МУБИС-ийн Түүхийн тэнхимийн эрхлэгч, доктор, дэд профессор Ч.БОЛДБААТАР
Үндсэн хууль бол хууль зүйн дээд хүчин чадалтай төрийн дээд хууль юм. Монгол Улсын Үндсэн хуулийн түүхнээ 1924 онд баталсан Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Үндсэн хууль хүндтэй байр суурь эзэлдэг бөгөөд тэрхүү Үндсэн хуулийн төслийг боловсруулах бэлтгэл ажил, боловсруулсан үйл явц, гадаадын хүчин зүйлс, монголчуудын оролцооны тухайд энд өгүүлнэ.
ҮНДСЭН ХУУЛИЙН ТӨСЛИЙГ БОЛОВСРУУЛСАН ҮЙЛ ЯВЦ
Монголын эх орончид, улсМонголынхоо тусгаар байдлыг сэргээн мандуулах зорилго тавьж, улс төрийн нам болж эвлэлдэн нэгдсэн тэрхүү цаг үеэс алс ирээдүйд Монгол Улс төрийн ямар байгуулалттай байх талаар бодолхийлэн байжээ. Энэ үзэл санаа 1920 оны наймдугаар сард Зөвлөлийн засагт Орос улсын Засгийн газрын Эрхүү дэх бүрэн эрх барих төлөөлөгчид өргөсөн бичиг ба “Монголын үнэн” хэмээх сонин бичигт хэвлүүлсэн цуврал нийтлэлд тод туссан юм.
Ардын засаг тогтсон даруйд Засгийн газраас “...Улсын Их Хурлыг хуралдуулж, Үндсэн хууль тогтоолыг нэгэн жилээс хэтрүүлэхгүй хуралдуулан гүйцэтгэх”1 -ээр сэдэвхийлэн оролдож эхэлсэн ба ардын эрхтэй хэмжээт цаазат засгийн гол Үндсэн хууль, дагаж явах дүрэм хэмжээ боловсруулах тухай тогтоол баталжээ.
Ардын Засгийн газрын 1922 оны тавдугаар сарын 19-ний өдрийн 21 дүгээр хурлын тогтоолоор Шүүх яамны сайд Н.Магсаржаваар толгойлуулсан тусгай комисс байгуулж, Үндсэн хуулийн төсөл боловсруулах хэргийг даалгасан хэдий ч уг хэргийг болзсон хугацаанд биелүүлж эс чаджээ. Уг комисс 227 хоног ажиллах хугацаандаа улсын Үндсэн хуулийн төсөл боловсруулах ажлын бэлтгэл болгож Англи, хойд Америкийн холбоот улс, Норвеги, Япон, Зөвлөлт Орос улсын Үндсэн хуулийг монгол хэлнээ орчуулсан бол2 зарим мэдээгээр уг комисс Англи, Швед, Бельги, Голланд зэрэг улсын Үндсэн хууль, Үндсэн хуулийн чанартай актууд, мөн хөрөнгөтөн орны Үндсэн хуулийн хөгжлийн тухай судалгааны бичиг зохиолыг орчуулах, судлах ажил хийжээ3 . Ардын Засгийн газрын 1922 оны арванхоёрдугаар сарын 29-ний өдрийн 56 дугаар хурлаар Үндсэн хууль боловсруулах комиссын дарга Н.Магсаржавын санал ёсоор дээрх комиссыг татан буулгаж “...Засгийн газрын цааз хуулийг эмхлэх хэлтэст хавсарган гүйцэтгүүлэх”4 -ээр тогтсон байна. 1922-1923 онд Засгийн газрын цааз хуулийг эмхлэх хэлтсийн эрхэлсэн түшмэлээр Магсаржав гүн, Чимэддорж бэйс, Найдансүрэн гүн нар ажилласан ба уул хэлтсийн дарга нар ийнхүү ойр ойрхон солигдох болсны улмаас Үндсэн хуулийн төсөл боловсруулах ажилд төдий л ахиц гараагүй бололтой5 .
