Монголын явган алхалтын холбооны тэргүүн, анхны олон улсын алхагч Б.Болор-Эрдэнэтэй ярилцлаа.
-Та эл спорттой хэрхэн амьдралаа холбосон бэ гэдгээс яриагаа эхэлье.
-Бид эрүүл амьдралын тухай ярихдаа томоохон шийдвэр, үнэтэй тоног төхөөрөмж, онцгой бэлтгэл зэргийг төсөөлөх нь бий. Гэвч өдөр бүр хийх энгийн нэг алхам хувь хүний дадлаас эхэлж, гэр бүлийн харилцаа, олон нийтийн нөхөрлөл, байгальд хандах хандлага, цаашлаад олон улсын хамтын ажиллагааны гүүр ч болдог. Энэ итгэлээр Монголын явган алхалтын холбоог хөгжүүлж, олон улсын хөдөлгөөнүүдэд ч идэвхтэй оролцож эхэлсэн. Өдгөө нийгмийн хандлагыг өөрчлөх, бусдыг алхуулах тухай боддог болжээ. Энэ ч утгаараа өөрийгөө спортоор дамжуулан хүмүүсийг холбохыг хичээдэг нэгэн гэж танилцуулах дуртай. Монголын явган алхалтын холбоог 2019 оны дөрөвдүгээр сарын 12-нд байгуулсан. Би холбооныхоо ажлыг зөвхөн амралтын өдрийн арга хэмжээ гэж хардаггүй. Улс даяар салбар, клубүүдийн үйл ажиллагааг идэвхжүүлэх, олон улсын харилцаа тогтоох, аюулгүй чиглэл төлөвлөх, хамтрагч байгууллагуудыг нэгтгэх, хүн бүрийн оролцоог үнэ цэнтэй болгох гээд ажил тасралтгүй өрнөдөг. Алхахыг олон хүний амьдралд соёл болгож хэвшүүлэх хүсэлтэй. Бид иргэдийг алхахад уриалах, оролцоог нь нэмэгдүүлж, амьдралын хэвшил болгох, Монголын алхагчдыг олон улсын хөдөлгөөнтэй холбох зорилтыг тууштай хэрэгжүүлсэн. Алхах соёл нэг өдөрт бий болдоггүй. Хүмүүс эхэндээ аялал, ууланд гарах, эсвэл зөвхөн ахмад настны дасгал хөдөлгөөнтэй холбож ойлгодог байлаа. Бид үүнийг өөрчлөхийг зорьсон. Энэ бол нас, мэргэжил, биеийн бэлтгэлээс үл хамааран зохион байгуулалттай хөгжүүлэх нийтийн спорт гэдгийг харуулах хэрэгтэй болсон.
-Холбооны тань гишүүн, дэмжигчид нэг үеэ бодвол олон болжээ. Тэд одоо ач холбогдлыг нь хэр мэдэрч, ямар ойлголттой болсон бэ?
-Алхах замд хүмүүсийн албан тушаал, мэргэжил, насны ялгаа бараг мэдрэгддэггүй нь хамгийн сайхан. Багш, эмч, инженер, бизнес эрхлэгч, төрийн албан хаагч, оюутан, ахмад настан, гэр бүлээрээ алхдаг хүмүүс нэг цуваанд зэрэгцэн явж, ижил зам туулдаг. Тэдний зарим нь ажил, амьдралын хэв маягаа өөрчилж, идэвхтэй хөдөлгөөн хийхээр ирдэг бол зарим нь шинэ найзтай болохыг хүсдэг. Бусад нь байгальд гарах, эсвэл өөрийгөө сорих бодолтой нэгддэг. Харин тэдний эргэн ирэх шалтгаан нь ихэвчлэн хамт олны эерэг уур амьсгал, нэгэн хүсэл зорилго байдаг. Би алхалтын үр өгөөжийг эрүүл мэнд, нийгмийн оролцоо, харилцаа, аялал гэсэн дөрвөн давхаргатай гэж хардаг. Нэгдүгээрт, эрүүл мэнд. Тогтмол хөдөлгөөн нь зүрх, судасны үйл ажиллагаа, биеийн чийрэгжилт, сэтгэл санаанд тустай. Хоёрдугаарт, харилцаа. Хүмүүс танилцаж, үе хоорондын ойлголцол нэмэгддэг. Гуравдугаарт, нийгмийн оролцоо. Сайн дурын ажил, байгаль хамгаалал, орон нутгийн идэвхийг дэмждэг. Дөрөвдүгээрт, эдийн засаг, аялал жуулчлал. Чиглэл дагуух үйлчилгээ, байр, хоол, тээвэр, нутгийн бүтээгдэхүүнтэй холбогдох боломж бүрдэнэ. Нэг хүний алхах шийдвэр гэр бүлд нь нөлөөлж, нэг клубийн идэвх байгууллагын хамт олонд түгэж, улмаар хот, аймгийн хэмжээнд нөлөөллийн хөдөлгөөн болдог. Бидний хувьд нэг алхагч нэмэгдэхэд тухайн гэр бүл эрүүл дадалтай боллоо гэж харах нь чухал.
