
Жуулчид Рашаан хотын ‘Мөнх хөлдөггүй гол’-оор салаар зугаалж буй нь. (Гэрэл зургийг Ма Зиньруй)
БНХАУ-ын Өвөр Монголын Өөртөө Засах Орны (ӨЗО) Хянган аймгийн Рашаан хотод 11 дүгээр сард бусад газраас эрт цас унадаг. Намрын өнгөө бүрэн гээж амжаагүй хус, шинэс моддын оройд анхны цас бууж, мөчрүүдийг нь цагаан өнгөөр хучна.
“Халуун Рашаан” цанын бааз улирлын нээлтээ хийлээ. Дүүжин тээвэр эхний цаначдыг уул рүү хүргэнэ. Тэдний хөл дор ой мод, цасаар хучигдсан уудам байгаль цэлийж, алсад харагдах жижигхэн хот шинэхэн бударсан атга цас шиг үзэгдэнэ.
Цанаар гулгаж дууссан хүмүүс “Халуун Рашаан”-ы усан санд алжаал ядаргаагаа тайлна.
Ердөө 30 мянга гаруй байнгын оршин суугчтай, ой мод, ургамлын бүрхэвчийн түвшин нь 95 хувьд хүрдэг хилийн энэхүү жижигхэн хот өвлийн улиралдаа “хүйтэн” ба “дулаан” хэмээх эсрэг тэсрэг өнгө төрхийг хослуулдаг билээ.
Мөс, цасны сэдэвт аялал жуулчлалыг сурталчилж, гадаадын жуулчдыг татах зорилго бүхий "Сайн байна уу! Хятад орон-2027" хэмээх Рашааны 21 дэх удаагийн цас, мөсний баяраар хойд өргөргийн 47 градусын өвлийн үзэсгэлэнт үзэмжийг дэлхий нийтэд сурталчлан танилцуулах болно.

Рашаан хотын “Цасан тосгон” аялал жуулчлалын бүсэд амарч, зугаалж буй жуулчид. (Гэрэл зургийг Бэйхэ)
Бодит тоон үзүүлэлттэй, халуун дулаан уур амьсгалтай хот.
Рашаан хот 2025 онд нийт 6.382 сая жуулчин хүлээн авч, аялал жуулчлалын салбараас 8.23 тэрбум юанийн орлого олжээ. Энэ нь өмнөх оны мөн үеийнхээс жуулчдын тоо 10.7 хувь, аялал жуулчлалын орлого 11.7 хувиар тус тус өссөн үзүүлэлт юм. Зөвхөн 2025 оны 11 дүгээр сараас 2026 оны нэгдүгээр сар хүртэлх хугацаанд тус хот 1.0346 сая жуулчин хүлээн авч, аялал жуулчлалын салбараас 1.316 тэрбум юанийн орлого олсон байна.
Билгийн тооллын морин жилийн шинэ жил буюу Цагаан сарын баярын үеэр тус жижиг хот нь 139,600 жуулчин хүлээн авснаар өмнөх оны мөн үетэй харьцуулахад жуулчдын тоо 64.62 хувь, аялал жуулчлалын орлого 76.77 хувиар тус тус өссөн байна. Нэгэн цагт “зун завгүй, өвөл нам гүм” байдаг байсан Рашаан хот ийнхүү аялал жуулчлалын өвлийн улирлын идэвхгүй байдлаа бүрмөсөн халаад байна.

Чөлөөт цанын агаарын акробатын төрлөөр хичээллэдэг БНХАУ-ын шигшээ багийн тамирчид Рашаан хотод бэлтгэлсургуулилалт хийж буй нь. (Гэрэл зургийг
Ху Чао)
Рашаан бол уул биш, халуун рашааны хот
“Рашаан гэдэг нь уул юм уу?” хэмээх ижил асуултыг Рашаан хотод ирсэн олон жуулчин асуудаг.