Харин Монгол Ард Улсын Их Хурал нээгдэхээс 15 хоногийн өмнө буюу 1924 оны аравдугаар сарын 24-нд Засгийн газрын хурлаар Үндсэн хуулийн төсөл боловсруулах комиссыг Б.Цэрэндорж, Ж.Цэвээн, Элбэгдорж Ринчино, П.Всесвятский, Гомбо Бадамжапов нарын бүрэлдэхүүнтэй баталж, “...өөр боловсронгуй хүнийг урин авч... эл зүйлийг гурван долоо хоногийн дотор гүйцэтгүүлэн ирүүлэх”6 - ийг даалгажээ. Уг комисс маш богино хугацаанд, тодруулбал, арваннэгдүгээр сарын 2-ноос өмнө Монгол Ард Улсын Үндсэн хуулийн эхийг боловсруулж дуусгаад, Коминтерний Гүйцэтгэгч Хороо (КИГХ)-нд7 илгээжээ. Энэ эх одоогоор бидэнд олдоогүй бөгөөд тэрхүү Үндсэн хуулийн төсөлд КИГХ ямар хариу өгсөн нь тодорхойгүй юм. Үндсэн хуулийн төсөл боловсруулах ажлыг “боловсронгуй төлөөлөгч” Турар Рыскулов голлон нугалсан байна. Тэрбээр 1924 оны арваннэгдүгээр сарын 2-нд КИГХны Тэргүүлэгч гишүүн Д.З.Маниульский, Г.Н.Войтинский нарт илгээсэн захидалдаа “...Цэрэндорж Үндсэн хуулийн төслийг баталсан төв комиссын хуралдаан дээр Үндсэн хуулийн талаар миний боловсруулсан төслийг бараг бүхэлд нь хүлээн авсан” гээд, үүнээ тодотгон “...Үндсэн хуулийн төслийг Всевятскийтэй хамтран боловсруулсан”8 гэжээ. Мөн “...ЗСБНХУ хийгээд Алс Дорнодын Бүгд Найрамдах Улсын Үндсэн хууль болон бусад янз бүрийн төслийг материал болгон ашигласан”9 гэж дурдсан байна.
Үндсэн хуулийн төслийн эхийг Монгол Ард Улсын Их Хурлыг нээхийн өмнөх өдөр буюу 1924 оны арваннэгдүгээр сарын 7-нд Засгийн газарт өргөн барьжээ. МАН-ын Төв Хорооны Тэргүүлэгчид 1924 оны арвваннэгдүгээр сарын 20-25-нд хуралдаж, Үндсэн хуулийн асуудлыг авч хэлэлцээд “...тусгай комиссоор төлөвлөсөн улсын Үндсэн хуулийг (төслийг Ч.Б)... зөвшөөрч10” Улсын анхдугаар Их Хурлаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн бөгөөд Улсын Их Хурал 14 дэх өдрийн хуралдаанд уг төслийн талаар Үндсэн хуулийг боловсруулах комиссын дарга Б.Цэрэндорж товч илтгэл тавьж бүлэг, зүйл бүрийг уншин тайлбарлаж хэлэлцүүлжээ.
КОМИНТЕРНИЙ ТӨЛӨӨЛӨГЧ Т.РЫСКУЛОВ НАРЫН АШИГЛАСАН ЭХ СУРВАЛЖИЙН ТУХАЙ
Т.Рыскулов нар БНМАУ-ын Үндсэн хуулийн төслийг боловсруулахдаа Зөвлөлтийн төрийн байгуулалтын загварыг шууд хуулбарлан авчээ. Тэрбээр “...Үндсэн хуулийн гурав дахь гол зүйл бол байнгын Тэргүүлэгчид бүхий Бага Хурлыг байгуулах явдал мөн... Шинэ Үндсэн хуульд зааснаар Их, Бага Хурал хийгээд Эдийн засгийн зөвлөл бүхий Засгийн газартай байна гэдэг бол манайхны Бүх Оросын Зөвлөлүүдийн Их Хурал, Бүх Холбоотын Төвийн Гүйцэтгэх Хороо, Ардын Комиссар нарын Зөвлөл гэсэнтэй адил11” гэж тэмдэглэжээ. Ингэснээр БНМАУ-ын Үндсэн хуульд төрийн эрх барих байгууллагыг зураглахдаа ЗСБНХУ-ын Үндсэн хууль дахь төрийн байгуулалтын загварыг эш үндэс болгосон Улсын Их Хурал, Улсын Бага Хурал, Улсын Бага Хурлын Тэргүүлэгчид гэсэн шаталсан бүтцийг бий болгожээ.
1924 оны БНМАУ-ын Үндсэн хуулийн V бүлэг “Улсын зарлага, орлогын эрхийн тухай”-д төрийн санхүүгийн бодлогын үндсэн зарчмыг тунхаглав. Харьцуулсан судалгаагаар харьяат улсын орлого, зарлагыг улсын нэгдсэн дансанд нэгтгэх, улсын төсвийг зохион мэдүүлэх хугацаа, улсын төсөвт тусгагдаагүй ба тусгай дүрэм гаргаж зөвшөөрөөгүй бол ямар ч зүйлд улсын сангаас хөрөнгө зарцуулахгүй байх зэрэг зүйлүүд нь АДБНУ-ын Үндсэн хуулийн “Улсын орлого, зарлага, ба данс тооцоо” хэмээх хэсгийн 157, 158, 159, 161 дүгээр зүйлтэй адил байгаа тул тэдгээрийг шууд хуулбарлан авсан байж болзошгүй гэж бид үзэж байна.