-Алхах хүний туулах зам урт гэдэг шүү дээ. Гишүүдээ олон улстай холбох хамтын ажиллагаагаагаа хэрхэн эхлүүлэв?
-Монголын алхагчдыг олон улсын хамтын нийгэмлэгтэй холбох нь бидний урт хугацааны зорилгын нэг байсан. Ази болон Европын орнуудад болдог олон өдрийн фестиваль, арга хэмжээ нь зүгээр нэг аялал биш. Тэнд хүмүүс ижил дүрэм, хүндэтгэл, зорилгын дор нэгддэг. Хэл, соёл нь өөр ч хоорондоо ойлголцоход хэцүү биш. Үүнд олон улсын зохион байгуулагчидтай байнгын харилцаа тогтоох, урилга, бүртгэл, виз, маршрут, тээвэр, байр, аюулгүй байдлыг зохицуулах, оролцогчдод дүрэм, журмыг нь тайлбарлах, цол, зэрэгтэй холбоотой баримт бичгийг зөв ойлгуулах, онгоцны тийз захиалах гээд нэлээд ажил шаарддаг. Бид IML walking аssociation болон IVV-ийн алхах уламжлал, зарчмыг судалж, гишүүддээ танилцуулдаг. IML-ийн олон улсын стандартын дагуу цолны бүртгэлд тооцуулахын тулд тухайн арга хэмжээний хүрээнд өдөр бүр ерөнхийдөө 20-иос доошгүй километр алхсан байх шаардлагатай. Гэхдээ хүүхдүүд, 70-аас дээш насныхан, хөгжлийн бэрхшээлтэй алхагчдад тусгай зохицуулалт бий. Миний хувьд 2019 онд олон улсын алхалтын замналаа эхлүүлж, 2025 онд БНСУ-д Ази-Номхон далайн алхагчийн болзлоо ханган, цолоо Индонез улсад IML-ийн ерөнхийлөгч Стефан Ароненгээс гардан авч байлаа. Тэр мөч надад нэг хүний амжилтаас илүү Монголын алхагчдын ирээдүйн боломжийг сануулсан. Өнөөдөр шинэ цолтнууд маань Тайвань болон Японы олон улсын арга хэмжээнээс төрж байгаа нь энэ ажлын үргэлжлэл юм.
-Холбооны гишүүдийн тань хэдэн хувийг залуус эзэлдэг вэ. Тэд идэвхтэй оролцдог уу?
