Цасны зузаан, нягт болон агаарын температурын олон жилийн дундажтай харьцуулсан мэдээлэлд үндэслэн зудын байдлыг үнэлжээ. Үнэлгээгээр 11 аймгийн 52 сум цагаан зудтай, 14 аймгийн 61 сум цагаанаар зудархуу нөхцөлд байна. Тодруулбал, Увсын Хяргас, Өндөрхангай, Ховд, Зүүнговь, Түргэн, Малчин, Цагаанхайрхан, Ховдын Алтай, Үенч, Булган, Завханы Цэцэн-Уул, Тэс, Баянхайрхан, Баянтэс, Нөмрөг, Эрдэнэхайрхан, Хөвсгөлийн Цэцэрлэг, Өвөрхангайн Уянга, Гучин-Ус, Зүүнбаян-Улаан, Баянгол, Сант, Төгрөг, Есөнзүйл, Өлзийт, Баян-Өндөр, Бүрд зэрэг сум цагаан зудтай байна. Мөн Булган, Орхон, Сэлэнгэ, Дархан-Уул, Төв, Дорнодын хэд хэдэн сум цагаан зудтай байгаа аж.
Цаг уурын байгууллагаас гаргадаг, арав хоногт нэг удаа хийдэг хээрийн цасны хэмжилтийн мэдээгээр энэ сарын 20-ны байдлаар нийт нутгийн 87 хувьд цастай байна. Увс, Завхан, Хөвсгөл, Сэлэнгийн зарим сумд цасны зузаан хамгийн их буюу 31-45 см. Цасан бүрхүүлийн хэмжээг өмнөх арав хоногийнхтой харьцуулахад 10 хувиар нэмэгджээ. Мөн өнгөрсөн арав хоногт ихэнх нутгаар хүйтэрч, Ховдын Ховд, Чандмань, Өмнөговийн Булганд салхи секундэд 28-30 м хүрч, онц аюултай хэмжээнд салхилсан байна.