Коминтерний төлөөлөгчийн “...Бусад янз бүрийн төслийг материал болгон ашигласан” гэх тухайд саналаа хэлэхэд, Турар Рыскулов болбоос 1916 онд Ташкентийн Багшийн сургуульд суралцаж байх үеэс хувьсгалт үйл явцад оролцож эхэлсэн бөгөөд 1919 оноос Туркестаны коммунист намын Мусульманы товчооны тэргүүлэгч, 19191920 онд Туркестан Зөвлөлт улсын (орос. ТСР) Төвийн Гүйцэтгэх хорооны Тэргүүлэгч, Эрүүл мэндийн асуудал эрхэлсэн ардын комиссар, мөн Монгол Ард Улсад ирэхээсээ өмнө буюу 1922-1924 онд Туркестаны Зөвлөлт социалист автономит улс (орос.ТАССР)-ын Ардын комиссар нарын Зөвлөлийн даргаар ажиллаж байсан юм. Туркестан нь 1918-1924 онд Зөвлөлт Орос Улсын бүрэлдэхүүнд багтаж байсан автономит улс бөгөөд 1918 оны аравдугаар сарын 15-д анхны Үндсэн хуулиа баталж12, хоёр жилийн дараа дахин шинэ Үндсэн хуультай болжээ13. Энэхүү Үндсэн хууль нь Зөвлөлт Орос улсын Үндсэн хуулийг загвар болгож хуулбарласан байсан юм. Туркестаны Үндсэн хууль (1920) нь зургаан хэсэг, 110 зүйлтэй, тавдугаар хэсэгт иргэдийн сонгох, сонгогдох эрхийн тухай заахдаа зургаан зүйлээр иргэдийн сонгох, сонгогдох эрхийг хассан нь БНМАУ-ын Үндсэн хуулийн IV бүлгийн 35 дугаар зүйлд заасан сонгуулийн эрхгүй хүмүүсийн зүйл, төрөлтэй үндсэндээ тохирч байна. Т.Рыскулов нар Монгол Улсын Үндсэн хуулийг төлөвлөхдөө “Юуны өмнө Монгол ямар бүгд найрамдах засагтай байх вэ, түүний үндэс нь юу байх вэ гэдгийг яг таг заан тодорхойлох, хоёрдугаарт, уг засаг хүн амын ямар ангийг тулгуурлах вэ гэдгийг тогтоож... өгөх ёстой” гэж үзэж байсан тул Зөвлөлт ба Туркестаны Үндсэн хуулиас дээрх зүйл ангид тохирох заалтыг шууд хуулбарлан авч ашигласан байна.
ҮНДСЭН ХУУЛИЙН ТӨСӨЛ БОЛОВСРУУЛАХАД МОНГОЛЧУУДЫН ОРОЛЦОО БАЙСАН УУ
Коминтерний төлөөлөгч Т.Рыскулов, зөвлөх түшмэл П.Всесвятский нараас Зөвлөлт Орос улс, Алс Дорнодын Бүгд Найрамдах улс, мөн Зөвлөлт Туркестаны Үндсэн хууль зэргийг ашиглан БНМАУ-ын Үндсэн хуулийн төслийг боловсруулсан юм бол, 1922-1924 онд ажилласан Н.Магсаржавын комисс, Засгийн газрын хууль цаазыг эмхлэх хэлтсээс боловсруулсан төсөл, монголчуудын эх сурвалжаас ашигласан, эсэх, ашигласан бол юуг авч ашигласныг тодруулах нь нэн чухал юм. Үүнийг тогтоон, тодотгохын тулд Үндсэн хуулийг бүлэг бүрээр нь авч үзье.