-Манай холбооны 40 орчим хувийг 45 хүртэлх насныхан эзэлж байна. Энэ бол алхалтыг зөвхөн нэг насны бүлгийн сонирхол гэж ойлгож болохгүйг харуулдаг үзүүлэлт. Залуучууд идэвхтэй оролцдог ч ид ажил хөдөлмөр эрхэлж, гэр бүл, хүүхдийнхээ цагийг зохицуулдаг учраас долоо хоног бүр тогтмол оролцох боломж нь хүн бүрд адилгүй. Хүүхдүүдээ дагуулж ирдэг залуу гэр бүлүүдийг харахад явган алхах соёл нэг үеэс нөгөөд шилжиж буйг мэдэрдэг. Манай зорилго зөвхөн залуучуудын тоог өсгөх биш, тэдний амьдралын хэмнэлд нийцсэн оролцооны хэлбэрийг нэмэх юм. Ажлын дараах богино алхалт, амралтын өдрийн гэр бүлийн хөтөлбөр, байгууллага, хамт олны алхалт, сургуулийн орчны аюулгүй зам, чиглэл зэрэг олон боломж нээвэл залуучуудын идэвх бүр илүү тогтвортой болно. Япон, БНСУ зэрэг орны туршлагыг судалж үзэхэд явган алхалтыг нийгмийн өндөр ач холбогдолтой хөдөлгөөн болгож хөгжүүлсэн бөгөөд үүнд Засгийн газрынх нь үүрэг оролцоо, бодлогын түвшний дэмжлэг өндөр байсан нь харагддаг.
-Таны амьдралд ямар өөрчлөлт гарав?
-Миний хамгийн том өөрчлөлт бол зорилгоо тэлсэн явдал юм. Эрүүл байх бодол минь нийтийн эрүүл мэндийн төлөө ажиллах хүсэл болсон. Тиймээс алхалт ажил, нийгмийн харилцаа, амьдралын маань хэмнэлд тогтвортой эерэг нөлөө үзүүлсэн гэж хэлнэ. Ялангуяа монголчуудын нас баралтын тэргүүлэх шалтгаан нь зүрх, судасны өвчин. Мөн нийгэмд өсөн нэмэгдэж буй стресс, хорт хавдар гээд тааруухан статистик бидний өмнө байна. Тэгвэл бүх нийтээрээ алхах соёл нь бидний өмнө тулгамдаад буй эрүүл мэндийн асуудлыг шийдэхэд бага ч гэсэн тус дэм болно. Алхах нь амьдралын чанарт нөлөөлдөг. Тухайлбал, өөртөө анхаарах хугацаа гаргаж, ойр дотныхонтойгоо ярилцан, байгальд илүү ойртоно. Ажил ихтэй үед “зав гарвал нэг алхана даа” гэж бодох амархан. Харин тогтмол алхах дадалтай болохоор хөдөлгөөнийг амьдралын зайлшгүй нэг хэсэг гэж боддог юм байна. Би одоо асуудалд тайван хандаж, өдөр тутмын ахиц, өөрчлөлтийн үнэ цэнийг мэддэг болсон. Явсан замынхаа уртыг харахдаа ганц удаагийн амжилтаас илүү тогтмол байдлыг эрхэмлэдэг. Алхах зуураа хүний үгийг сайтар сонсож сурдаг. Хүмүүс албан өрөөнд хэлж амжихгүй зүйлээ замдаа бие биедээ ярьдаг. Хамтдаа алхахад харилцаа илүү нээлттэй болно. Би ийм орчноос хүний түүх, хүсэл мөрөөдөл, тулгарч буй асуудлыг ойлгож авдаг. Бүгд алхдаг ч алхагч болно гэдэг өөр ойлголт юм билээ. Алхахыг зорилготой, төлөвлөгөөтэй, тасралтгүй хэрэгжүүлдэг үйл ажиллагаа гэж харж эхэлснээс хойш амьдралд маань олон зүйл өөрчлөгдсөн. 2008 оноос жил бүр үүргэвчээ үүрээд хөдөө хээр, ой тайгаар 3-5 хоногийн явган аялал хийдэг болсон. Улмаар 2019 онд олон улсын алхалтын хөдөлгөөнтэй холбогдож эхэлсэн нь энэ ойлголтыг улам гүнзгийрүүлсэн. Өөр улс орны хүмүүс хэдэн арван жил алхаж, үүнийг насан туршийн соёл болгосныг хараад Монголд ч ийм орчин бүрдүүлэх боломж бий гэж бодсон. Тэгэхээр миний хувьд алхах нь зөвхөн хоббигоос нийгмийн хариуцлагын ажил болж өөрчлөгдсөн гэсэн үг.
