлэгч хүртэл хариуцлагатай албыг хашиж байсан хүн. Нэгэн үе захиалагчийн тоо нь 80 мянга хол давж байсан төрийн төв хэвлэл “Ардын эрх”-ийн бадрангуй түүхийн нэг томоохон хэсэг яг одоо миний өмнө сууж байгаа нь энэ.
“Ардын эрх” бол зөвхөн сэтгүүл зүйд төдийгүй Монголын нийгэмд үзэгдэл болж гарч ирж байсан юм шүү” гэж Д.Цэдэн-Иш хэлээд хуруугаараа ширээ товшсон нь энэ ямар чухлыг тодотгож байх шиг. Тэртээх 1924 оноос эхтэй ‘‘Ардын эрх”-ийн түүх бол яах аргагүй Монголынх юм. Гурван удаа нээгдэж, гурван удаа үүдээ барихдаа “Ардын эрх” хоёр зуун дамжиж, Монголын хоёр том хувьсгалын гэрч болж байж. МАХН-ын харьяанд байснаа намаас салж, төрийн төв хэвлэл болохдоо ардын ч, төрийн ч эрхийг хамтад нь авч явж байсны баримт шарласан түүхийнх нь хуудас бүрт бий. Өдгөө эргэн тойрон танигдахын аргагүй өөрчлөгдөж, өчигдөр шинэ байсан зүйл өнөөдөр хуучирч байхад Монголын өдөр тутмын аль ч мундаг сонин “Ардын эрх”-ийн 80 мянган хувь хэвлэгдэж байсан амжилтыг эвдэх байтугай, ойртож дөхөөгүй байна. “Одоо энэ амжилтыг аль ч сонин давтаж чадаагүйн шалтгааныг та юу гэж боддог вэ” гэж намайг асуухад Д.Цэдэн-Иш инээмсэглэв. Тэгснээ “Цаг үе нь өөр байсан шүү дээ” гээд “Үнэн” сонин оргил үедээ 120 мянган хувь хэвлэгдэж байсан тухай хэллээ.
Тэр үеэс хойш өдөр тутмын сонины тоо гурав дахин өсжээ. Хэвлэлийн хүрээлэнгийн тайланд дурдсанаар өдгөө өдөр тутмын 12 сонин үйл ажиллагаагаа явуулж байна гэх. Харин 1990 оны долоодугаар сарын 1-нд “Ардын эрх” анхны туршилтын дугаараа гаргаж байхад “Үнэн”, “Хөдөлмөр”, “Залуучуудын үнэн”-ээс өөр өдөр тутмын хэвлэл байсангүй. Эдгээр нь намын хийгээд “намын дайчин туслагч” эвлэл, үйлдвэрчний харьяаных. “Ардын эрх” ч эхэндээ бас л харьяалалтай байсан. Сонины редакц Төрийн ордонд байрладаг, улсаас санхуүжилт авдаг нь гэхдээ тийм ч удаан үргэлжлээгүй юм. “Ардын эрх” нэг намынх бус, харин төрийн төв хэвлэл гэгдэх боллоо. Тэр үеийн “Ардын эрх” оюуны их цугларал байсан гэж Д.Цэдэн-Иш онцлов. Үнэхээр ч тийм. Б.Лигдэн, Ц.Балдорж, Д.Цоодол, До.Нямаа, УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин, Т.Ганди болон Ж.Мягмарсүрэн тэргүүтэй мундаг эрхмүүд нэг редакцад байсан бөгөөд зохиолч Г.Аюурзана, Ц.Хулан, Л.Өлзийтөгс нар л гэхэд залуу сурвалжлагч байсан гэхээр танд ойрхон буух болов уу.
Цаг үе өөрчлөгдөж, бүхэл бүтэн тогтолцоо эргэсэн учраас сонины үйл хэрэг ч өөрчлөгдөв. Хаалттай нийгэмд удаан байсан хүмүүс гэнэт ирсэн эрх чөлөө гээчийг жинхэнэ утгаар эдэлж эхэлсэн гэж тэр хэлэв. “Ардын эрх” л гэхэд намынх бус, төрийн мэдлийн болж, шууд хараа хяналт багассан учраас шүүмжлэхээ шүүмжилж, сайшаахаа сайшааж эхэлжээ. Харин энэ нь ордонд байсан улстөрчдийн заримд таалагдаагүй. “Ордонд суучхаад, төрийн төв хэвлэл гэчхээд төр засгаа шүүмжиллээ гэж дээрээс бангадуулна”.
