Төрийн соёрхолт, түүхийн шинжлэх ухааны доктор, профессор О.Батсайхан
Монгол Улсын түүх, соёлын өвийг хадгалж буй байгууллагуудын дотроос Богд хааны ордон музей онцгой байр суурь эзэлдэг. Учир нь энэ музей зөвхөн нэгэн хааны амьдарч асан ордон, түүний хэрэглэж байсан эд зүйлсийг хадгалдаг газар биш юм. Энд Монгол Улсын тусгаар тогтнолыг сэргээн тунхагласан түүх, үндэсний төрт ёсны уламжлал, бурхны шашин, урлаг, соёл, монголчуудын оюун санааны амьдралын олон талт өв нэг дор төвлөрчээ.
Богд хааны ордон музей байгуулагдсаны 100 жилийн ой энэ онд тохиож байна. Энэ бол өнгөрсөн зууны түүхээ эргэн харах төдийгүй цаашид ямар музей байх ёстой, төрөөс түүнд хэрхэн хандах, үндэсний соёлын бодлогод ямар байр суурь эзлүүлэх вэ гэдгийг нухацтай авч үзэх чухал боломж юм. 100 жилийн ойг зөвхөн баяр ёслол, дурсамжийн арга хэмжээгээр хязгаарлах бус, музейн ирээдүйн хөгжлийн бодит эхлэл болгох шаардлагатай байна.
МОНГОЛЫН ТУСГААР ТОГТНОЛЫН ТҮҮХИЙН ГЭРЧ
Монгол Улсын сүүлчийн эзэн хаан VIII Богд Жавзандамба хутагтын түүхэн үүргийг зөвхөн 1911 оны Үндэсний эрх чөлөөний хувьсгалтай холбон хязгаарлаж болохгүй. Тэрбээр Монголын тусгаар тогтнолыг сэргээн тунхаглах үйл хэрэгт улс төр, шашны нэр хүнд, нөлөөгөөрөө чухал үүрэг гүйцэтгэсэн төдийгүй тухайн үеийн монголчуудын үндэсний ухамсар, оюун санааны нэгдлийг илэрхийлж байсан түүхэн хүн юм.
Манж Чин улсын сүүлчийн үеийн шинэ засаг захиргааны бодлого Монголын уламжлалт төр, шашин, газар нутгийн харилцаанд өөрчлөлт оруулах аюултай дагуулж байв. Ийм нөхцөлд Богд Жавзандамба хутагт монголчуудын шашин, төр, газар нутгаа хамгаалах үйл хэрэгт идэвхтэй оролцож, 1911 оны зун дөрвөн аймгийн хан, ноёд, ихэс лам нарын зөвлөлгөөнийг зарлан хуралдуулахад чухал үүрэг гүйцэтгэсэн юм. Улмаар 1911 оны арванхоёрдугаар сарын 29-нд түүнийг хаан ширээнд өргөмжилж, тусгаар тогтнолоо сэргээн тунхагласан билээ.
Энэ бол зөвхөн нэг хүнийг хаан ширээнд залсан үйл явдал биш. Монголчууд төр улсаа сэргээн байгуулж, олон улсын харилцаанд бие даасан орон болохоо зарласан түүхэн эргэлт байв. Богд хаан шашны төдийгүй төрийн тэргүүн болсон нь тухайн үеийн Монголын нийгэм, улс төрийн уламжлалтай салшгүй холбоотой байлаа.
Тиймээс Богд хааны түүхэн өвийг судлах, олон нийтэд зөв ойлгуулах нь зөвхөн өнгөрсөн үеийн хаант төрийн тухай асуудал биш. Ерөөс Монгол Улсын тусгаар тогтнол, төрт ёсны уламжлал, шашин шүтэх эрх чөлөө, үндэсний оюун санааны түүхийг танин мэдэх асуудал юм.
Богд хааны ордон энэ түүхийн биет гэрч мөн. Ордны барилга, байгууламж, хааны хэрэглэж байсан эд зүйлс, бурхны шашны урлагийн бүтээл, үнэт эдлэл, гадаад дотоодын зочдоос өргөн барьсан бэлэг дурсгал, Эрдэнэсийн сангийн үлдэгдэл зэрэг нь Монголын төр, шашин, соёлын түүхийг судлах үнэт эх сурвалж билээ.