-Аяллын замд хүмүүсийн хүсэл сонирхол, хандлагын ялгаа анзаарагддаг уу?
-Ахмад алхагчдаас тэвчээр, тууштай байдал, хүндэтгэлийг сурдаг. Тэд замаа түрүүлж дуусгах гэж яардаггүй. Гэр бүл, ажил хөдөлмөр, амьдралын туршлага, нутаг усныхаа түүх, байгаль хамгаалал, хүүхэд хүмүүжил гээд ярих сэдэв тэдэнд их. Заримдаа хэн нэгний өгүүлэх сайхан яриа хэзээ ч мартагдашгүй дурсамж болж үлддэг. Яг л аав, ээж шигээ хүмүүстэй хамт алхаж байгаагаа азтай гэж боддог. Залуус зориг тэвчээр, эрч хүч, технологийн хэрэглээ, шинэ санаа, сорилтоо турших, аяллын түүхээ зураг, бичлэгээр олонтой хуваалцахыг сонирхдог. Насны ялгаатай байх нь давуу болон сул талын тухай биш юм. Нэгэнд нь туршлага, нөгөөд нь санаачилга бий учраас хамтдаа байх давуу талтай. Тиймээс бүх насныхныг оролцуулахдаа зөвхөн нэг өдөр хамт алхуулах биш, нөхөрлөл бий болгохыг бид чухалчилдаг. Хамтдаа зам туулна гэдэг энгийн хэрнээ хүчтэй харилцаа. Өгсүүр замд нэг нь нөгөөгөө хүлээнэ, амрах газар, ус, хоолоо хуваалцана, ядарсан хүнийг зоригжуулна, амжилттай барианд орсон нэгэндээ чин сэтгэлээсээ баяр хүргэнэ. Ийм мөчүүдэд итгэлцэл үгнээс илүү үйлдлээр бий болдог. Надад гишүүд, холбоо, клубийн тэргүүн гээд олон хүн урам өгдөг. Тэр дундаа олон улсын арга хэмжээний үеэр монгол алхагчид нэгэндээ дэм болж, улсаа төлөөлж нэг зорилгын дор нэгдэж чаддагийг харах бахармаар санагддаг шүү. Тэр үед бид зөвхөн нэг улс руу аялсан хэсэг хүмүүс биш, өөрийн гэсэн соёл, ёс зүйтэй хамт олон болж буйг мэдэрдэг. Энэ нь надад дараагийн ажлаа хийх эрч хүч өгдөг.
-Олон улсын алхагч нар манайхаас юуг илүү мэдрэхийг хүсдэг вэ?
-Гадаадын алхагчид Монголд ирээд уудам тал, байгалийн өвөрмөц тогтолцоо, цэнхэр тэнгэр, нүүдлийн ахуй, амьдрал, өв соёлын талаар илүү мэдэхийг хүсдэг. Бидний өдөр тутам хардаг зүйл ирсэн зочдод онцгой санагддагийг тэдний нүдээр харах сайхан шүү. Тиймээс явган алхалтын аялал жуулчлал Монголд хөгжих боломжтой гэж үздэг. Алхаж байхдаа цаг агаар, нар, салхи, өвс ургамлаас ч таатай зүйл мэдэрч болдог. Монгол орны цаг, уур амьсгал, улирал бүр онцлогтой. Хаврын салхинд хүний эрч хүч сэргэж, зуны ногоонд газар нутаг амьсгалж буй мэт санагдана. Намрын тунгалаг өглөө уулсын өнгө, холын бараа тодорч, өвлийн хүйтэн агаарт сэтгэл сэргэж, алхам бүрийн үнэ цэнийг улам мэдэрдэг. Энэ бүхнийг машинаар явахад анзаарахгүй үлдэх нь бий. Харин алхаж яваа хүнд байгалийг тал бүрээс нь ажиглах боломж олддог. Хүмүүс байгальд алхахдаа илүү төвлөрч, яарч сандарсан байдлаа орхидог. Нарны илч, салхины чиг, шувуудын жиргээ, өвсний үнэр гээд жижиг зүйлийг анзаарч сурна. Тэр мэдрэмж эх орныхоо газар нутгийг хайрлах сэтгэлийг улам их төрүүлдэг.