1994 оны сүүлчээр “Ардын эрх” Төрийн ордноос гарч, өнөөгийн шар байшин руу иржээ. Энэ замын хөтөч нь Цэрэндоржийн Балдорж байв. Энэ бол зөвхөн уг сонины төдийгүй Монголын чөлөөт хэвлэлийн түүхэнд хувьсгал явагдахын удиртгал, нэг томоохон эхлэл байв. Уг байр анх хагас бэлэн боловсруулсан бүтээгдэхүүний үйлдвэрийн зориулалтаар баригдаж байгаад дутуу зогссон байж. Түүн дээр нь “Ардын эрх” ирж бууриа зассанаар “шар байр” төрхөө олжээ. Д.Цэдэн-Иш мундаг ой сайтай хүн юм. Алив үйл явдлыг дурсахдаа он, сарыг, тэр бүү хэл өдрийг алдалгүй хэлнэ. Бас хүний нэр дурдахдаа овгийг нь ер орхилгүй хэлдэг нь насаараа сэтгүүлч хийснийх нь “бэлэг” байх. Бидний ярилцаж буй Д.Цэдэн-Ишийн энэ өрөөнд гэхэд “Ардын эрх”- ийн харьяа “Ням гараг”, “Таван цагариг” сонин байрлаж байсан бол одоогийн “Үндэсний шуудан” сонины газарт “Ардын эрх”-ийн төв редакц байж, Ц.Балдорж эрхлэгчийн өрөөнд одоо “Буман хишигтэн” хамгаалалтын алба байрлаж байгаа. Тэдний наана харин “Үндэсний шуудан” сонины эрхлэгчийн өрөө бий бөгөөд зүүн талын ханыг нь сайн ажиглавал сүүлд засвар хийж, дамжих хаалгыг битүүлсний ор мөр бий. Энэ хаалгаар “Ардын эрх”-ийн Ерөнхий эрхлэгч Ц.Балдорж агсны өрөө рүү ордог байсан аж.
Ц.Балдорж “Ардын эрх’’-ийн эрхлэгчээр зургаан жил ажилласан. 1996 оны сонгуулиар Ардчилсан нам олонх болмогцоо намрын чуулганаар хамгийн түрүүнд шахам “Ардын эрх”-ийн асуудлыг хэлэлцэж, тэгэхдээ түүнийг улс төрийн гэмээр шалтгаанаар ерөнхий эрхлэгчийн албан тушаалаас буулгах шийдвэр гаргаж байж. Хэдийгээр энэ гэнэтийн цочирдом шийдвэр байсан ч Монголын өдөр тутмын анхны чөлөөт хэвлэл “Өнөөдөр” хэвлэгдэн гарах эхлэлийг тавьсан юм. 1996 оны есдүгээр сарын 20. Энэ өдөр бол “Өнөөдөр”-ийн, бас Монголын өдөр тутмын чөлөөт хэвлэлийн баяр. Саяхныг хүртэл “Ардын эрх”-ийн шар байшингийн орой дээр “Өнөөдөр” гэсэн лого хадаатай хэвээр байж, эндээс өдөр тутмын анхны чөлөөт хэвлэл ургаж, соёолсныг илтгэж байсан нь яагаад ч юм алга болжээ. Харин “Өнөөдөр” өглөө бүр энд “мэндэлдэг” нь өөрчлөгдсөнгүй.
“ӨНӨӨДӨР”
“Ардын эрх”-ийн байрны баруун жигүүрийн нэгдүгээр давхарт байрлах “Өнөөдөр” сонины хэвлэлийн үйлдвэрийн хойд хананд Ц.Балдорж агсны инээмсэглэсэн хөрөг бий. Тэр тэнгэрийн оронд одсон ч сониныхоо шинэхэн дугаар бүрийг инээмсэглэн угтаж, нөмөр нөөлгөөрөө ивгээж байгаа шиг санагдав.