ЭРДЭНЭСИЙН САН, АМЬТНЫ ХҮРЭЭЛЭНГИЙН ТҮҮХ БИДЭНД ЮУ ӨГҮҮЛДЭГ ВЭ
Богд хааны ордон зөвхөн төр, шашны ёслол үйлддэг газар байгаагүй. Шар, Цагаан, Зуны, Ногоон болон Өвлийн ордон зэрэг барилга, байгууламж нь хааны амьдрал, төрийн үйл ажиллагаа, шашин номын зан үйлтэй холбоотой цогцолбор байжээ. Дотоод, гадаадын төр, шашны зүтгэлтэн, аялагч, жуулчин, мөргөлчид Богд хаанд бараалхан, бэлэг дурсгал өргөдөг байсан бөгөөд тэдгээрийн зарим нь ордны сан хөмрөгт хадгалж буй.
Оросын дипломатч Иван Коростовец, эрдэмтэн Пётр Козлов нарын тэмдэглэлд ордонд үнэт эдлэл, бурхны дүр, ховор амьтдын чихмэл, шувуу, хэвлээр явагчид, анатомийн үзмэр, одон орны багаж зэрэг олон төрлийн цуглуулга байсныг дурдсан түүхтэй. Богд хаан байгалийн ховор амьтан, ургамал, төрөл зүйлд сонирхолтой байсан тухай ч эдгээр тэмдэглэлд өгүүлжээ. Тухайлбал, заан, бар, сармагчин, баавгай, цоохор ирвэс, могой, тоть болон төрөл бүрийн шувуу зэргийг ордны амьтны хүрээлэнд тэжээж байсан тухай мэдээ бий.
Энэ бүхэн Богд хааны ордон тухайн үедээ зөвхөн хааны өргөө бус, урлаг, байгаль судлал, шашин, соёлын олон төрлийн цуглуулгыг нэгтгэсэн өвөрмөц орчин байсныг харуулна. Харамсалтай нь, түүнийг 1924 онд таалал төгссөний дараа ордны эд хөрөнгө, үнэт зүйлсийн хувь заяа эрс өөрчлөгджээ. П.Козлов 1924 оны арваннэгдүгээр сарын 15-нд ордонд очихдоо олон төрлийн үнэт эдлэл, бурхны дүр, шаазан эдлэл, амьтдын цуглуулга хадгалагдаж байсныг тэмдэглэсэн тухай дээрд дурдсан. Харин 1926 оны нэгдүгээр сарын 14-нд дахин очихдоо өмнө нь үзсэн олон үнэт зүйл ордонд байхаа больсныг бичжээ. Түүний тэмдэглэлд үнэт зүйлсийн ихэнх нь бусдын гарт орж, багахан хэсэг нь лацтай сан хөмрөгт үлдсэн тухай дурдсан байна. Үнэхээр Богд хааны хөрөнгийг хурааж, Ардыг гэгээрүүлэх яам, Эрүүлийг хамгаалах болон Шашны газарт хуваан өгч, нам, төрийн олон албан хаагчид худалдсан баримт архивт байна.
Энэ бол Монголын түүх, соёлын өвийн нэг хэсэг богино хугацаанд хэрхэн сарниж, алдагдсан тухай харамсалтай баримт юм. Тиймээс өнөөдөр музейд хадгалж буй үзмэр бүрийн гарал үүсэл, ордонд хэрхэн ирсэн, ямар зориулалтаар хэрэглэж байсан зэргийг нарийвчлан судлах нь чухал.