Энэ асуултад “Рашаан бол уул биш” гэж аяллын хөтөч Ван Хайди өдөрт нэг бус удаа хариулдаг байна. Тэрбээр гараараа цонхны цаана харагдах цасыг заагаад “Рашаан’ гэдэг нэр нь монгол хэлний ‘халуун рашаан’ хэмээх үгээс гаралтай бөгөөд ‘дулаан бөгөөд ариун ус’ гэсэн утгатай. Энэ бол рашаанаа түшиглэн үүсэж хөгжсөн, цас мөсөөрөө алдаршсан хилийн жижиг хот юм” хэмээн тайлбарлав.

Рашаан хотын Үндэсний ойн цэцэрлэгт хүрээлэнд жуулчид “ус цацан мөс болгож” наадаж буй нь. (Гэрэл зургийг Энь Хао)
Эндхийн өвөл хоёр өөр өнгө төрхтэй.
Эхнийх нь ууланд оршино. Цас, мөсний улирал 10 дугаар сараас дараа жилийн тавдугаар сар хүртэл буюу бүтэн долоон сар үргэлжилдэг. Энд цас их хэмжээгээр ордог бөгөөд зөөлөн, хөвсгөр цастай. Уулын хяр даган хэдэн арван километр үргэлжлэх цас, мөсөн бүрхүүлд хучигдсан модод байгалийн гайхамшигт үзэмжийг бүрдүүлнэ.
Хамгийн хүйтэн үед ч Халх гол хөлддөггүй. Урсгал усны намуухан хоржигнох чимээ, цав цагаан цасан бүрхүүлтэй хоршин гайхамшигтай үзэмжийг бий болгодог тул түүнийг “Мөнх хөлддөггүй гол” хэмээн нэрлэдэг.
Өвлийн нөгөө нэгэн өнгө төрх нь газрын доор оршино.
Хэдэн зуун сая жилийн өмнө галт уулс өнөөгийн өнгө төрхийг нь бий болгосон энэ нутаг тунгалаг хүйтэн рашаан, бие сэтгэл тайвшруулах бүлээн болон халуун рашаанаараа алдартай.
Хятадын Рашаан сувиллын музейн хувь хүмүүст зориулсан халуун рашаанууд, Линхай Итаны гадна талбай дахь задгай рашаан болон монгол эмийн ургамалтай рашаанууд, мөн халуун рашаан бүхий олон төрлийн сувиллын газар, зочид буудлууд нь халуун рашаанд орох дуртай жуулчдын хувьд энд саатан үлдэх нэгэн гол шалтгаан болдог.
Лоян хотоос ирсэн жуулчин Ли Жы-и Рашаанд аялсандаа ихэд сэтгэл хангалуун буйгаа илэрхийлээд “Рашаан үнэхээр гайхамшигтай үзэсгэлэнтэй юм. Аяллын хөтөч маань өглөө эрт намайг ‘Мөнх хөлддөггүй гол’-д аваачиж, моддын мөчирт тогтсон цас, мөсөн хярууг сонирхуулсан. Өдөр нь Тэнгэр нуурт очсон бол үдээс хойш нь галт уулын лааван чулуун ойн байгалийн цогцолборт газарт очиж, ‘цасан яндан’-г үзээд, дараа нь‘Мөнх хөлддөггүй гол’-оор салаар аялсан” гэлээ.
Тэрбээр цааш нь ярихдаа “Үзэсгэлэнт байгаль үзэхээс гадна цанаар гулгах нь маш сайхан байлаа. Заримдаа хүйтэнд дааран хоёр чих минь час улаан болж байсан ч халуун рашаанд ороод ирэхээр яг л өөр улиралд очсон мэт санагдаж, үнэхээр сайхан амарч байсан нь миний сэтгэлд хамгийн тод үлдсэн” гэв.
Түүнтэй ижил сэтгэгдэлтэй жуулчид цөөнгүй байна. Рашаан хотын “Лу Жяо Вань” халуун рашаант амралтын газрын менежер Тие Шяо-юй хэлэхдээ “Манай энд энэ жил ердийнхөөс арай эрт өвлийн улирал ирсэн мэт санагдаж байна. 11 дүгээр сараас эхлэн цас үзэхээр жуулчид цувж, гурав, дөрөв хоногоор байрлаж байна. Жуулчид аяллынхаа сайхан дурсамж, сэтгэгдлийг надтай байнга хуваалцдаг” гэсэн юм.
