“Монгол Улсын осол, гэмтлийн тандалтын тогтолцоо 10 жилд” судалгааны тайланг Гэмтэл, согог судлалын үндэсний төв (ГССҮТ)- өөс танилцууллаа. Тус төвийнхөн 2015 оноос үндэсний хэмжээнд осол, гэмтлийн тандалтын тогтолцоог бүрдүүлж, хоёр жил тутамд “Монгол Улсад бүртгэгдсэн осол, гэмтэл, гаднын шалтгаант өвчлөл, нас баралтын байдал” сэдвээр тархвар зүйн судалгаа явуулж иржээ. Энэ онд тав дахь судалгаагаа ийнхүү дуусгаж, 10 жилээр нэгтгэсэн байна.
Судалгаанаас харвал манай улсад сүүлийн 10 жилд осол, гэмтлийн шалтгаант өвчлөл 1 664 765 бүртгэгджээ. Үүний улмаас 29 603 хүн нас барсан аж. Үүнд өртөгсдийн 60.9 хувь нь эрэгтэй. Тэгвэл 2025 онд л гэхэд 232 315 хүн осол, гэмтэлд өртсөн нь өнгөрсөн жилийн үзүүлэлтээсээ 4.4 хувиар нэмэгдсэн дүн гэнэ. Тэргүүлэх таван шалтгаанд өндрөөс, явганаас унах, амьтай, амьгүй механик зүйлс, зам, тээврийн осолд өртөх, дайралт, халдлагын золиос болох зэрэг багтжээ. Хавар, зуны улиралд эдгээр шалтгаанаар өвчлөгсдийн тоо үлдсэн хоёр улирлаасаа бага зэрэг өндөр гарсан байв. Тайланд 2016-2025 оны осол, гэмтлийн үзүүлэлтүүдийг багтааж, эндэгдэл, цаг хугацааны өөрчлөлт, хүн ам зүйн онцлог, газар зүйн тархалт болон тэргүүлэх шалтгаануудыг судалж, дүн шинжилгээ хийснийг ГССҮТ-ийн захирал Э.Галбадрах онцлов.
О.Оргилох