ОРШИЛ ХЭСЭГ
БНМАУ-ын Үндсэн хуулийн оршил хэсэгт 1924 оны МАН-ын Төв Хорооны III бүгд хурлын тогтоолыг нийтэлжээ. Оршил хэсэг дэх “...улсын дээд эрхийг Улсын Их Хурлын дүрэм ёсоор тус Хуралд хадгалж, хурлын чөлөө цагт Засгийн газраа хадгална” гэсэн улс төрийн шийдвэр нь Т.Рыскуловыг Хүрээнд ирэхээс өмнө МАН-аас Монгол Ард Улсын төрийн байгууллын талаар нэг шат бүхий хурлын байгууллагатай байхаар тогтсоныг харуулдаг. 1923 оны аравдугаар сарын 5-ны өдрөө баталсан ардын эрхт хэмжээт цаазат улсын Улсын Хурлын дүрэмд харьяат Хурлын эрхлэвээс зохих хэрэг зүйлд “...Ардын Засгийн газрын эдүгээ бүхий албаны газруудыг батлах, устгах ба шинэ албаны газар байгуулж, эрхлэн шийтгэвэл зохих зүйлүүдийг хянана тогтооно”, “Ардын Засгийн газрын Ерөнхий сайд, жинхэнэ орлогч сайд, Бүх цэргийн зөвлөлийн Тэргүүлэгч, Бүх цэргийн жанжин, олон явдлын яамны сайдууд ба Засгийн газрын хянан байцаах хэлтсийн даргыг сонгох, огцруулах явдлыг хянан хэлэлцэж батлан тогтооно” 14 гэсэн нь Улсын Хурлаас Засгийн газрыг томилохоор төлөвлөж байсныг харуулна. Гэтэл Т.Рыскулов нар энэхүү улс төрийн шийдвэр, байр суурийг үл хэрэгсэн Зөвлөлт загварын олон шатлалт хурлын байгууллын үзэл санааг тулгаж, Засгийн газрыг Улсын Их Хурлаас бус Улсын Бага Хурлаас нэгэн жилийн хугацаагаар байгуулахаар Үндсэн хуулийн төсөлд тусгажээ15. Харин Улсын анхдугаар Их Хурал хуралдаж, Үндсэн хуулийн төслийг хэлэлцэх явцад төлөөлөгчдөөс сайд нарыг буюу Засгийн газрыг Улсын Их Хурлаас сонгох санал гаргаж, Үндсэн хуулийн төсөл боловсруулах комиссын гишүүн Р.Элбэгдорж, Т.Рыскулов нар тайлбар хэлж, Улсын Бага Хурал хэмээх институцийг байлгах, эсэх асуудлаар санал хураасан билээ16.
Нягтлан үзвэл, бүгд найрамдах засгийг явуулах тухай МАН-ын Төв Хорооны III бүгд хурлын тогтоол ба Т.Рыскулов нарын боловсруулсан хувилбарыг шууд нийлүүлснээр Үндсэн хуульд төрийн эрх барих байгууллагын байгуулалтын талаар зөрчилтэй зүйл тусгагдсан байна.
Нэгдүгээр бүлэг: МОНГОЛЫН ЖИНХЭНЭ АРДЫН ЭРХ ЧӨЛӨӨГ ИЛТГЭН ТУНХАГЛАХ НЬ
БНМАУ-ын Үндсэн хуулийн нэгдүгээр бүлэгт 1921-1924 онд Ардын Засгийн газраас авч хэрэгжүүлсэн бодлого, ололтыг бататгаж, Монгол Улс бүрэн тусгаар тогтносон, ардын эрхт улс болох, төрийн бүрэн эрх гагцхүү ард түмний гарт оршихыг хуульчлан тогтоож, ардын засаг төрийн зохион байгуулалтын ерөнхий зарчим, хөгжлийн хэтийн төлөвийг тодорхойлжээ.
1922-1923 онд Үндсэн хуулийн төслийг боловсруулахдаа Ардын Засгийн газрын барьж байсан үндсэн чиг шугам бол “эдүгээгийн явуулан буй засгийн байдалд нийлүүлэн зохиовол зохимой... эдүгээ явуулж бүхий дүрэм хэмжээнд нийлүүлэн засаж залруулан” 17 төлөвлөх явдал байсан юм. Тиймээс Монгол Ард Улсын анхдугаар Их Хурал хүртэлх гурван жилийн хугацаанд Ардын Засгийн газраас хуучны хамжлагат харилцааг эвдэх, ардын ардчилсан тогтолцоог бүрдүүлэхээр гаргасан хууль эрхийн шинжтэй дүрэм заавар, тогтоол шийдвэр нь БНМАУ-ын Үндсэн хуулийг боловсруулахад чухал үндэслэл, суурь болсон юм.
БНМАУ-ын Үндсэн хуулийн гуравдугаар зүйлийн нэгт, харьяат улсын хязгаарын дотор бүхий газар ба уурхай, ой мод, ус, байгалийн баялгийг улсын өмч болгосон тухайд Засгийн газрын Эрхлэх товчооны гишүүдийн 1921 оны тавдугаар сарын 21ний өдрийн 19 дүгээр хуралдаанаас “...Монгол ардын үндсэн хөрөнгө болох газрыг энгийн хүмүүст хувь хязгааргүй хэрэглүүлэх явдлыг устгавал зохино” 18 гэж тогтоосон явдлыг Үндсэн хуульд батлан хуульчилжээ.