Өдгөө жуулчид Рашаан хотыг зүгээр л ирж үзээд буцдаггүй болжээ. Харин энд удаан саатан байрлаж, орчин тойронд уусаж, аяллын олон төрлийн арга хэмжээг үзэж сонирхож, хотын өвөрмөц уур амьсгалыг сэтгэл зүрхээрээ мэдрэхийг зорьдог болсон байна.
Жуулчид ихэвчлэн “Цас үзэхээс илүүтэйгээр цастай өвлийг мэдрэхийг хүсэж энд ирсэн” хэмээн ярьдаг байна.

Рашаан хотын шөнийн үзэмж. (Гэрэл зургийг Ван Кайянь)
Цасан чарганаас дэлхийн спортын тавцан хүртэл - цас, мөсний спортоор 300 сая хүн
“Халуун рашаан” цанын баазын анхан шатны цанын замаар тав, зургаан настай хүүхдүүд зааварлагч багшийн араас цанын таяг түшин уруудан гулгаж байна. Тэд унаж, боссоор. Замын хажууд зогсох эцэг эхчүүд гар утсаараа бичлэг хийж, хүүхдүүдээсээ ч илүү баяр хөөртэй инээмсэглэнэ.
Одоогоор “Халуун Рашаан” цанын баазын анхан, дунд болон ахисан түвшний бүх цанын зам бүрэн нээгдээд байна. Мөн өндөр уулын дүүжин тээврүүд болон шөнийн цанын гэрэлтүүлгийн системээр тоногложээ.
Арваннэгдүгээр сарын дундуур улирлын нээлтээ хийснээс хойш тус бааз шөнийн флюресцент гэрэлтэй цана, дугуйт чаргаар гулгах зэрэг цас, мөстэй холбоотой олон төрлийн зугаатай арга хэмжээнүүдийг жуулчдад санал болгож байна. Ийнхүү тус газар нь цанаар гулгах хүсэлтэй жуулчдын хамгийн их сонгон үйлчлүүлдэг газруудын нэг болжээ.
Уулсын цаана харагдах "Сишань Тайвэй" хэмээх цанын бааз нь тэс өөр дүр төрхийг харуулна. Олон улсын стандартад нийцүүлэн барьсан энэ газар нь БНХАУ-ын цанын үндэсний шигшээ багийн бэлтгэлийн бааз юм. Сю Мэнтао, Ци Гуанпу зэрэг цас, мөсний спортын тамирчид энд удаан хугацааны турш бэлтгэл сургуулилтаа хийж, тэмцээний бэлтгэлээ хангасаар иржээ. "Аваргуудын өлгий" гэгдэх энэ газар нь эдгээр алдартай тамирчны дэлхийн тавцан руу хүрэх зам дахь алхам бүрийг нь гэрчилнэ. Хэдийгээр цанын зам нь олон нийтэд нээлттэй биш ч жуулчид хажуу талаас нь ажиглан, тамирчдыг өндөр уулнаас доош үсрэн буухдаа агаарт эргэлт хийж, төрөл бүрийн үзүүлбэр үзүүлэхийг нь харах боломжтой.
“Цанаар гулгахыг надаар заалгасан хүүхдүүдийн хамгийн бага нь дөнгөж гурван нас хүрч байсан. Эхэндээ хүүхдүүдийг эцэг эх нь дагуулж, зүгээр л тоглуулж, зугаацуулахаар авчирдаг байсан. Харин хүүхдүүд цанаар гулгаж сурмагцаа өөрсдөө ирдэг болсон. Нэг өвөл 10 гаруй удаа ирж гулгадаг нь ч бий” гэж цанын багш Жан Мэн ярив.