ОРДОН МУЗЕЙ БОЛГОСОН ТҮҮХЭН ШИЙДВЭР
Богд хааныг таалал төгссөний дараа түүний ордонд байсан түүх, соёл, урлагийн эд зүйлсийг улсын музейн үзмэр болгох үйл явц эхэлжээ. 1926 оны гуравдугаар сарын 17-нд Судар бичгийн хүрээлэнгийн хурлаар Ногоон ордныг засварлан музей болгох асуудлыг хэлэлцсэн байна. Улмаар дөрөвдүгээр сарын 1-ний шийдвэрээр Богд хааны эзэмшилд байсан түүх, соёлын эд зүйлс, бурхан тахил, угсаатны зүйн үзмэр, амьтдын чихмэл зэргийг музейд шилжүүлж, Өвлийн ордонд музейн үйл ажиллагааг өргөтгөхөөр шийдвэрлэжээ. 1926 оны наймдугаар сард музейг олон нийтэд нээсэн байна.
Ийнхүү хааны ордныг музейн зориулалтаар ашиглаж эхэлсэн нь Монголын орчин үеийн музейн хөгжлийн түүхэнд чухал үйл явдал болов. Ингэхдээ Богд хааны нэрээр бус, Улсын музей хэмээжээ. Энэ нь тухайн үеийн улс төр, үзэл суртлын нөхцөл байдалтай холбоотой байсан нь ойлгомжтой.
1926-1940 онд Улсын музейн чиглэлээр ажиллаж, Монголын хаант төрийн түүх, Богд хааны ордны эд зүйлс, бурхны шашны урлаг, археологи, угсаатны зүй, байгалийн түүхийн үзмэрийг хадгалж, дэлгэн үзүүлж байв. Харин 1940 оноос Орон нутаг судлах музей хэмээн нэрлэгдэх болж, 1954-1961 онд Улсын төв музейн харьяанд ажиллажээ. 1961 оноос Богд хааны ордон музей гэх нэршлийг албан ёсоор хэрэглэж эхэлсэн юм.
Социализмын үед Богд хаан болон бурхны шашны өвийг тайлбарлахад тухайн үеийн төрийн үзэл суртал хүчтэй нөлөөлж байв. Богд хааныг Монголын тусгаар тогтнолын түүхэн зүтгэлтэн, төрийн тэргүүн, шашны удирдагчийн хувьд бодитой авч үзэхээс илүүтэй ангийн тэмцлийн үзэл баримтлалын хүрээнд тайлбарлах хандлага давамгайлж байлаа. Шашны урлаг, шүтээн, тахилын зүйлийг уламжлалын нэг хэсэг гэхээсээ илүү түүх, урлаг, угсаатны зүйн дурсгал байдлаар үзүүлэх нь түгээмэл байж.
Энэ үеийн музейн үзмэр, тайлбар, каталог, архивын баримтыг нарийвчлан судлах шаардлага одоо ч бий. Учир нь музейн түүх гэдэг зөвхөн нэршил, байгууллагын бүтэц өөрчлөгдсөн тухай биш. Харин тухайн нийгэм өөрийн түүх, соёлын өвийг хэрхэн ойлгож, тайлбарлаж ирсэн түүх юм.
1990 оноос хойш Монголд өрнөсөн ардчилсан хувьсгалын өөрчлөлт Богд хааны түүх, бурхны шашин, үндэсний уламжлалыг шинэ өнцгөөс судлах боломж нээсэн.
ӨНӨӨДРИЙН БОДИТ БАЙДЛАА ЯРЬЯ
Музейн түүхэн үнэ цэнийг хүлээн зөвшөөрөх нь чухал. Гэвч түүнийг хадгалж, хамгаалж судалж, олон нийтэд хүргэх бодит нөхцөл бүрдсэн, эсэх нь түүнээс дутахгүй чухал асуудал юм.
Музейн тухай 2021 оны хуульд төрийн өмчийн музейд үндэсний, улсын, бүс нутгийн зэрэглэл тогтоохоор заасан. Улмаар Засгийн газрын 2025 оны 220 дугаар тогтоолоор Богд хааны ордон музейд улсын зэрэглэл тогтоосон нь эрх зүйн хувьд чухал алхам болсон. Гэхдээ энд нэг асуудал бий. Зэрэглэл тогтоосон шийдвэр бодит амьдралд ямар өөрчлөлт авчирсан бэ. Улсын зэрэглэлтэй музейн шаардлагад нийцсэн бүтэц, орон тоо, төсөв, мэргэжлийн боловсон хүчний нөөц, судалгааны чадавх бүрдсэн үү.
