Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд өчигдөр Г.Номин гэх эмэгтэйд холбогдох, зөвшөөрөлгүйгээр дүрс бичлэг хийж тараасан хэргийг хянан хэлэлцэх байсан ч өмгөөлөгчөөс нь шалтгаалан хойшлууллаа. Тэрбээр өнгөрсөн оны хоёрдугаар сард Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр дэх нэгэн уушийн газарт үйлчлүүлж байхдаа бусдын бичлэгийг зөвшөөрөлгүй бүсэд хийж, түүнийгээ олон нийтийн сүлжээний хаягаараа цацсан хэрэгт холбогдсон аж. Тодруулбал, ариун цэврийн өрөөнд иргэн А-ын бичлэгийг хийж, 10-аад хоногийн дараа олон нийтийн сүлжээнд нийтэлсэн байна. Үүнийг нь цагдаагийн байгууллага шалгаж, Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн 13.8-4 дэх хэсгийн “Хувь хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхэд илтэд халдахаар байршилд дууны, дүрсний, дуу-дүрсний бичлэг хийж олон нийтэд тараасан” гэх заалтын дагуу яллагдагчаар татан шүүхэд шилжүүлсэн байна. Г.Номинд холбогдох хэргийг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх өнгөрсөн наймдугаар сард хэлэлцээд хорих ял оноохгүйгээр хоёр жилийн хугацаагаар тэнсэн харгалзахаар шийдвэрлэсэн аж.
Г.Орчлон