Рашаан хотод 2026–2027 оны өвлийн улиралд олон улсын болон үндэсний хэмжээний томоохон спортын тэмцээнүүд дараалан зохион байгуулагдана. Үүнд Олон улсын цанын холбооны Чөлөөт цанын агаарын акробатын Азийн цомын тэмцээн, Дэлхийн залуучуудын аварга шалгаруулах тэмцээн, Чөлөөт цанын агаарын акробатын улсын аварга шалгаруулах тэмцээн болон Өсвөрийн улсын аварга шалгаруулах тэмцээн зэрэг багтаж байна.
Үүнээс гадна Хятад-Хянган аймгийн цасны хөлбөмбөгийн супер лиг, Хянган аймгийн дунд сургуулийн сурагчдын мөс, цасны спортын наадам, шорт-трекийн тэшүүрийн тэмцээн болон өвлийн усанд сэлэлтийн тэмцээн зэрэг олон арга хэмжээ ээлж дараалан зохион байгуулагдана.
Үүний зэрэгцээ Хятадын 13 дахь удаагийн Бүх нийтийн мөс, цасны спортын улирлын хүрээнд Хянган аймагт төрөл бүрийн арга хэмжээ болно.
Олон улсын цанын холбооны тэмцээний цанын замууд болон хүүхдүүдийн цасан чаргаар гулгах талбай нэгэн цаст хөндийд зэрэгцэн оршиж байна.
Ийнхүү аваргуудын амжилтад хүрэх замнал болон хотын хөгжлийн замнал нь “Ариун рашаан, цасны хот” Рашаанд нэгэн зорилго дор огтлолцож байна. Тэрхүү зорилго нь Рашааныг дэлхий дахинд таниулах юм.
Мөс, цасны спортоор 300 сая хүн хичээллүүлнэ гэдэг нь энд зүгээр ч нэг уриа төдий зүйл биш болох нь цанын хэрэгслийн түрээсийн төвд эрэлтээ дийлэхгүй байгаа 300 гаруй иж бүрэн цанын хэрэгсэл, шөнийн гэрэлтүүлэгтэй цанын зам дээр дүүжин тээврийн бүхээгийг хүлээн дугаарласан хүмүүс, мөс, цасны наадамд хэдэн мянгаараа цуглан бүжиглэж буй хүмүүсийн дүр төрх, мөн тамирчдыг агаарт үсрэн нисэхийг харан толгой гэдийн ширтэх хүүхдүүдийн нүдэнд бодитоор илэрч байна.
Ирээдүйн аваргууд эндээс гараагаа эхэлж, энгийн иргэд эндээс мөс, цасны спорттой анх танилцаж байна. Нэг цанын зам, хоёр өөр замнал, хоёулаа Рашаан хот руу хөтөлнө.
“Сэтгэлийн амар амгалан”-г нэрийн хуудсаа болгосон хот
Цас, мөсний улиралд Рашаан хотод олон янзын аялга, хэл яриа сонсогдоно. Мөс, цасны баярын үеэр Хятадын өнцөг булан бүрээс ирсэн жуулчид болон гадаадын жуулчид, аялал жуулчлалын компаниудын төлөөлөгчид энд цугларч, байгалийн үзэсгэлэнт газруудыг үзэж сонирхохын сацуу бизнесийн боломжуудыг эрэлхийлдэг.
Жуулчдын тоо нэмэгдэхийн хэрээр үйлчилгээний чанар ч мөн адил сайжрах шаардлагатай. Энэ өвөл Рашаан хот аялал жуулчлалын зах зээлд чиглэсэн тусгай хяналт шалгалт, зохицуулалтыг эрчимтэй хэрэгжүүлж байна. Үүнд бараа, үйлчилгээний үнийг ил тод тавих журмыг чанд мөрдүүлэх, 24 цагийн жижүүрийн үйл ажиллагааг хангах, жуулчдын гомдол, саналд шуурхай хариу өгөх зэрэг арга хэмжээ багтаж байна.