Үндэсний аудитын газрын 2026 онд нийтэлсэн музейн 2025 оны санхүүгийн тайлан, төсвийн гүйцэтгэлийн аудитын мэдээлэлд анхаарал татах хэд хэдэн тоо баримт бий. Музей 2025 оны үйл ажиллагаанд зориулан 1.2 тэрбум төгрөгийн төсвийн төсөл хүргүүлсэн боловч 743.4 сая төгрөг баталжээ. Өөрөөр хэлбэл, хүсэлт, батлагдсан төсвийн хооронд 526.2 сая төгрөгийн зөрүү гарсан байна. Аудитын тайланд цалин, ашиглалт, харуул хамгаалалтын зардлыг бууруулан баталсан талаар дурджээ.
Мөн 2025 оны есдүгээр сарын 30-нд музейн гурван орон тоо буюу тооцооны нягтлан бодогч, үзмэр хянагч, эрдэм шинжилгээний ажилтныг цомхотгосон байна. Эдгээр нь музейн үндсэн үйл ажиллагаатай шууд холбоотой мэргэжлийн ажлын байр юм. Үзмэр хянагч, эрдэм шинжилгээний ажилтны орон тоог цөөлөх нь үзмэрийн бүртгэл, судалгаа, хадгалж хамгаалах ажилд сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй.
Музей гэдэг зөвхөн барилгыг нь манаж, үзмэрийг нь тоолж, тасалбар борлуулдаг байгууллага биш. Үзмэр бүрийн түүхийг судлах, гарал үүслийг тогтоох, хадгалах нөхцөлийг хянах, сэргээн засварлах, нийтэд шинжлэх ухааны үндэслэлтэй тайлбарлан хүргэх нь музейн үндсэн үүрэг юм. Үүнийг цөөн ажилтан, хязгаарлагдмал төсөвтэйгөөр бүрэн хэрэгжүүлэхэд хүндрэлтэй нь ойлгомжтой. Тиймээс улсын зэрэглэл олгосон шийдвэрийг зөвхөн нэр хүндийн асуудал гэж ойлгож болохгүй. Түүнд нийцсэн санхүүжилт, мэргэжлийн бүтэц, хүний нөөц, судалгаа шинжилгээний бодит чадавхыг бүрдүүлэх шаардлагатай. Зэрэглэл нь бодит дэмжлэг, хариуцлагатай уялдах ёстой.
ХАДГАЛЖ ХАМГААЛАХ, СУДАЛГАА, ОЛОН УЛСЫН ХАМТЫН АЖИЛЛАГАА
Богд хааны ордон музейн барилга, байгууламж нь Монголын уламжлалт уран барилга, шашны урлаг, хаант төрийн түүхийн хосгүй дурсгал юм. Соёлын яамны мэдээллээр тус музейн барилгуудыг хамгийн сүүлд 1961-1962 онд бүрэн сэргээн засварласан байна.
Түүхэн барилгыг сэргээн засварлахдаа анхны хийц, материал, өнгө төрхийг хадгалах, мэргэжлийн стандарт мөрдөх, гал, цахилгаан, чийг, температурын нөлөөллөөс хамгаалах зэрэг олон асуудлыг цогцоор шийдэх ёстой. Үүнтэй зэрэгцэн музейн үзмэрийг хадгалах орчин, хамгаалах тоног төхөөрөмж, сан хөмрөгийн нөхцөлийг сайжруулах шаардлагатай.
Мөн музейн газар, орчны хамгаалалт, барилга, байгууламжийн ашиглалттай холбоотой асуудлыг нэгдсэн бодлогоор шийдвэрлэх нь чухал. Ордны цогцолборын түүхэн орчин, хамгаалалтын бүсийг хадгалж үлдэхгүйгээр зөвхөн барилга засварлаад асуудал шийдэгдэхгүй. Музейн эргэн тойрны газраас хувийн компаниудад олгох шийдвэр төрөөс гаргаж, эцэс төгсгөлгүй маргаан үргэлжилсээр байна.
