Манай сонин өнгөрсөн аравдугаар сарын 29-нд уншигчдадаа хүргэсэн “Сошиалд сохорсон монголчууд” нийтлэлээрээ харанхуй нийгмийг гэрэлтүүлэх мэдээллийн боловсрол үгүйлэгдэж буйг хөндсөн билээ. Аливаа мэдээлэлд итгэх, эсэх нь тухайн хүний сонголт мэт боловч үнэн, худлыг ялгах чадваргүй хүн олшрох тусам бидний үнэт зүйл, ардчилал, эрх, эрх чөлөө алдагдах эрсдэлтэй. Цаашлаад мэдээллийн боловсрол нь хувь хүний бие даан сэтгэх, баримтад тулгуурлан шийдвэр гаргах, бусдын эрх чөлөөг хүндэтгэх, нийгэмд өрнөж буй үйл явдлуудад хариуцлагатай оролцох суурь чадвар болдог. Иймд иргэд, олон нийтийн мэдээллийн боловсролыг хэрхэн яаж дээшлүүлэх талаар Хэвлэлийн хүрээлэнгийн гүйцэтгэх захирал, сэтгүүл зүйн доктор М.Мөнхмандахтай ярилцаж, гарц шийдэл хайсан юм.
-Бид эдүгээ мэдээллийн асар их урсгал дунд амьдарч буй ч түүнийгээ шүүн тунгаах чадваргүй байгаа нь үнэн. Та монголчуудын мэдээллийн боловсролын өнөөгийн түвшнийг хэрхэн үнэлж дүгнэх бол. Нийтээрээ яг ямар асуудалтай нүүр тулгараад байна вэ?
-Монголчуудын мэдээлэл авах техникийн боломж, суурь боловсрол өндөр түвшинд хүрснийг олон судалгаа харуулдаг. Гэвч бидний өмнө тулгарч байгаа гол асуудал нь өдгөө мэдээлэл олж авч чадах, үгүйдээ биш, түүний үнэн, худлыг нягтлан шалгаж, хариуцлагатай ашиглаж буй, эсэхэд оршино.
Энэ онд хийсэн “Хэвлэл мэдээллийн боловсролын суурь судалгаа”-нд оролцогчдод хуурамч мэдээлэл үзүүлж, хэрхэх талаар асуусан. Гэтэл 21 хувь нь л уг мэдээллийг өөр эх сурвалжаар баталгаажуулна гэсэн бол 41 хувь нь нягтлахгүй байж лайк дарах, эсвэл бусдад хуваалцана хэмээн хариулжээ. Тэр дундаа тухайн мэдээлэл нь өөрт хамаатай, эсвэл таалагдсан бол шууд л итгэдэг аж. Ерөнхийдөө аливаа мэдээллийг хурдан шуурхай олж авах бус, түүнийгээ үнэлж дүгнэх чадвар л хамгийн тулгамдсан асуудал болоод буйг судалгааны дүгнэлт харуулсан.
-Иргэдийн мэдээллийн боловсрол сул байгааг зөвхөн хувь хүний мэдлэг, боловсролтой холбон тайлбарлах нь өрөөсгөл байх. Үүнийг боловсролын тогтолцоо, хэвлэл мэдээлэл, төрийн бодлого, нийгмийн сүлжээний хэрэглээтэй хэрхэн “уяж” ойлгох нь зүйтэй бол?