Мөн аялал жуулчлалын бүсүүдэд сайн дурын ажилтнууд болон чиглүүлэх тэмдэглэгээг нэмэгдүүлж, ачаалал ихтэй үед жуулчдыг цагийн хуваарийн дагуу нэвтрүүлэх зохицуулалт хийж байна. Эмнэлгийн тусламж үйлчилгээний цэгүүд болон орчны цэвэрлэгээ, ариун цэврийн нөхцөлийг үе шаттай сайжруулж, цаг агаар, замын хөдөлгөөний мэдээллийг жуулчдад шуурхай, оновчтой хүргэж байна. 2026 оны 11 нэгдүгээр сараас 2027 оны тавдугаар сар хүртэл үргэлжлэх мөс, цасны аялал жуулчлалын улиралд Рашаан хот өвлийн амралт, аялал жуулчлалын үйлчилгээгээ үргэлжлүүлэн шинэчилж, улам бүр өргөжүүлэхийг зорьж байна.
Тус хот “Рашааны амтыг мэдэрцгээе” өвлийн хоолны наадам, “Уулын уран зураг-Зуун бээрийн мөсөн хяруу” гэрэл зураг сонирхогчдын аялал, Мөс, цасны баатруудын наадам, “Мөсөн доорх шинэхэн загас” өвлийн загасчлалын аялал зэрэг мөс, цастай холбоотой нийт 12 төрлийн арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөжээ.
Түүнчлэн рашаан сувиллаар эрүүлжүүлэх үйлчилгээ, рашаанд суурилсан эрүүл мэндийн зоог, орчин үеийн цасны зугаа цэнгэлийн үдэшлэг, цаст тал дахь бартаат замын автомашины аялал зэрэг өвлийн аялал жуулчлалын 10 гаруй төрлийн үйлчилгээгээ шинэчлэн сайжруулжээ.
Мөн рашаан сувилал, эрүүлжүүлэх аялал, өвлийн спорт, мөс цасны уламжлалт ардын зан заншлыг хамарсан зургаан төрлийн тусгай аяллыг бий болгосон байна. Ингэснээр өдөр нь аялж, шөнө нь байгалийн үзэсгэлэнг тольдож, бүтэн өдрийн турш төрөл бүрийн үйл ажиллагаанд оролцох боломжтой өвлийн аялал жуулчлалын цогц орчныг бүрдүүлсэн байна.
Жуулчдад бодит дэмжлэг, хүртээмжтэй үйлчилгээнүүдийг мөн санал болгож байна. Өвлийн аялал жуулчлалын үе эхэлснээс хойш тус хотын хэмжээнд 200 гаруй зочид буудал, дэн буудал хэвийн үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд тэдгээрийн ихэнх нь жуулчдад аяллын мэдээлэл өгч, дулаан хувцас түрээслүүлж , халуун ундаа, цайгаар үйлчилж байна. Зарим зочид буудал байрлаагүй жуулчдад ч автомашины зогсоолоо ашиглуулж байна.
“Халуун дулаан, элгэмсэг Рашаан”, “Хянганаар аялъя-Сэтгэлийн амар амгаланг мэдэрье” гэсэн хоёр уриа нь нэг л санааг илэрхийлж байна. Тэрхүү санаа нь жуулчдад тулгарч болзошгүй бэрхшээлийг урьдчилан тооцоолж, тэдэнд хүндрэл учруулахаас өмнө шийдвэрлэх явдал юм.
Жуулчид сэтгэлийн амар амгаланг аваад харьж болно. Тэр нь “Би энд дараа заавал дахин ирнэ” гэсэн бодол юм.
Хянганы уулсаар цас бударч, халуун рашаан сэтгэл дулаацуулна. Нэг тал нь мөс цас, нөгөө тал нь халуун рашаан. Нэг тал нь жавар тачигнасан хүйтэн, нөгөө тал нь намуухан дулаан орчин. Рашаан хотын өвөл гэдэг ийм л цогц, төгс төгөлдөр өнгө төрхтэй.
Рашаан хотын 21 дэх удаагийн Мөс, цасны баяр 11 дүгээр сарын 25-нд ийнхүү албан ёсоор нээлтээ хийлээ. Энд ирсэн жуулчид халуун рашааны бүлээн илч, сүрлэг өндөрт орших цанын замуудаас гадна тус хотын нэрийн хуудас болсон “Сэтгэлийн амар амгалан” хэмээх үгийн утга учрыг мэдрэх боломжтой.