Өнгө шүүлтийн өрөөнд Т.Наранбаатар Жуулчны гудамж дахь “Өнөөдөр” сонины төв байрнаас цахим файл ирэхийг хүлээнэ. Ирсэн нүүр болгоныг тэр хөнгөн цагаан ялтас дээр лазераар шарж буулгаад хэвлэх үйлдвэр лүү дамжуулах үүрэгтэй. Сонины суурь дөрвөн өнгө (улаан, цэнхэр, хар, шар) бүрд тусгайлан ялтас бэлтгэх бөгөөд нэг удаагийн сонин хэвлэхэд 20 гаруй ялтас хэрэглэдэг аж. Т.Наранбаатар өөрийгөө “Харанхуйн хүн” гэлээ. Түүний ажил нар жаргасан хойно эхэлдэг шиг ажилладаг өрөө нь ч бас тас харанхуй. Өчүүхэн төдий гэрэл ялтсыг гэмтээх аюултай бөгөөд энэ өрөөний дулаан, чийгшил ч тогтсон хэмээс зөрж болохгүйг тайлбарлахдаа тэр ямар нэгэн хөндөж болшгүй хориг, цээрийн тухай ярьж буй мэт сүртэй харагдсан.
Хэвлэх үйлдвэрийн дарга Д.Цэрэндаштай уулзлаа. Тал ханцуй цамц, хул өнгийн өмд өссөн тэрбээр бусдын ажил тарж, гэр лүүгээ буцах үеэр ажилдаа ирж таардаг. Орой бүр ажилладаг сонин холигч, хэвлэх үйлдвэрийн ажилчдынхаа дундуур шалмаг алхах бөгөөд хоорондоо бараг үл ярихгүй, харцаараа ойлголцож сурсан сул аж.
-Эхлэх үү?
-Бүх юм хэвийн. Тэдний хооронд ердөө ийм харилцан яриа өрнөөд л сонин хэвлэх процесс эхлэв. Эргэлдэх цааснуудын нүргэлэх чимээ эндээс бага хэмжээний пуужин сансар луу хөөрөх нь үү гэлтэй сүртэй сонсогдох бөгөөд угаас олон юм яриад ч сонсохын эцэсгүй санагдсан. Энд децибелийн түвшин 87 хүрдэг нь урт хугацаанд бол дүлийрүүлэх магадлалтай аж. Өнөө шөнө үйлдвэр бас л хэдэн мянган сонин хэвлэх бөгөөд даваа гаргийн дугаар хамгийн олон хэвлэгддэг учраас бүтэн сайны шөнө тэдний ажил их. “Бусдын ажил дуусаж, гэр лүүгээ харьж байхад бидний ажил эхэлдэг. Заримдаа бид 00.00, зарим үед бүр түүнээс ч орой ажлаасаа гардаг” хэмээснээ “Бид бол шөнийн ангуучид шүү дээ” гэж хошигнов. Нэг цагт 11 мянган ширхэг сонин хэвлэх хүчин чадалтай машин тэнхээгээрээ эргэнэ. Уншигчдын “өнөөдөр” хэмээн уншдаг мэдээ, нийтлэлүүд өчигдөр нь энд төрхөө олдог.
Хэвлэлийн машины хэвлэсэн эхний 200- 300 хувь шууд л хогийн сав руу орно. Эднээс Дашаа нэг, хоёрыг нь сугалан авч сонины өнгө байх ёстойгоороо гарсан, эсэхийг шалгаад “За”, эсвэл “Үгүй” гэсэн хоёр үгийн аль нэгийг хэлнэ. Тэр энд удаан ажилласан болохоор барагтай бол үгүй гэх үг гарахгүй. Өнөөдөр ч тийм байлаа. Сонин хэвлэгдэж дуусмагц түгээгчийн ажил эхэлнэ. Тэр хэвлэсэн сонинуудыг ачаад шуудангийн компаниудыг зорих бөгөөд тэд цааш нь уншигчдын шуудангийн хайрцаг, сүлжээ дэлгүүр, аймаг, байгууллагуудаар хуваарилж, хүмүүст “Өнөөдөр”-ийг нь хүргэж өгдөг юм.