-Хүн ямар мэдээлэл уншиж, юунд итгэж, хэрхэн шийдвэр гаргах нь түүний мэдлэг, боловсролоос гадна мэдээллийн орчноос нь ихээхэн хамаардаг. Жишээ нь, хүмүүс фэйсбүүкээс өөрт хэрэгтэй, сонирхолтой мэдээллийг л хүлээн авч байна гэж боддог. Гэтэл үнэндээ фэйсбүүк бидний өмнө нь сонирхсон зүйлсийг харгалзан дараагийн мэдээллийг санал болгодог. Амралтын газрын тухай сонирхох төдийд л удалгүй энэ чиглэлийн сурталчилгаагаар “бөмбөгддөг” шүү дээ. Үүнтэй адил тэтгэвэр, татвар, хүүхдийн мөнгөний тухай зэрэг нийгмийн асуудлуудын мэдээлэл ойлгомжгүй, хомс байвал иргэд мэргэжлийн бус хүмүүсээс хариулт хайж, тэр хэрээр цуурхал тархах орон зай үүсдэг. Тиймээс иргэдийг мэдээллээ нягтлах найдвартай эх сурвалжуудаар давхар хангах хэрэгтэй.
“ТААЛАГДСАН” МЭДЭЭЛЭЛДЭЭ ИТГЭЭД Л БАЙВАЛ НИЙГЭМД ЭРҮҮЛ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ӨРНӨХ БОЛОМЖГҮЙ
-Таны хэлсэнчлэн иргэд өөрт хамаатай, таалагдсан мэдээлэлдээ л шууд итгэж байна. Эл үзэгдэл нь нийгмийн сэтгэлгээ, оюун санаа, олон нийтийн шийдвэр гаргалтад сөргөөр нөлөөлөх үү?
-Хүн ер нь өөрийнхөө зөв гэж бодсон мэдээлэлд л илүү дуртай байдаг. Үүнийг шинжлэх ухаанаар хүртэл баталсан. Тухайлбал, та нэг улс төрчийг дэмждэг байлаа гэж бодъё. Түүний тухай сайн мэдээ цацагдвал шууд л итгэнэ биз дээ. Харин таагүй мэдээлэл хөвөрвөл “Худлаа, энэ бол өрсөлдөгчдийнх нь л явуулга” гэж бодно. Эсрэгээрээ дургүй улс төрчийнхөө сөрөг мэдээллийг үнэн, эсэхийг нь ч шалгахгүйгээр бусдад дамжуулахад бэлэн байдаг. Сэтгэл судлалд үүнийг өөрийн итгэл үнэмшлийг батлах хандлага (Confirmation bias) хэмээдэг. Энэ нь зөвхөн монголчуудад байдаг хандлага биш, хүн төрөлхтний сэтгэлгээний нийтлэг онцлог юм.
Манай судалгаануудад ч үүнтэй холбоотой сонирхолтой үр дүнгүүд гарсан. Иргэд ямар мэдээллийг илүү идэвхтэй түгээдгийг тандахад “өөрийн үзэл бодолтой нийцэж байгаа”-г бусдад дамжуулдаг юм билээ. Гэхдээ хүн бүр ийм биш ч аливаа мэдээллийг үнэлэхэд хувийн үзэл бодол нь чухал үүрэг гүйцэтгэдэг. Нөгөө талаас худал мэдээллийг хүмүүс санаатайгаар түгээдэггүй. Гарчиг нь сонирхолтой, уур хүргэсэн, эсвэл олон хүн хуваалцсан учраас үнэн, эсэхийг нь цэгнэлгүй тараачихдаг. АНУ-д хийсэн, “Nature” сэтгүүлд нийтэлсэн судалгаагаар хүмүүсийн анхаарлыг мэдээллийн үнэн зөв байдалд түр хандуулахад л худал мэдээллийг түгээх хүсэл нь буурч байгаар тогтоосон. Өөрөөр хэлбэл, мэдээлэл түгээхээсээ өмнө хэдхэн хором бодох нь хүртэл ач холбогдолтой гэсэн үг.