Түүнчлэн 1921 оны долоодугаар сарын 30-нд Засгийн газрын гишүүд хуралдсан наймдугаар хурлын 12 дугаар зүйлд “...олон чуулган, хошуу шавийн эл үүдсэн албаны өр ширийг бидний Засгийн газраас зааж тушаахын наана аль ч газар өгөх төлөхийг бүрэн хэлэлцэхгүй болгохыг Ардын Засгийн газраас зохих олон газраа зарлан тушааж дагаж шийтгүүлэн, басхүү үлдсэн өр ширийн тоо хэчнээн болохыг сайтар тодорхойлон мэдүүлж ирүүлэх ба үүнээс урагш урьд адил өр шир үүтгэхийг цаазлан зогсоохоор тогтов” гэж заасан, мөн 1924 оны есдүгээр сарын 29-ний өдөр Ардын Засгийн газар хурлын олон гишүүд хуралдаж зөвлөлдөн тогтоосон 35 дугаар хурлын зургаадугаар зүйлд гадаадын худалдаачид, мөнгө хүүлэгчдэд төлөх өрийг бүрмөсөн устгасан тухай тогтоолыг иш үндэс болгож, “...өр шир бол улсын ба ард олны аж ахуйд маш хорлолтой болох учир энэ 14 дүгээр онд Ардын Засгийн газрын тогтсон ёсоор эл өрийн үлдэгдлийг бүрнээ төлүүлэхийг хэрэгсэхгүй болгон устгаж, басхүү 11 дүгээр он Засгийн газрын тогтсон ёсоор аль нэгэн этгээдийн байгуулсан өрийг ард олонд халдаан төлүүлэх суртлыг устгасан явдлыг бататгав” гэж БНМАУ-ын Үндсэн хуулийн гуравдугаар зүйлийн гуравт хуульчилжээ.
Энэ мэтчлэн БНМАУ-ын Үндсэн хуульд нэгдүгээр бүлэгт улсын үндсийг бататгахад гол болгон явуулбал зохих зүйлийг Засгийн газрын тогтоол, монголчуудын эх хэрэглэгдэхүүнийг ашигласан болох нь тодорхой байна.
Хоёрдугаар бүлэг: УЛСЫН ДЭЭД ЭРХИЙГ БАРИХ ГАЗРЫН ТУХАЙ
БНМАУ-ын Үндсэн хуулийн хоёрдугаар бүлэгт тусгагдсан төрийн дээд эрх барих байгууллагын байгуулалтын талаар Т.Рыскулов нарын үзэл санааг хүлээн авах талаар Монголын сэхээтнүүд өөр байр суурьтай байжээ. Т.Рыскулов нарын бэлтгэсэн төслийг Үндсэн хууль боловсруулах комиссын хуралдаанаар хэлэлцэх үеэр Ж.Цэвээн “...Монголд онцгой маягийн Үндсэн хууль байх хэрэгтэй юү” гээд, ийм хуультай байснаас байгаагүй нь дээр гэсэн санаагаар “...Үндсэн хуульгүй улс орон ч байдаг” 19 гэж хэлж байжээ.
Улсын анхдугаар Их Хурал хуралдахаас өмнө (1924 оны есдүгээр сарын 19-нд) баталсан, Монгол Ард Улсын Улсын Их Хурлын дүрмийн 10 дугаар зүйлд20 Улсын Их Хурлыг гурван жилийн хугацаатай сонгохоор заасан ч Коминтерний төлөөлөгчийн санал, шахалтаар Улсын Их Хурлыг нэгэн жилийн хугацаагаар сонгохоор төсөлд тусгажээ. Хожим Т.Рыскулов МАХН-ын Төв Хороонд бичсэн захидалдаа “...Үндсэн хуулийг төлөвлөөд хянахад нөхөр Ринчиногоос Улсын Бага Хурал нь чирэгдэл үлэмж бүхий учир хэрэггүй хэмээж дараа нь мөнхүү саналаа буцаж Бага Хурлын Тэргүүлэгчид ба Засгийн газар хоёрыг нэгтгэхээр санал оруулсан... бас Их Хурлуудын ба Засгийн газрын сонголтуудыг урьд хэвээр гурван жилийн хугацаатайгаар явуулахыг санал оруулсан нь ард түмэн лүгээ хэлхээ холбоог зузаатгах явдал дөхөмгүй болох учир Төв Хороо ба Улсын Их Хурал нь сонголтын хугацааг нэгэн жилээр тогтоосон” 21 гэжээ. Улсын дээд эрх барих газруудын бүрэн эрхийг ийнхүү нэгэн жилээр тогтоосон учир шалтгаан нь Ч.Дашдаваа абугайн үзсэнчлэн22, Монголын төр засгийн удирдлагыг дуртай цагтаа сольж өөрчилж байх Коминтерний бодлоготой холбоотой байсныг үгүйсгэх аргагүй юм.