ТЭРГҮҮН НҮҮР
“Өнөөдөр” сонины Улс төрийн мэдээллийн албаны дарга С.Туул ажилдаа ирмэгцээ и-мэйлээ шалгаж, твиттерийн онцлох жиргээнүүдийг харж, цахим хуудаснуудаар өнөөдрийн халуун сэдэв байж болзошгүй мэдээллүүдийг нягтлаад “Mongolnews’’-ийн барилгын таван давхрын “Эко танхим” руу яаран гүйлээ. Өглөө бүр 09.00 цагаас сонины өглөөний шуурхай энд болдог. Маргаашийн дугаарын гол сэдэв юу болох, энэ өдрийн халуун сэдэв, хөөх мэдээг энд ярилцана. Энэ өглөөний шуурхайд 23 сэтгүүлч суув. Байгаль орчин бол “Өнөөдөр” сонин, Ц.Балдорж агсны байнгын сэдэв байсаар ирсэн бөгөөд “Эко танхим” тусад нь байгуулсан нь цаанаа учиртай. Өрөөний баруун хананд “Ашиг хонжоо харж бус, алс ирээдүйгээ бодож байгаль дэлхийгээ хайрлая” хэмээсэн Ц.Балдорж агсны үгийг тодруулан хадсан харагдана.
Сурвалжлагчид нэг нэгээрээ мэдээ хэлж, дугаарын удирдагч С.Туул тэр болгоныг нямбай гэгч нь бичиж авлаа. Тэд өөрсдийн бичдэг сэдэв, харьяалагдах хэлтсийнхээ дагуу мэдээг голцуу хэлнэ. Энэ дундаас хамгийн халуун сэдэв, гол мэдээнүүд тэргүүн нүүрт орно. Хэдийгээр үүрэгт ажил боловч сурвалжлагч бүр мэдээ, нийтлэлээ тэргүүн нүүрээс эхлүүлэхийг хүснэ. Эдийн засгийн мэдээллийн албаны сэтгүүлч Т.Энхбат банкнууд орон сууцын зээлээ танаж байгааг хэлсэн бол Улс төрийн мэдээллийн албаны тоймч Б.Энхцэцэг шинэ сайд нарын нэрс эхнээсээ тодорч магадгүйг дуулгасан нь тэргүүн нүүрний гол мэдээ болж магадгүй нь. Энэ өдөр мөн оюутнууд жагсаал хийхээр болсныг тэргүүн нүүрний гол сурвалжлага болгохоор С.Туул төлөвлөв.
Өглөөний шуурхайн бас нэг чухал хэсэг бол дугаарынхаа алдаа, оноог ярилцах. Үүнд зөвхөн албны дарга, эрхлэгч нар төдийгүй сурвалжлагчид ч байр сууриа илэрхийлнэ. Өнөө өглөө ярьсан дугаараас Б.Энхцэцэгийн “АН-ыг гонсойлгох Н.Энхбаярын тусламж” тойм, юанийн ханшийн өсөлтийн талаарх шинжээчдийн байр суурийг тодруулсан “Юань валютын дайн өдөөв үү” нийтлэл сайн үнэлгээ авлаа. Харин гэрэл зурагчин Э.Харцагын зураг шүүмжлэл хүртэв. Паралимпод тэквондогийн төрлөөр оролцож, медаль хүртсэн тамирчны ярилцлагын зургийг авахдаа сэтгэл гаргасангүй гэж Б.Энхцэцэг хэллээ. “Энэ хүн магадгүй амьдралдаа цорын ганц удаа сонинд ярилцлага өгч байгаа нь энэ байх. Тэр үүнийг насан туршдаа хадгалж явна гэдгийг бодолцож сэтгэл гаргаж авах хэрэгтэй байсан юм” гэж шулуухан хэлэв. Өмнөх дугаараа ярьж, дугаарын удирдагч С.Туул мэдээнүүдийг хуваарилаад шуурхай дуусав. 10.00 цаг гэхэд редакцид тун цөөхөн хүн үлдсэн байлаа.