Мэдээллийг нягтлахгүйгээр түгээх нь нийгмийн хэм хэмжээнд ноцтой үр дагавартай. Тухайн үйл явдлын талаар зөвхөн өөрийнхөө “үнэн”-д л итгээд байвал нийгэмд эрүүл хэлэлцүүлэг өрнөх боломжгүй. Нэг жагсаалыг зарим хүн эрхээ хамгаалах тэмцэл гэж харж байхад нөгөө хэсэг нь зохион байгуулалттай, захиалгат үймээн гэж үзнэ. Ингээд бодит асуудлыг, үйл явдлын тухай хэлэлцэхийн оронд буруутгал, бухимдал, үзэн ядалт газар авдаг. “Хэвлэл мэдээллийн боловсролын үндэсний VI форум”- ын үеэр уг асуудлыг өргөн хүрээнд хэлэлцсэн. Худал мэдээлэл тархахад хувь хүний сэтгэл зүйгээс гадна олны анхаарал татсан агуулгыг түргэн түгээдэг платформын тогтолцоо, төлбөртэй сурталчилгаа, улс төрийн ашиг сонирхол ч нөлөөлдөг. Эл хандлагыг өөрчлөх алхам ч энгийн. Үзэж, унших бүрдээ үүнийг нотлох баримт, өөр эх сурвалж байна уу гэдгийг өөрсдөөсөө асууж хэвших хэрэгтэй.
-МУБИС-ийн судалгаагаар оюутнууд өдөрт дунджаар найман цагийг ухаалаг утас ашиглахад зарцуулж, мэдээллийг голчлон фэйсбүүк, инстаграмаас авч байна. Нийтээрээ биш ч залуусын мэдээлэл авах дадал ийм л байгаа. Ер нь шинэ зууны хүүхэд, залуусыг алгоритмын нөлөөнд автахаас хэрхэн сэргийлэх вэ?
-Хэвлэлийн хүрээлэнгээс хийсэн судалгаагаар 18-24 насныхны 75 хувь нь фэйсбүүкийг цаг үеийн мэдээлэл авдаг хамгийн чухал эх сурвалж гэж нэрлэсэн. Энэ насныхны 27 хувь нь мэдээлэл хайхдаа хиймэл оюун ашигладаг гэжээ. Гэхдээ залуусыг зөвхөн алгоритмын нөлөөнд автдаг хэрэглэгч гэж харах нь буруу. Бид өнгөрсөн аравдугаар сард “HACKMIL 2026” хакатон зохион байгуулахад 27 хүн сонгогдон, долоон баг болж ажилласан юм. Тэд худал мэдээллийг таних, эх сурвалжийг шалгах сонирхолтой шийдлүүд боловсруулсан шүү. Эдгээрийг одоогоор туршиж, хөгжүүлэх шаардлагатай ч залуучуудын санаачилгаас харахад тэд зөвхөн мэдээлэл хэрэглэгч биш, асуудлыг олж тогтоох чадвартай, шийдэл эрэлхийлэгч, шинийг бүтээгчид гэдэг нь тодорхой харагдана. Иймд тэдэнд алгоритм хэрхэн ажилладгийг ойлгуулж, өөр эх сурвалжаас мэдээлэл хайх, хиймэл оюуныг бүтээлчээр ашиглах мэдлэг, ур чадвар эзэмшүүлэх нь чухал юм. Америкийн Сэтгэл судлалын холбооноос өсвөр үеийнхэнд мэдээллийн эх сурвалжийг үнэлэх, алгоритмын нөлөөг ойлгох, хуурамч дүрс бичлэгийг таних чадварыг боловсролын байгууллагаар дамжуулан заахыг зөвлөдөг.
-Мэдээллийн боловсролыг цэцэрлэгийн наснаас эхлэн эзэмшүүлэх боломжтой гэж мэргэжилтнүүд үздэг. Тэгвэл боловсролын тогтолцоонд үүнийг ямар агуулга, арга зүйгээр, хэдэн наснаас нэвтрүүлэх нь зохистой юм бэ?