1924 оны есдүгээр сард баталсан Улсын Хурлын дүрмийн хоёрдугаар бүлэгт тус Хурлын эрхлэх зүйлийг 17 зүйл дараалан заасан нь улсын Үндсэн хуулийг батлах, хууль дүрмийг батлах, өөрчлөх, Засгийн газрын яам, албан газрыг байгуулах, татан буулгах, эрхлэн шийтгэх хэргийг тогтоох, шүүх байгуулах, гадаад улс оронтой дайтах, найрамдах, гэрээ хэлэлцээрийг батлах, гадаадын иргэдийг харьяат болгох, эсэх, гадаад, дотоодоос мөнгө зээлдэх, үйлдвэр, худалдаанд монополь, концессын эрх олгох, эсэх, улсын төсвийг батлах, мөнгө цаас хэвлэх, хэмжээ жигнүүр тогтоох, аж үйлдвэр, сургууль гэгээрлийн хэргийг эрхлэх зэрэг болно. Эдгээр нь БНМАУ-ын Үндсэн хуулийн тавдугаар зүйлд улсын дээд эрхийг хадгалах газруудын эрхлэн шийтгэвэл зохих хэргийг 15 зүйлээр заан тэмдэглэсэнтэй үндсэндээ таарч байгаа нь УИХ-ын дүрмийг ашигласныг баталж байна.
Гуравдугаар бүлэг: НУТГИЙН ЗАХИРГААНЫ ТУХАЙ
БНМАУ-ын Үндсэн хуулийн III бүлгийн дөрвөн зүйл нь “Монгол Улсын нутгийн захиргааны дүрэм”тэй холбогдоно. Ардын засгийг анх байгуулаад Улсын Их Хурлыг зарлан хуралдуулахыг зорьсон ч орон нутгийн засаг захиргааг шинэтгэн байгуулах явдал нэн чухал байсан тул дээрх харилцааг зохицуулсан Нутгийн захиргааны дүрэм хэмжээг Засгийн газраас боловсруулан гаргасан юм. 1923 оны нэгдүгээр сарын 25-нд Засгийн газраас “Монгол Улсын нутгийн захиргааны дүрэм”, “Монголын олон засаг ба засаг бус ван гүнгүүдийн эрх хэмжээний дүрэм”-ийг батлан гаргасан бөгөөд эдгээр нь харилцан бие биеийг нөхсөн, юуны өмнө феодал ангийн эсрэг чиглэсэн Үндсэн хуулийн чанартай баримт бичгүүд23 байсан юм. БНМАУ-ын Үндсэн хуульд төрийн эрх барих орон нутгийн байгууллагын нэр, бүрэн эрхийн хугацаа, түүнийг байгуулах эрх хэмжээг уг дүрэмд заасныг эш үндэс болгон авчээ.
ТАВДУГААР БҮЛЭГ: УЛСЫН ОРЛОГО, ЗАРЛАГЫН ЭРХИЙН ТУХАЙ
БНМАУ-ын Үндсэн хуулийн тавдугаар бүлгийн зарим хэсгийг АДБНУ-ын Үндсэн хуулиас авсан байж болзошгүй тухай дээр дурдсан. Түүнчлэн үлдсэн хэсэг зүйлийг Ардын Засгийн газраас 1922-1924 онд эдийн засгийн талаар хэрэгжүүлсэн бодлого, үйл ажиллагааны зарчим жишигт нийцүүлэн Үндсэн хуульд тусгасан байна. “Монгол Улсын нутгийн захиргааны дүрэм”-д сум, хошууны хурал нь харьяат баг, сумын хурлаас мэдүүлсэн өрх ам, мал хөрөнгийн тоог магадлан хянах, албан татварыг шударгыг барьж нийгэмчлэн хуваах, хошууны орлого, зарлагыг хянан хэлэлцэж, аймгийн хуралд мэдүүлэн батлуулах, хошууны албан татварын хэлтэс нь хошууны орлого, зарлагын дансыг анги зүйлээр ялган салгаж үйлдэх, өнгөрсөн жилийн төсвийг бодож, хошууны хурлаар хянан байцаахад бэлтгэх, эсэргэн жилийн орлого, зарлагыг төсөвлөн бодож аймгийн яамнаа мэдүүлэх зэргээр орон нутгийн санхүүгийн албадын эрх үүргийг тодорхойлон тогтоосон24 бөгөөд Засгийн газрын 1923 оны дөрөвдүгээр сарын 6-ны өдрийн хурлаар улсын орлого, зарлагын төсөвлөсөн дансыг Засгийн газраар батлуулж байх дүрэм баталжээ. Эдгээр дүрэм хэмжээг БНМАУ-ын Үндсэн хуультай харьцуулан харахад, тухайлбал 44, 45 дугаар зүйлийг боловсруулахад дээрх хууль дүрэмд нийцүүлэн хийжээ. Өөрөөр хэлбэл, тус бүлгийн зарим зүйл заалтыг Засгийн газраас баталсан хууль дүрмээс авч Үндсэн хуульд тусгасан байна.