Нөгөө талаар музейн үнэ цэн зөвхөн барилга, үзмэрийн тоогоор хэмжигдэхгүй. Энд хадгалж буй эд өлгийн зүйл бүр Монголын төр, шашин, урлаг, олон улсын харилцааны түүхийг судлах эх сурвалж. Иймээс музейг судалгааны байгууллагын чиг үүргээр хөгжүүлэх хэрэгтэй.
Үзмэр бүрийн гарал үүсэл, бүтээгдсэн цаг үе, ур хийц, хэрэглээ, түүхэн нөхцөлийг судалж, архивын баримттай холбон тайлбарлах шаардлагатай. Богд хаан, хатан Дондогдулам, 1911 оны Үндэсний эрх чөлөөний хувьсгал, Монголын хаант төрийн түүхтэй холбоотой эх сурвалжийг нэгтгэн судлах нь чухал. Үүний үр дүнд эрдэм шинжилгээний бүтээл, музейн каталог, тайлбар толь, олон хэлээр хэвлэл гаргах боломжтой.
Өнөөдөр дэлхийн томоохон музейнүүд үзмэрийнхээ мэдээллийг цахим хэлбэрт шилжүүлж, өндөр нягтралтай гэрэл зураг, 3D дүрслэл, олон хэлээр цахим каталогоор дамжуулан судлаачид болон нийтэд хүргэж байна. Богд хааны ордон музей ч ийм хөгжлийн чиглэлд бодитой алхам хийх шаардлагатай. Үзмэрийн бүртгэл, гэрэл зураг, архивын баримт, тайлбарыг нэгтгэсэн цахим сан бий болгох нь музейн үйл ажиллагааг ил тод, хүртээмжтэй болгохын зэрэгцээ судалгааны шинэ боломж нээнэ.
Мөн гадаадын музей, архив, их сургууль, судалгааны байгууллагатай хамтарсан төсөл хэрэгжүүлэх хэрэгтэй. Богд хааны ордон, 1911 оны үйл явдал, Монголын хаант төрийн тухай баримт, гэрэл зураг, эд өлгийн зүйлс дэлхийн олон орны архив, музейд хадгалж байна. Тэдгээрийг хамтран судалж, үзэсгэлэн гаргах, олон улсын эрдэм шинжилгээний эргэлтэд оруулах нь Монголын түүхийг дэлхийд таниулах чухал арга зам юм.
100 ЖИЛИЙН ОЙГООР ЭХЛҮҮЛЭХ БОДИТ АЖИЛ
Богд хааны ордон музейн 100 жилийн ойг тохиолдуулан хэд хэдэн чиглэлээр тодорхой шийдвэр гаргаж, хэрэгжүүлэх шаардлагатай гэж үзэж байна.
Нэгдүгээрт, музейн улсын зэрэглэлд нийцсэн бүтэц, орон тоо, санхүүжилтийг бодитоор шийдэх хэрэгтэй. Эрдэм шинжилгээний ажилтан, түүхч, урлаг судлаач, сэргээн засварлагч, сан хөмрөгч, музейн боловсролын мэргэжилтэн зэрэг шаардлагатай боловсон хүчнийг тогтвортой ажиллуулах нөхцөл бүрдүүлэх нь зүйтэй. Мэргэжлийн ажилтнуудын цалин, нийгмийн баталгааг сайжруулахгүйгээр хүний нөөцийн тогтвортой байдлыг хангах боломжгүй.
Хоёрдугаарт, сан хөмрөгийн бүртгэл, үзмэрийн гарал үүслийн судалгааг эрчимжүүлэх шаардлагатай. Үзмэр бүрийг шинжлэх ухааны үндэслэлтэй судалж, тайлбарласан каталог, цуврал бүтээл хэвлүүлэх нь музейн үндсэн зорилтын нэг байх ёстой.
Гуравдугаарт, ордны барилга, байгууламж, түүхэн орчин, үзмэрийн хадгалж хамгаалах асуудлыг нэгдсэн төлөвлөгөөтэйгөөр хэрэгжүүлэх хэрэгтэй. Сэргээн засварлалтын ажлын явц, үр дүнг олон нийтэд тогтмол мэдээлж, мэргэжлийн хяналт, үнэлгээг хангах нь зүйтэй.