-Хүүхдийг уншиж, бичиж сурахаас өмнө мэдээллийн тухай мэдлэг өгч болно. Цэцэрлэгийн хүүхдэд худал мэдээлэл, алгоритмын тухай онол заана гэсэн үг биш шүү. Тухайлбал, жинхэнэ болон далавчтай зааны хоёр зургаар шүүн тунгаах сэтгэлгээний суурийг хөгжүүлж, тэдний нас, ойлгох чадварт тохирсон тоглоом, үлгэр зэргээр аливаа мэдээллийн талаар бодож, эргэцүүлэх дадал суулгах боломжтой. Тэгвэл бага ангийнханд “Маргааш бүх сургууль амарна” гэсэн фэйсбүүкийн постыг хаанаас баталгаажуулахыг, дунд ангид мэдээ ба сурталчилгаа, цахим дарамт, хувийн мэдээллээ хамгаалахыг, ахлах ангид хиймэл оюун, алгоритм, хүний эрх, иргэний оролцоог бодит жишээгээр зааж болно. Энэ чиглэлээрх Финландын туршлага сонирхолтой. Тэнд мэдээллийн боловсролыг тусдаа хичээлээр заадаггүй, цэцэрлэгээс эхлэн хэл яриа, дүрслэх урлаг, нийгмийн харилцаа зэрэг суралцах үйл ажиллагаанд нь нэгтгэдэг. Хүүхдүүд янз бүрийн мэдээллийн хэрэгсэлтэй танилцаж, тоглонгоо зураг, дүрс бүтээж сурч байна.
Манайд ч гэсэн заавал шинэ хичээл болгон, хүүхдийн ачааллыг нэмэх шаардлагагүй. Монгол хэлний хичээлээр мэдээ, үзэл бодлыг ялгахад сургаж, түүхийнхээр нэг үйл явдлыг олон эх сурвалжид хэрхэн өөрөөр тайлбарласныг харьцуулж болно. Иргэний боловсролын хичээлээр цахим орчин дахь хүний эрх, хариуцлагыг хэлэлцэж болж байна. Гэхдээ ингэхийн тулд багш нараа давхар бэлтгэх хэрэгтэй. Багш тухайн мэдээллийг хэрхэн шалгах, хиймэл оюуныг хариуцлагатай ашиглахыг мэдэхгүй бол хүүхдэд юу заах билээ. Орчин үеийн хүүхдүүд цахим ертөнцийн “уугуул” иргэд учир тэднийг үүнээс тусгаарлах биш, эрсдэлийг нь ойлгуулж, аюулгүй, хариуцлагатай ашиглах чадварт сургах нь илүү чухал юм.
ЧАНАРТАЙ СЭТГҮҮЛ ЗҮЙН ЭРЭЛТ ХЭРЭГЦЭЭ БУУРААГҮЙ
-Манайд бүх шатны боловсролын тогтолцоонд битгий хэл, их, дээд сургуулийн түвшинд ганцхан МУБИС л сэтгүүл зүйн хөтөлбөртөө мэдээллийн боловсролын хичээл оруулжээ. Цаашид их, дээд сургуулийн мэргэжлийн бүх түвшинд үүнийг заавал эзэмшүүлэх хичээл болгох боломжтой юу?
-Боломжтой, бүр шаардлагатай. Мэдээллийн боловсрол бол зөвхөн сэтгүүл зүйн оюутнуудад заах хичээл биш. Ирээдүйн эмч эрүүл мэндийн худал зөвлөгөөг, эдийн засагч төөрөгдүүлсэн графикийг, инженер хиймэл оюуны алдаатай тооцоог, багш найдваргүй эх сурвалжийг таних ёстой. Уг чадвар нь мэргэжлийн ажлын чанарт шууд нөлөөлнө. Дээр хэлсэнчлэн Финландын туршлагаас суралцах зүйл бидэнд бий. Тэд энэ чиглэлийн боловсролын агуулгыг олон төрлийн хичээлд шингээж, хүүхэд багаасаа мэдээллийг ойлгох, үнэлэх, бүтээх чадвар эзэмшихээр зохион байгуулсан. Австрали ч мөн дижитал боловсрол, шүүмжлэлт сэтгэлгээг сургалтын олон чиглэлд нэгтгэсэн.
