“Чингис хаан” үндэсний музейд “Монголчуудын ертөнц: Ил хаант улс ба Персийн урлаг” тусгай үзэсгэлэнг ирэх сарын 20-ныг дуустал үзэгчдийн хүртээл болгож байна. Италийн Турин хотын Дорно дахины урлагийн музейн сан хөмрөгөөс сорчлон дэлгэсэн эл үзэсгэлэн нь Ил хаант улсын үеийн урлаг, соёлын харилцан нөлөөлөл, түүний өвөрмөц онцлогийг харуулж буйгаараа ач холбогдолтой. Түүнчлэн Монголын түүхийг Евроазийн соёлын харилцааны өргөн хүрээнд эргэцүүлэн харах боломж олгох 13 ховор үзмэрийг энд дэлгэжээ.

XIII зуунд Чингис хаан болон түүний залгамжлагчдын байгуулсан эзэнт гүрэн Евроазийн уудам нутгийг хамарч, Өрнө, Дорнын соёлын харилцааг тэлсэн билээ. Энэ үйл явц исламын ертөнцийн урлаг, соёлд ч гүн ул мөр үлдээжээ. Тухайлбал, Ил хаант улсын үед Ираны урчууд нүүдэлчдийн гоо зүйн таашаал, сонирхолд нийцүүлэн урлах арга барил, техникээ шинэчлэн хөгжүүлж байв. Үзмэрүүдийн дунд гэрлийн тусгалаас шалтгаалан өнгө нь хувиран харагддаг Кашаны минаи буюу олон өнгийн паалант чимэглэлтэй шаазан аяга тэргүүтэй сонирхолтой бүтээлүүд багтжээ. Монголчуудын байлдан дагууллаас өмнө Кашаны урчууд пааланг хэд хэдэн үе шаттай шатаах аргаар ордны амьдралыг дүрсэлдэг байв. Харин Ил хаант улсын үед лажвардина хийцийн шаазан эдлэлд алтан навч, улаан болон цагаан өнгийн чимэглэл нэмж, урлахуйн шинэ хэв маягийг бий болгожээ. Түүнчлэн Ил хаадын эрхшээлд байсан Дорнод Персийн оршин суугчид шашин, соёлын уламжлалаа хадгалж үлдсэнийг илтгэх нэгэн сонирхолтой бүтээл нь тахианы толгой шиг хэлбэртэй усны сав юм. Энэ нь тахиа донгодоход үүр цайж, ад зэтгэрийг үргээдэг хэмээх Зороастрын шашны итгэл үнэмшлийг илэрхийлдэг байна.
1226–1261 оны сурвалж бичгүүдэд тансаг хийцтэй шаазан эдлэлийн тухай харьцангуй цөөн дурдсан ч тухайн үед сүм хийд, хааны ордны чимэглэлийн урлаг өргөн дэлгэрч байв. Абага хааны зарлигаар бариулсан Тахт-е Сулайман ордны чимэглэлд шаазанг өргөн ашиглаж, сүр жавхланг нь тодотгож байжээ. Тухайн үеийн шаазан эдлэлийн паалант гадаргуу гэрлийн тусгал болон харах өнцгөөс хамаарч өөр өөрөөр гялалздаг онцлогтой. Түүнчлэн Султанабад хийцийн аяга, тавагт өтгөн навчит ургамлын дунд амьтдыг дүрслэх нь түгээмэл байжээ. Ийм төрлийн олдвор өнөөгийн Арак хотын орчмоос олноор илэрдэг ч үйлдвэрлэж байсан газрын байршлын талаар судлаачид одоог хүртэл нэгдсэн байр сууринд хүрээгүй байна. Тухайн үеийн шаазангийн загвар, дүрслэлийн хэв маяг Сири, Египет, Алтан ордны нутагт ч нэвтэрч, бүс нутгийн урлагийн уламжлал, гоо зүйн онцлогтой уялдан хөгжжээ.
У.Сүрэн