Нийслэлийн иргэдийн өвлийн улирлын хүнсний хэрэгцээг хангах, мах, сүү, цагаан идээг зах зээлийн дундаж үнээс хямд үнээр худалдан авах боломж бүрдүүлэх зорилготой “Өвлийн идэш-2026” арга хэмжээ маргааш буюу арваннэгдүгээр сарын 25-ны өдрөөс Төв цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулагдана.
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам болон Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба хамтран зохион байгуулж буй тус арга хэмжээ энэ сарын 25-29-ний өдрүүдэд үргэлжилнэ.
Энэ удаагийн худалдаанд Монгол Улсын 21 аймгийн малчид, хоршоологчид оролцож, орон нутгийнхаа онцлог бүхий мах, сүү, цагаан идээ болон бусад хүнсний бүтээгдэхүүнийг дундын зуучлалгүйгээр шууд хэрэглэгчдэд худалдаалах юм.
Ингэснээр нийслэлийн иргэд өвлийн улирлын хүнсний хэрэгцээнд шаардлагатай бүтээгдэхүүнээ үйлдвэрлэгчдээс шууд, зах зээлийн дундаж ханшаас хямд үнээр худалдан авах боломж бүрдэхээс гадна орон нутгийн малчид, үйлдвэрлэгчдийн борлуулалтыг дэмжих ач холбогдолтой аж.
Худалдаанд нийлүүлэх бүх бүтээгдэхүүн гарал үүсэл, чанар, стандартын шаардлага хангасан байх бөгөөд холбогдох байгууллагууд мал эмнэлэг, эрүүл ахуй, хүнсний аюулгүй байдлын хяналтыг газар дээр нь хэрэгжүүлж ажиллах юм байна.
Иргэдийг “Өвлийн идэш-2026” худалдаанд өргөнөөр оролцож, малчид, үйлдвэрлэгчдээс шууд худалдан авалт хийхийг зохион байгуулагчид уриаллаа.