Сүүлийн жилүүдэд манай ерөнхий боловсролын сургалтын хөтөлбөрт мэдээллийн боловсролын зарим агуулга орж байгаа ч их, дээд сургуулиуд эл үйл явцаас үндсэндээ хоцроод байна. Гэтэл оюутнууд цахим технологи, хиймэл оюуны хамгийн идэвхтэй хэрэглэгчид. Тэд тодорхой мэдээллийг олон эх сурвалжаар нягталж баталгаажуулах, хиймэл оюунаар бүтээсэн контентын эх сурвалжийг олж тогтоох, харьцуулан үнэлэх, төөрөгдүүлсэн зураг, дүрс, графикийн алдааг илрүүлдэг байх нь суралцах үйл явцынх нь салшгүй хэсэг болох ёстой. Ийм агуулгыг шингээсэн мэдээллийн боловсролын нийтлэг хөтөлбөрийг их, дээд сургуулиуд хамтран боловсруулж, албажуулах нь зайлшгүй чухал гэсэн үг.
-Мэдээллийн хэрэглээний ихэнх хэсэг нийгмийн сүлжээнд төвлөрсөн өнөө үед иргэд мэргэжлийн редакцын бэлтгэсэн баримттай мэдээ, мэдээллээс илүүтэй олон дагагчтай нөлөөлөгч, хувь хүмүүсийн нийтлэл, бичлэгт итгэх нь нэмэгдсэн. Энэ нь мэргэжлийн сэтгүүл зүйд ихээхэн сорилт болж байна.
-10 гаруйхан жилийн өмнө хүмүүс мэдээлэл авахын тулд сонин уншиж, телевиз үзэн, сайт руу “ордог” байлаа. Харин одоо аливаа мэдээг фэйсбүүкээр дамжуулан шууд үздэг болсон. Гэхдээ сэтгүүлчийн нягталсан мэдээ, хэн нэгний хувийн бодол, төлбөртэй сурталчилгаа, худал мэдээллийг ч нэг л дэлгэцээр хүлээн авч байна. Тэр хэрээр аль нь найдвартай, эсэхийг ялгахад улам хэцүү болж буй. “Монголын хэвлэл мэдээллийн тогтвортой байдал” судалгаагаар мэдээллийн сайт уншдаг иргэдийн 81 хувь нь фэйсбүүкээр дамжуулан мэдээлэл авдаг бол ердөө 12 хувь нь л сайтын домэйн хаягаар нэвтэрдэг. Өөрөөр хэлбэл, редакц мэдээгээ бэлтгэдэг ч хэнд хүрэхийг фэйсбүүкийн алгоритм шийддэг болжээ. Энэ нь редакцын зар сурталчилгааны орлого, санхүүгийн тогтвортой байдалд ч нөлөөлж байгаа юм. Нөгөөтээгүүр, хурд, хандалтын төлөөх өрсөлдөөн сэтгүүл зүйд дарамт болсоор удлаа.
Сэтгүүлч жишээ нь, төсвийн мөнгөний зарцуулалтыг өчнөөн өдөр судалж, баримттай түгээхэд хүнд хүрэхгүй мөртлөө хэн нэгний “авлигачин” гэсэн пост хэдхэн цагийн дотор газар авдаг. Ийм өрсөлдөөн дунд редакцууд өөрсдөө ч дуулиан хөөж, хандалт цуглуулахад автах болсон. Гэхдээ дээрх судалгаанаас гэрэлтэй нэг зүйл ажиглагдсан нь иргэд фэйсбүүк түгээмэл хэрэглэдэг ч сонин, телевизэд илүү итгэсэн хэвээр байна. Мэдээллийн найдвартай, ойлгомжтой байдлыг ийн чухалд тооцож буй нь сайн хэрэг. Чанартай сэтгүүл зүйн эрэлт хэрэгцээ буураагүй гэсэн үг. Сэтгүүл зүйн салбар редакцын хараат бус байдал, санхүүжилтийн хүнд нөхцөлд байгаа нь үнэн. Гэсэн ч инфлюнсерүүдтэй хандалтаар уралдах биш, баримтаар баталгаажуулсан, олон талын мэдээллээрээ ялгарч, фэйсбүүкээс хэт хамаарахгүйгээр өөрийн гэсэн цахим суваг, аппликэйшн хөгжүүлж, хэрэглэгчидтэйгээ шууд харилцах нь чухал юм.