Дөрөвдүгээрт, цахим сан, олон хэлээр каталог, 3D дүрслэл, судлаачдад зориулсан цахим хэрэглэгдэхүүн бий болгох шаардлагатай. Энэ нь музейн үзмэрийг дэлхийн хаанаас ч судлах, танин мэдэх нөхцөл бүрдүүлнэ.
Тавдугаарт, олон улсын хамтын ажиллагааг бодит төсөл, үзэсгэлэн, судалгааны хөтөлбөрөөр өргөжүүлэх хэрэгтэй. Богд хааны ордон музей Монголын түүх, соёлын өвийг олон улсын түвшинд танилцуулах чухал төв болж чадна.
Эдгээр ажлыг музейн удирдлага дангаараа шийдэх боломжгүй. Соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, холбогдох яам, Засгийн газар, мэргэжлийн байгууллага хамтран дунд болон урт хугацааны хөгжлийн хөтөлбөр боловсруулж, хэрэгжүүлэх шаардлагатай. Түүнчлэн музейн удирдлага ч өөрийн үйл ажиллагааны зорилт, төсөв, судалгааны төлөвлөгөө, сэргээн засварлах явц, олон нийтэд хүргэх ажлын үр дүнг ил тод тайлагнадаг байх нь чухал.
ӨВИЙГ ХАДГАЛНА ГЭДЭГ ИРЭЭДҮЙДЭЭ ХӨРӨНГӨ ОРУУЛЖ БУЙ ХЭРЭГ
Богд хааны ордон музей байгуулагдсаны 100 жилийн ой бол өнгөрсөн үеэ дурсах төдий баяр биш. Энэ бол Монгол Улс өөрийн тусгаар тогтнолын түүх, төрт ёсны уламжлал, шашин, соёлын өвд хэрхэн хандаж байгаагаа бодитоор харуулах боломж юм.
Засгийн газрын шийдвэрээр музейд улсын зэрэглэл тогтоосон нь чухал алхам. Гэвч эрх зүйн статусыг бодит амьдралд хэрэгжүүлж, түүнд нийцсэн санхүүжилт, хүний нөөц, судалгааны чадавх, хадгалалт хамгаалалтын нөхцөл бүрдсэн цагт л жинхэнэ үр дүнгээ өгнө. Түүхэн үнэ цэнтэй музейг хязгаарлагдмал орон тоо, хүрэлцээгүй төсөв, мэргэжлийн боловсон хүчний тогтворгүй нөхцөлд цаашид хөгжүүлэх боломжгүй. Тиймээс 100 жилийн ойн босгон дээр Богд хааны ордон музейн хөгжлийн асуудалд төрөөс онцгой анхаарч, улсын зэрэглэлд нь нийцсэн бодлого, санхүүжилт, мэргэжлийн бүтэц, хүний нөөцийн шийдэл гаргахыг хүсэж байна. Музейн удирдлага ч энэ боломжийг ашиглан судалгаа, хадгалалт хамгаалалт, олон улсын хамтын ажиллагаа, нийтийн боловсролын ажлаа шинэ шатанд гаргах хэрэгтэй.
Богд хааны ордон музей бол Монголын түүхийн нэгэн үеийг хадгалсан барилга төдий зүйл биш. Энэ бол тусгаар тогтнолын түүх, төр ёсны уламжлал, шашин, соёл, үндэсний оюун санааны өвийг хойч үедээ өвлүүлэх хариуцлагатай байгууллага юм.
100 жилийн ойгоо бид зөвхөн өнгөрснөө дурсах бус, ирээдүйгээ төлөвлөж угтах учиртай. Богд хааны ордон музейг хадгалж үлдэхээс гадна судалж хөгжүүлэн, Монголын түүх, соёлын өвийг дэлхийд таниулсан үндэсний хэмжээний тэргүүлэх музей болгох нь бидний нийтлэг зорилт байх ёстой.