Монголын хөрөнгийн бирж (МХБ)-ээс өнгөрсөн баасан гарагт зэсийн баяжмалын нэг удаагийн арилжааны дүн 866.9 тэрбум төгрөгт хүрснийг мэдээллээ. Тухайлбал, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын 22.3 хувийн зэсийн агууламжтай, 80 000 нойтон тонн буюу 72 480 хуурай метр тонн зэсийн баяжмалын арилжааг амжилттай зохион байгуулсан аж. Үүгээр зэсийн баяжмалын нэг тонн тутмын үнэ 3272.16 ам.доллароос 3317.16 болж нэмэгдсэн гэнэ. Ингэснээр арилжааны нийт хэлцлийн үнийн дүн анхны дуудсан ханшаас 11.76 тэрбум төгрөгөөр нэмэгдэж, 866.9-д хүрсэн байна. Энэ нь одоогоор МХБ-ээр хийсэн уул уурхайн бүтээгдэхүүний арилжааны түүхэн дээд ханштай хэлцэл болсныг дээрх байгууллагынхан онцлов. Ташрамд дурдахад, өчигдрийн байдлаар Лондоны металлын биржид нэг тонн цэвэр зэс 12 160-12 180 ам.долларын ханштай байв. Тэгвэл 22.3 хувийн агууламжтай баяжмалаас 220-230 кг цэвэр зэс гарах боломжтой юм.
С.Цэрэн