-Хэвлэл мэдээллийн байгууллагууд иргэдийн мэдээллийн боловсролыг дээшлүүлэхэд ямар үүрэгтэй оролцох хэрэгтэй вэ?
-Иргэд мэдээллийг нягталж сурахын хэрээр мэргэжлийн редакцын ажлыг илүү сайн үнэлнэ. Хэвлэл мэдээллийн байгууллагууд “Бидэнд итгэ” гэж ятгахын оронд яагаад тэгэх ёстойг үйлдлээрээ харуулах хэрэгтэй. Редакц тухайн мэдээг бэлтгэхийн тулд хөшигний арын мэргэжлийн үйл явцыг уншигч, үзэгчдэдээ харуулах нь орчин үед чухал болоод байна. Мөн алдаа гаргавал ил тод залруулдаг, төлбөртэй агуулгыг сэтгүүл зүйн мэдээнээс ялгаж заагладаг байвал илүү мэргэжлийн, итгэл төрүүлэхүйц харагдана. Эзэмшил, санхүүжилтээ ч ил тод болгох шаардлагатай. Гэхдээ нэг зүйлийг мартах ёсгүй. Худалтай нь тэмцэнэ гээд төрд таалагдаагүй мэдээллийг устгаж, хууль ёсны шүүмжлэлийг хааж болохгүй. Аливаа хязгаарлалт тодорхой үндэслэлтэй, ил тод байхаас гадна гомдол гаргах боломж, үйл явц нь тодорхой байвал зохилтой. Мэдээллийн боловсрол нь редакцын нэмэлт ачаа төдий биш, уншигчдад итгэл төрүүлэх, үнэнч хэрэглэгч, дэмжигчдийн “арми” бүтээх боломж юм.
МЭДЭЭЛЛИЙН БОЛОВСРОЛ ДЭЭШЛЭХ ТУСАМ ХУДАЛ МЭДЭЭЛЛЭЭР “ХООЛЛОХ” НЬ БАГАСНА
-Хуурамч мэдээлэл түгээгчид, худал мэдээллээр хандалт цуглуулж ашиг олдог цахим хуудас, пэйжүүд борооны дараах мөөг шиг л олширсон. Иргэд үүнд шүүлтүүртэй хандаад эхлэхээр цэгцрэх байх.
-Мэдээллийн боловсролтой иргэд олшрох тусам худал мэдээллээр ашиг олох боломж багасна. Гэхдээ ингэлээ гээд бүх асуудал шийдэгдчихгүй. Учир нь худал ташаа мэдээллээр нөлөөлөх, эрх мэдэл олж авах, бататгах, ашиг хонжоо олох тогтолцоо, арга стратеги манайд гүн бат нутагшсан. Үүнийг багасгахад дан ганц иргэдийн мэдээллийн боловсролыг дээшлүүлэхээс гадна фэйсбүүк, тикток, ютүб зэрэг платформын үүрэг хариуцлагыг чангатгах ёстой. Европын Холбоонд Цахим үйлчилгээний тухай хуулиар томоохон платформуудыг мэдээлэл түгээх тогтолцооныхоо эрсдэлийг үнэлэх, бууруулах, сурталчилгаагаа ил тод болгохыг шаардах болсон. Монголд ч ийм зарчим хэрэгтэй.
-Хиймэл оюунаар зураг, дүрс бичлэг, дуу хоолойг хуурамчаар бүтээх нь нэмэгдэж, бодит ба зохиомол мэдээллийг ялгахад улам л төвөгтэй болсоор. Харин иргэд энэ мэт шинэ сорилтод огтхон ч бэлтгэгдээгүй нь харагддаг.