РЭ АХ
Монголын анхны парламентын сурвалжлагч, И.Рэнчинханд “Өнөөдөр” сонины Улс төрийн мэдээллийн дарга хийж байгаад тэтгэвэртээ гарсан. Гэхдээ ажлаасаа ер холдоогүй, өнөө хэр ажилласаар байна. Үндсэн мэргэжил орос хэлний багш боловч тэр ухамсарт амьдралаа сонины гал тогоонд өнгөрүүлж буй. “Анх уншиж эхэлснээсээ тооцвол би сонинтой холбогдоод 60 жил болж байна. Энэ хугацаанд сонин уншилгүй нэг ч өдрийг өнгөрүүлж байсангүй” гэснээ тэр “Одоо энэ маань бүр дон, өвчин шиг болж, өглөө босоод сонин уншихгүй бол тэр өглөө болоогүй юм шиг санагддаг” гээд инээлээ. Түүнийг редакцынхан нь “Рэ ах” гэж авгайлна. Рэ ах одоо олон улсын мэдээллийн “Ертөнц” нүүрийг хариуцахаас гадна орос хэлнээс нийтлэл, ярилцлага орчуулдаг. Богино ханцуйтай сороочкон цамц, индүүдлэгтэй өмд өмсөж, яриан зуураа нүдний шилээ дээш өргөх зуршилтай Рэ ах ширээний теннис тоглоогүй л бол дандаа албаны хувцастай явдаг. Харин зангиа зүүж байхыг нэг их олон хараагүй юм байна.
“Рэ ах бол өөрөө бараг өдөр тутмын сонин шиг хүн шүү дээ гэж Улс төрийн мэдээллийн албаны тоймч Б.Энхцэцэг надад хошигнон хэлэв. Гэхдээ энд үнэний хувь бий. Өглөө тэр редакцад хурал эхлэхээс цаг гаруйн өмнө хэдийн ирчихсэн хамгийн түрүүнд сонин руу өнгийж, өөрөө бараг яваад орчих нь уу гэмээр ойроос уншиж суудгийг нь олон харж байлаа. “Зөвхөн сэтгүүлч гэлтгүй хүн ер нь ажилдаа ямар байх ёстой вэ гэдгийг Рэ ахаас харж болно. Насаа мартчихсан хүн. Ажлаас бултах, хойгуур сууж байхыг нь мэдэхгүй. Дээр нь ажилдаа хэзээ ч сэтгэлийн хөдөлгөөнөөр ханддаггүй. Намайг загнадаггүй ч гэсэн яагаад ч юм Рэ ахыг харахаар айгаад байдаг юм. Түүнийг харахаар миний бүх дутагдал ил гараад ирэх шиг болдог болохоор тэр байх аа” гэж Б.Энхцэцэг дүгнэж хэлээд учиргүй хөхөрсөн.
Ширээн дээр нь сонины хэвлэсэн дардсууд зөндөө харагдана. Эд бол Рэ ахын “компьютер”. Энэ насандаа компьютерын кейбоард дээр гараа хүргэж үзээгүй тэр өнөө хэр юу ч бичсэн байлаа заавал цаас, үзэг нийлүүлж, гараар бичдэг. Тэдгээрийгээ сонины дизайнеруудад өгөөд шивүүлчихдэг. “Та компьютер хэрэглэх талаар бүр бодож ч байгаагүй гэж үү” хэмээн асуухад эргэлзэлгүй “Үгүй” гэснээ “Үгэнд үнэр, амт байдаг гэдэг. Гараар бичихэд тэр үнэр нь үнэртэх шиг санагддаг. Харин компьютер гээч чинь өөрөө эвгүй үнэртэй эд байна лээ. Надад компьютер дээр бичих ер төсөөлөгддөггүй юм. Хөвөнтэй бээлий өмсөөд хар ажил хийхэд эвлэж өгөхгүй, эвгүй санагдаж таарна даа. Түүнтэй тун төстэй гэж боддог”.
Рэ ах цаасан хэвлэл цахим ертөнцөд байраа тавьж өгнө гэдэгт итгэдэггүй хүн. “Сонин бол түүхийг бичиж байдаг, өөрөө гарт баригдаж, нүдэнд харагдах түүхийн үнэт баримт. Тиймээс ор мөргүй алга болчих эд биш. Би лав тэр цагийг үзэхгүй гэдэгтээ бат итгэдэг” гэв.