Зургаадугаар бүлэг: УЛСЫН ТАМГА БА СҮЛД ТЭМДЭГ, ТУГ ДАЛБАА
БНМАУ-ын Үндсэн хуулийн энэ бүлэгт улсын тамга, сүлд тэмдэг, туг далбааг тодорхойлон тогтоожээ. 1911 онд улс гэрээ сэргээн босгож төрийн тамга, сүлд, далбааг бий болгосон уламжлалаа дагаж төрийн сүлдэнд соёмбо тэмдгийг залж, улсын туг далбааг тухайн цаг үеийн нөхцөлд таацуулан улаан дэвсгэртэй, төв дундад нь улсын сүлд тэмдэг байхаар төлөвлөжээ. Харин Улсын анхдугаар Их Хурлын төлөөлөгчдийн саналаар “...тус улсын Их, Бага Хурлыг Улаанбаатар хотод хуралдуулан байваас зохино”25 гэсэн зүйлийг нэмэн оруулсан байна.
ДҮГНЭЛТ
Нэг. БНМАУ-ын Үндсэн хуулийн төслийг 1924 оны аравдугаар 24-нөөс арваннэгдүгээр сарын 2-ны хооронд Коминтерний төлөөлөгч Т.Рыскулов нар, ЗСБНХУ, АДБНУ-ын Үндсэн хууль, бусад янз бүрийн төслийг ашиглаж, боловсруулсныг архивын баримт нотолж байна. Т.Рыскулов нар төсөлдөө олон шатлалт төрийн институц бий болгох, нийгмийн зарим хэсгийн сонгуулийн эрхийг хассан нь Зөвлөлтийн улс төрийн тогтолцооны шууд тусгал, хуулбар юм. Хоёр. 1924 оны БНМАУ-ын Үндсэн хуулийн бүлэг, зүйлийг боловсруулахдаа Засгийн газрын тогтоол, дүрэм, эх сурвалжаас авч ашигласан байна. Үүнд: • БНМАУ-ын Үндсэн хуулийн оршил хэсэгт МАН-ын Төв Хорооны 1924 оны зургаадугаар сарын бүгд хурлын тогтоолыг нийтэлжээ. Энэхүү оршил хэсэг ба Үндсэн хуулийн 15 дугаар зүйлд Засгийн газрыг Улсын Их ба Бага Хурлаас байгуулахаар эрс ялгаатай заасан нь Үндсэн хууль нь өөр өөр эх сурвалжийг нэгтгэснийг батлан харуулж байна. • Ардын Засгийн газраас 1921-1924 онд авч хэрэгжүүлсэн бодлого, гаргасан хууль эрхийн шинж бүхий дүрэм заавар, тогтоол шийдвэр нь БНМАУын Үндсэн хуулийн нэгдүгээр бүлгийг боловсруулах үндэслэл, суурь болж өгчээ. • БНМАУ-ын Үндсэн хуулийн хоёрдугаар бүлэгт төрийн дээд эрх барих байгууллагын байгуулалтын бүдүүвч, зураглалыг Т.Рыскулов нар гүйцэтгэсэн ч тэдгээр газруудын эрхлэн шийтгэх зохих зүйлийг боловсруулахдаа 1924 оны есдүгээр сард Засгийн газраас баталсан Улсын Их Хурлын дүрмийг баримталсан байна. • БНМАУ-ын Үндсэн хуулийн гуравдугаар бүлгийг “Монгол Улсын нутгийн захиргааны дүрэм”ийг баримтлан боловсруулсан нь илт байна. • БНМАУ-ын Үндсэн хуулийн тавдугаар бүлгийг “Монгол Улсын нутгийн захиргааны дүрэм”, Засгийн газрын тогтоолыг баримтлан боловсруулсан байна. • БНМАУ-ын Үндсэн хуулийн зургаадугаар бүлэгт улсын тамга, сүлд тэмдэг, туг далбаа зэргийг түүхэн уламжлалыг баримтлан шинэ цаг нөхцөлд нийцүүлэн монголчууд боловсруулсан байна.