-Хүн байгаль хоёр хүйн холбоотой гэдэг дээ?
-Монголчууд олон жилийн турш газар шороо, эх нутаг, байгалиа хайрлан хүндэлж, хүйн холбоотой явж ирсэн. Тиймээс хайрлах нь бидний үүрэг юм. Хотод алхаж эхэлсэн хүн аажмаар цэвэр агаарт гарах, улирлын өөрчлөлтийг мэдрэх, уул, ой, голын сав газар, тал хээрийн уудамтай танилцах хүсэлтэй болдог. Хүн байгальд эзэн бус, зочин шиг хүндэтгэлтэй хандаж сурах ёстой. Хойч үедээ өвлүүлэх хамгийн чухал өв бол цэвэр, аюулгүй зам үлдээх юм. Байгальд аялна гэдэг зөвхөн сайхан зураг авах төдий бус. Тэнд ямар ургамал хаана ургадгийг, хаанаас ус авах ёстойг, хогоо хаана хаяхыг, ойд түймэр тавихгүй хэрхэн хариуцлагатай байхыг ойлгож эхэлдэг. Манай холбоо чиглэлээ сонгохдоо замын тэмдэглэгээ, мэдээлэл, хог хаяхгүй алхах соёлд ач холбогдол өгдөг. Өнгөрсөн наймдугаар сард болсон “Улаанбаатар явган алхалтын фестиваль”-ийн үеэр Монголын байгалийн өвийг олон улсын зочдод танилцуулахын зэрэгцээ хайрлан хамгаалах хариуцлагыг ч бас сануулсан. Мөн Үндэсний цэцэрлэгт хүрээлэнтэй хамтын ажиллагаа өрнүүлж, “Алхагчдын төгөл”-ийг байгуулж, хойшид замын тэмдэглэгээ болон мэдээллээр хангах ажлыг санаачлан хийхээр төлөвлөж байна.
-Анх удаа аялахаар нэгдсэн хүмүүст та ямар зөвлөгөө өгдөг вэ?
-Хамгийн түрүүнд “би хол алхаж чадахгүй” гэсэн айдсаа ардаа орхиорой гэж зөвлөдөг. Алхах нь өөрийгөө бусадтай харьцуулах тэмцээн биш. Эхний өдрөө 20-30 минут тайван алхаж, дараа нь биеийн байдал, дассан хэмнэлд тохируулан хугацаа, зайгаа аажмаар нэмэхэд хангалттай. Өдөр бүр бага багаар тогтмол алхах нь тогтвортой дадал бий болгоно. Түүнчлэн цаг агаарын мэдээ харж, орчин нөхцөлд нь тааруулан тохиромжтой гутал, хувцас өмсөхийг анхааруулдаг. Мөн ахлхах хугацаа, буцах зам, холбоо барих боломжоо тооцоолох, баг бүлгийн ахлагч, зохион байгуулагчийн зааврыг мөрдөж, хамт яваа нэгнээ хүндлэх нь зүйтэй. Харин толгой эргэх, амьсгал давчдах зэрэг зовуурь илэрвэл зогсож, шаардлагатай үед мэргэжлийн болон хэн нэгний тусламж авах хэрэгтэй. Анх удаа явган аялж байгаа бол дурсамжтай болгохыг зориорой. Сайхан орчин, санаа нэгтэй зөв хамт олон байхад дараа дахин алхах хүсэл төрнө. Бидний зорилго шинэ хүнийг нэг удаа хол замд алхуулах биш, насан турш алхах дуртай болгоход чиглэдэг.
-Стресс, ажлын алжаалаа хэрхэн тайлдаг бол?