Шинэ мянган гарч, мэдээллийн цахим хуудаснууд хүчээ авч эхэлснээр цаасан хэвлэл ор мөргүй алга болно гэх яриа гарсан билээ. Тэр үед Монголд мэдээллийн цахим хуудас төгөлдөр утгаараа хөгжөөгүй байсан болохоор итгэх хүн гарахгүй байснаар үл барам асуудал болгож, авч хэлэлцээ ч үгүй юм. Харин өдрөөр биш, цагаар өөрчлөгдөж байгаа технологийн хурдтай монголчууд хөл нийлүүлээд цөөнгүй жил болж, одоо л бид энэ тухай өөр зуураа ярьж эхлээд байна. Нээрэн цахим ертөнцийн давлагаа цаасан хэвлэлийг живүүлээд алга болгох юм биш биз? Дэлхийн хамгийн хүчирхэг хэвлэл, “New York times” өдөр тутмын сонин цаасан хэвлэлээ бүрмөсөн зогсоож, цахим хувилбараар гарч эхэлсний дараа энэ асуулт бүр ч ноцтой болж ирсэн билээ.
Гэхдээ сонин үгүй болно гэсэн цуу одоо л гарч эхлээд буй юм биш ээ. Анх радио бий болоход хүн төрөлхтөн анх удаа сонины ирээдүйд эргэлзэж эхэлсэн бол дараа нь телевиз гарсны дараа энэ бүр ч хүчтэй яригдаж байлаа. Гэвч өдөр тутмын цаасан хэвлэл өнөөдөр ч гарсан хэвээр байна. Одоо цахим ертөнц хүчтэй болсны дараа улигт асуулт ахиад л ээрэх боллоо. Гэвч үнэндээ өдөр тутмын сонин түүхэндээ ийм хүчтэй өрсөлдөгчтэй нүүр тулж байгаагүй юм. Дүрс, дуу, бичлэг, зураг бүгдийг багтаасан, шуурхай байдлаараа хэвлэл мэдээллийн хэрэгсэл дундаа гэрлийн хурдтай дүйхүйц энэ хэрэгсэл хөгжиж томрох тусам цаасаар хэвлэгдэх сонины тоо цөөрч байгаа. Анх сайт гэдгийг бид сонин, хэвлэлийн материал хулгайгаар тавьж байдаг эд гэж боддог байтал хэдхэн жилийн дотор энэ байдал урвуу эргэжээ. “Одоо сайтууд сонины материалыг бэлдэж өгч байгаа” гэж ikon.mn-ий ахлах редактор Ч.Болортуяа хэлсэн юм.
ҮЗЭГДЭЭГҮЙ ЮМ
Ч.Болортуяа Монголд хамгийн анх удаа сайтын ирээдүй, хөгжлийн чиг хандлагын талаар бакалаврын диплом хамгаалсан хүн гэж Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн Сэтгүүл зүй, медиа технологийн тэнхимийн залуу багш Ж.Хулан хэлж билээ. “Тэгэхэд би дипломдоо өдөр тутмын сонин 2036 он гэхэд бүрмөсөн үгүй болно гэсэн судалгааг хавсаргасан байсан. Тэгсэн хамгаалалтад сууж байсан настай багш нар бараг цус харвахаа дөхөж, улмаар энэ жишээнээс болж дүнг минь дарсанд одоо гомдолтой явдаг. Уг нь тэр миний үг биш, харин судалгааны баримт байсан юм шүү дээ” гэж Ч.Болортуяа хэлэв. Гэхдээ тэр сонины ирээдүйг Рэ ахаас өөрөөр хардаг. “Одоо настай голцуу хүмүүс сонин захиалж харагддаг. Тэд залуугаасаа сонин уншиж эхэлсэн болохоор аргагүй. Гэтэл бүхий л мэдээллээ цахим ертөнцөөс олж авах болсон бидний үеийнхэн хожим сонин захиалахыг хүснэ гэж үү” гэж тэр надаас асуув.