-Нүдээрээ харсан бүхэн үнэн байхаа хэдийн больсон. Өнгөрсөн аравдугаар сард Билл Гейтсийн CNBC телевизэд өгсөн ярилцлагыг хиймэл оюунаар өөрчилж, “Дэлхий даяар усны хомсдолоос болж 2027 он гэхэд нэг тэрбум хүн нас барж болзошгүй” хэмээх хуурамч бичлэг фэйсбүүкээр өчнөөн мянган удаа түгээгдсэн. Бодит үнэн гэвэл Билл Гейтс энэ талаар огт дурдаагүй. Британийн “Full fact” баримт нягтлах байгууллага уг бичлэгийг шалгаж, дуу хоолой, амны хөдөлгөөнийг нь хиймэл оюунаар өөрчилснийг тогтоосон. Ярилцлагыг хүртэл ийм үнэмшилтэйгээр, хуурамч мэдээлэл болгон ашиглаж байна. Мэдээж хиймэл оюуныг шууд аюул, эрсдэл гэж харах нь өрөөсгөл. “Тэр” бидэнд мэдээлэл хайх, суралцах, судалгаа хийх, бүтээлч санаагаа богино хугацаанд хөгжүүлэхэд боломж олгож буй нь үнэн. Тиймээс хиймэл оюунаар бүтээсэн агуулгыг таних, эх сурвалжийг нь шалгах чадвартай болох нь чухал.
-Олон нийтийн мэдээллийн боловсрол сул байх нь ардчилал, хүний эрх, эрх чөлөө, төрд тавих хяналт, иргэдийн сонголтод хүртэл сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй хэмээдэг шүү дээ.
-Мэдээллийн боловсрол, ардчилал хоёр салшгүй холбоотой. Ардчилал гэдэг зөвхөн дөрвөн жилд нэг удаа сонгуульд санал өгөхийг хэлэхгүй. Иргэд төрийн шийдвэрийг ойлгож, асуулт тавьж, хариуцлага шаардаж, нийгмийн асуудалд оролцохыг хэлж буй. Үүний тулд үнэн зөв, найдвартай мэдээлэлтэй байх хэрэгтэй. Мэдээлэл олж, нягталж чаддаг иргэд л төрөөс бодит хариуцлага шаардана. Ийм иргэн олшрох тусам ардчилал бэхэжнэ. Сонгуулиар нэр дэвшигчдийн бодлого, мэдлэг туршлага, хийсэн ажлыг харьцуулахын оронд дуулиантай бичлэг, баталгаагүй мэдээлэлд тулгуурласан сонголт хийснээрээ та, бид ямар үр дагаварт хүрснээ хангалттай харлаа. Төр засаг ч мэдээллээ нээлттэй, ойлгомжтой хүргэж, хэвлэл ч хараат бусаар ажиллах нөхцөл бүрдэж байж энэ бүхэн цэгцэрнэ.
-Үзэл бодлоо илэрхийлэх нэрийдлээр бусдыг баримтгүйгээр гүтгэх, доромжлох, хувийн мэдээллийг нь тараах явдал цахим орчинд газар авсан. Мэдээллийн боловсролоор бусдын эрх, эрх чөлөөг хүндэтгэх соёлыг төлөвшүүлж чадах болов уу?