Ном зүй: 1 Ардын Засгийн газрын 1921.08.31-ний өдрийн тогтоол
2 Олон улсын Үндсэн хуулийн оршил. Анхдугаар Үндсэн хуулийн судалгааны эх сурвалж. Эрхлэн гаргасан Ж.Амарсанаа, Б.Баярсайхан, Ш.Шажинбат. УБ., 2009.
3 М.Санждорж. Ардын төрийн түүх. 1974.УБ., т136 4 ҮТА. хөмрөг 1. данс 1, хадгаламжийн нэгж 73, тал 229 5 З.Лонжид.
Монгол Улсын анхны Үндсэн хууль боловсруулсан түүхийг сөхөхүй. МУИС. Түүх сэтгүүл. 2005. №245. т 169 6 ҮТА. хөмрөг 1, данс 1, хадгаламжийн нэгж 279, тал 425 7 Коминтерн ба Монгол. Баримтын эмхтгэл. Эмхт. Ч.Дашдаваа, В.П.Козлов .
УБ., 1996. т 91 8 Коминтерн ба Монгол. Баримтын эмхтгэл. Эмхт. Ч.Дашдаваа, В.П.Козлов. УБ., 1996. т 79, 93 9 Коминтерн ба Монгол. Баримтын эмхтгэл. Эмхт.
Ч.Дашдаваа, В.П.Козлов. УБ., 1996. т 93 10ҮТА.Улс төрийн нам, олон нийтийн байгууллагын баримтын төв. х4, д1, хн 245, т 91-92 11
Коминтерн ба Монгол. Баримтын эмхтгэл. Эмхт. Ч.Дашдаваа, В.П.Козлов нар. УБ., 1996. т 92 12Советские конституции.
Хрестоматия часть 1. Благовещенск. 2015. Стр 22-29 13Советские конституции.
Хрестоматия часть 1. Благовещенск. 2015. Стр 30-39 14Монголд ардын бүгд найрамдах засаг тогтоон явуулсан нь.
Баримт бичгүүдийн эмхтгэл. УБ., 1970. т 40 15Монгол Улсын Үндсэн хууль. Эмхтгэж тайлбар бичсэн Ж.Амарсанаа, О.Батсайхан. УБ., 2004. т 44, 46. 1924 оны
БНМАУ-ын Үндсэн хуулийн оршил хэсгийн хоёр, 1 ба 15 дугаар зүйлийг харьцуулан үзнэ үү. 16
Бүгд Найрамдах Монгол Ард Улсын анхдугаар Их Хурал. Дэлгэрэнгүй тайлан. Эмхтгэсэн Д.Даш. УБ., 1984. т 258 17ҮТА.
Улс төрийн нам, олон нийтийн байгууллагын баримтын төв. х4. д1. хн182. т28-29 18
Монголын хууль тогтоомжийн түүхэн эмхтгэл. Хоёрдугаар боть (1911-1926.05). УБ., 2010. т 360 19
Коминтерн ба Монгол. Баримтын эмхтгэл. Эмхт. Ч.Дашдаваа, В.П.Козлов. УБ., 1996. т 78-79 20
Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Улсын хурлын дүрэм. Тусгай дэвтэр. Энэхүү Улсын Хурлын дүрэм ба уг Хурлыг хуралдуулах зааврыг хамтатган нэгэн дэвтэр болгон хэвлэжээ. 21Т.Рыскулов.
Ардын хувьсгалт нам өөрөө гуйсан болой. Үнэн сонин. 1990 ¹60 22Ч.Дашдаваа.
Улаан түүх. УБ., 2003. т 111 23БНМАУ-ын түүх. Гутгаар боть. УБ., 1969. т196-197 24
Монголын хууль тогтоомжийн түүхэн эмхтгэл. Хоёрдугаар боть (1911-1926.05). УБ., 2010. т 434-437 25
Бүгд Найрамдах Монгол Ард Улсын анхдугаар Их Хурал. Дэлгэрэнгүй тайлан. Эмхтгэсэн Д.Даш. УБ., 1984. т 258