-Ажил ихтэй, олон асуудал давхацсан үед алхах нь надад бодлоо цэгцлэх боломж олгодог. Заримдаа шийдэх ёстой асуудлынхаа хариуг шууд олохгүй ч юунаас эхлэхийг тодорхой болгодог. Алхахыг эрүүл мэндэд тустай идэвхтэй хөдөлгөөний нэг хэлбэр гэдэг. Гэхдээ бүх асуудлын эмчилгээ болдог мэтээр ойлгуулахыг хүсдэггүй. Хүн шаардлагатай үедээ амарч, ажлын ачааллаа зөв зохицуулах хэрэгтэй. Харин өдөр бүр хөдөлж, тайван орчинд ажиллаж, зөв хүмүүстэй харилцах нь стрессээ тайлахад дэм болдог. Ялангуяа хамт олонтойгоо алхахад хүн ганцаараа биш гэдгээ мэдэрдэг. Нэгэнд нь зөвлөгөө хэрэгтэй бол нөгөөд нь зүгээр л анхааралтай сонсох хүн хэрэгтэй байдаг. Алхах үед зам ийм л халуун дулаан нөхөрлөлийг бий болгодог юм.
-Алхсанаар хамгийн сайн мэддэг болсон зүйлээсээ сонирхуулаач.
-Өөрийнхөө биеийг сайн мэдэрдэг болж байна. Хэдийд амрах, ямар үед алхах хурдаа сааруулах, хэзээ ус ууж, хөнгөн хооллохоо тохируулж сурсан. Урт зайд алхана гэдэг эрч хүчээ зөв хуваарилах чадвар юм. Дараа нь цаг агаарын байдал, газар орны онцлог, орчин нөхцөлд тааруулдаг болсон. Аялж, алхаж буй хүнд салхины зүг чиг, хурд, хур тунадасны төлөв, халуун, хүйтний ялгаа, газрын гадарга, усны цэг, нар мандах, жаргах гээд бүгд чухал. Өвөл халтиргаатай замд алхмаа богиносгох, хөлний улыг бүтнээр нь газар хүргэх, чанартай гутал өмсөх, шаардлагатай үед халтиргаанаас хамгаалах хэрэгсэл хэрэглэх нь энгийн мэт боловч ослоос сэргийлэх дадал юм. Мөн төлөвлөлт, аюулгүй ажиллагаа, багийн харилцааг илүү анхаардаг болсон.
-Холбооны тань үйл ажиллагааг бусад байгууллага хэрхэн дэмжиж, хамтран ажилладаг вэ?
-Явган алхалтыг нийтийн соёл болгох ажил ганц холбооны хүчээр урагшлахгүй. Бид нийслэл, орон нутгийн байгууллага, аялал жуулчлал, спорт, байгаль орчин, эрүүл мэндийн салбар, хувийн хэвшил, олон улсын түншүүдтэй хамтын ажиллагаагаа хөгжүүлж ирсэн. Тэд чиглэл, талбай гаргаж өгдөг. Мөн автобус, ус, анхан шатны тусламж, аюулгүй байдал, сурталчилгаагаар ч дэмждэг. Зарим байгууллага оролцогчдод бодит үйлчилгээ, урамшуулал өгдөг юм. Улаанбаатар явган алхалтын фестивалийг нийслэлийн Аялал жуулчлалын газартай манай холбоо хамтран зохион байгуулсан. Гадаадын есөн улсаас 110 зочин, төлөөлөгч, аймаг, нийслэлийн дүүргүүдээс 600 гаруй оролцогч хүрэлцэн ирсэн нь томоохон үйл явдал байлаа. Түншүүдийн хамтын хүчин чармайлт, клубүүдийн идэвхтэй оролцоогүйгээр ийм хэмжээний арга хэмжээ зохион байгуулах боломжгүй. Тиймээс ивээн тэтгэгч, хамтран ажиллагчдадаа талархаж явдгаа илэрхийлье. Бид хамтын ажиллагааны үр дүнг хэдэн лого байршуулснаар бус, хэдэн хүн аюулгүй алхаж, шинэ дадалтай болон эрүүл үндэстэн бий болж байгаагаар хэмжихийг хүсдэг.