-Чадна. Цахим орчинд бусдын эрхийг хүндэтгэж, өөрийн хэлсэн үг, түгээсэн мэдээлэлдээ хариуцлагатай хандаж сурна. Фэйсбүүкт нийтэлсэн, “Би зүгээр л өөрийнхөө бодлыг хэлсэн” гэх үгээр хаацайлсан постыг хүмүүс хуваалцаж, сэтгэгдэл бичээд эхэлбэл тухайн гүтгүүлсэн хүн олны дайралтад өртөнө. Цаашлаад бодит амьдралд нь ч аюул, хохирол учрах эрсдэлтэй. Иргэн бүр үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, төрийн шийдвэр, албан тушаалтны үйл ажиллагааг шүүмжлэх эрхтэй. Харин эл халхавчин дор нотлогдоогүй зүйлийг баримт мэт тараах, хүний хувийн мэдээллийг задлах, бусдыг айлган сүрдүүлж ер болохгүй. Үүнийг нийтээр ойлгуулах нь мэдээллийн боловсролын нэг зорилго юм шүү дээ. Дэлгэцийн цаана ч бидэнтэй адил эрх, нэр төр, гэр бүл, сэтгэл зүйтэй хүн бий.
-Мэдээллийн боловсролыг бүх нийтийнх болгохын тулд төр засаг бодлогын түвшинд юу хийх, холбогдох яам, хэвлэл мэдээллийн байгууллага, их, дээд сургууль, иргэний нийгмийнхний хамтын ажиллагааг ямар зарчмаар зохион байгуулбал үр дүнтэй бол?
-Монголд өдгөө мэдээллийн боловсролыг хөгжүүлэх янз бүрийн хөтөлбөр, санаачилга хэрэгжүүлж байна. Гэсэн ч салбар дундын хамтын ажиллагаа төдийлөн уялдаагүй, хэн юу хийж, ямар үр дүнд хүрч буйг нэгдсэн байдлаар үнэлэхэд хэцүү. Нийслэлд эл чиглэлээр хэд хэдэн байгууллага сургалт явуулдаг ч алслагдсан сумын иргэдэд аль нь ч хүрдэггүй. Олон жил ашиглаж болохуйц сайн гарын авлага боловсруулсан ч төсөл нь дуусмагц хэрэглэхээ больдог. Тиймээс шинэ төсөл эхлүүлэхээс илүүтэй байгаа нөөцөө нэгтгэж, үр дүнтэй ашиглах нь чухал. Юун түрүүнд мэдээллийн боловсролыг салангид хэрэгжүүлдэг төсөл бус, үндэсний бодлогын нэг хэсэг болгох хэрэгтэй. Боловсролын яамныхан сургалтын хөтөлбөрөө шинэчлэх, багш бэлтгэхэд, их сургуулиуд судалгаа, арга зүй боловсруулахад, хэвлэл мэдээлэл олон нийтийг соён гэгээрүүлэхэд, иргэний нийгмийн байгууллагууд орон нутаг, зорилтот бүлгүүдэд хүрч ажиллахад хувь нэмрээ оруулж болно. Энэ бүхнийг уялдуулахад 2020 онд байгуулсан, Хэвлэл мэдээлэл, мэдээллийн боловсролын үндэсний сүлжээнийхэн бат бэх суурь болж чадна гэж бодож байна. Өөрөөр хэлбэл, шинэ бүтэц байгуулахын оронд буй нөөцөө ашиглах хэрэгтэй гэсэн үг.
-Хэвлэлийн хүрээлэн мэргэжлийн байгууллагын хувьд иргэдийн мэдээллийн боловсролыг дээшлүүлэхэд ямар төсөл, хөтөлбөр, санаачилга хэрэгжүүлж ирсэн бэ?
-Манайх 2009 оноос хойш мэдээллийн боловсролыг хөгжүүлэх чиглэлээр ажиллаж, судалгаа, сургалт, гарын авлага, олон нийтийн аян, үндэсний форум зэрэг цөөнгүй санаачилга хэрэгжүүлж байна. Бид сургалтын агуулга, арга зүйгээ орчин үетэйгээ хөл нийлүүлэн шинэчилсээр буй.
Бидний эцсийн зорилго мэдээллийн боловсролыг сургалтын түвшнээс гаргаж, үндэсний бодлогын хэмжээнд хүргэн, бүх насны иргэдэд хүртээмжтэй, тасралтгүй хөгждөг тогтолцоо бүрдүүлэхэд хувь нэмэр оруулах явдал юм.