Ч.Болортуяа сургуулиа төгсөөд “Өнөөдөр” сонинд жил хэртэй ажиллаад Gogo.mn цахим хуудас руу явжээ. Тухай үед өдөр тутмын сониноос гараад мэдээллийн сайт руу ороход хүн бүр л түүний шийдвэрийг гайхан хүлээж авчээ. “Тэгэхэд хүмүүс сайтыг бусдын материалыг хулгайлахаас өөр юм хийдэггүй гэж хардаг байсан бөгөөд сайтын сэтгүүлч бол чадваргүй амьтад гэж үздэг байсан” гэв. News.mn сайтын ахлах редактор Л.Нарантөгс ч бас үүнтэй төстэйг ярьсан бөгөөд “Мэргэжил нэгтнүүд маань сайтын сэтгүүлч гэж шоолдог байж билээ” хэмээн дурсав. 2007 онд News.mn сайт нээгдэх үед хүмүүс мэдээллийн цахим хуудастай харилцаж сураагүй байлаа. Тухайн үед ажиллаж байсан хэдэн сайт сонины мэдээ, нийтлэлийг зөвшөөрөлгүй хуулж тавьдаг байв. Өдөр тутмын сонин үйл явдлыг хоног өнгөрсний дараа мэдээлдэг бол тухайн үеийн сайтууд түүнийг нь хуулж тавьснаар бүтэн хоёр өдөр алдаж байсан гэсэн үг. Харин News.mn хоёр минут тутамд мэдээ шинэчлэгдэнэ гэсэн уриа дэвшүүлж, төгөлдөр утгаараа Монголын хамгийн анхны мэдээллийн цахим хуудас болох замаа эхлүүлжээ. “Бид сонины “өчигдөр”, телевизийн “өдөр” ийм үйл явдал боллоо гэдэг үгийг “одоо”-гоор сольж чадсан” хэмээн Л.Нарантөгс хэлэв. Улмаар тун удалгүй сайт сониноос хуулдаг байснаа больж, эсрэгээрээ сонинууд сайтаас мэдээ хардаг болж өөрчлөгдсөнийг тэр ажиглажээ.
2008 оны долоодугаар сарын 1. Монголын улс төрийн хувьд, бас News.mn сайтын хувьд эргэлтийн цэг байлаа. Тэр үед сайтыг хэвлэл мэдээллийн хэрэгсэлд тооцдоггүй байв (Одоо ч тэр нь хэвээр бөгөөд тусдаа хууль байхгүй, Харилцаа, холбооны зохицуулах хорооноос гаргасан журмаар зохицуулдаг). Тэр өдөр сонгуулийн дүнг эсэргүүцсэн жагсаал нийтийг хамарсан эсэргүүцэл болж, одоо хэр учиг нь тайлагдаагүй буун дуу таван хүний аминд хүрч, Монгол Улс шинэ цагийн түүхэндээ анх удаа онц байдал зарлаж, энэ сацуу МҮОНТ-ээс бусад хэвлэл мэдээллийн бүхий л хэрэгслийн үйл ажиллагааг хэд хоног зогсоосон юм. Гадаадад байгаа монголчууд ямар ч мэдээлэлгүй, дам сургаар Монголд иргэний дайн гарлаа гэж бодоцгоосон гэдэг. Харин тэгэхэд сайтыг хэвлэл мэдээллийн хэрэгсэлд тооцоогүй учраас News.mn ажиллаж, тэрхүү үйл явдлын талаарх мэдээгээ хоёр минутын давтамжтайгаар шинэчилж байлаа. “Тэр орой маш олон хүн гадаадаас холбогдож, үнэн бодит мэдээллийг дотоодод байсан хүмүүсээс ч илүү мэдсэн болов уу. Ямартай ч манай сайтын хандалт оргилдоо хүрч, улмаар ачааллаа даахгүй техник маань гацаж байсныг санаж байна” хэмээн Л.Нарантөгс дурслаа. Энэ үйл явдал сайтууд мэдээний хурд, шуурхай байдлаар сонин, телевизийн өмнө гишгэснийг зарлан тунхагласан нэг томоохон баримт мөн байх.