Монголын эмэгтэйчүүдээс турникээр сонирхож хичээллэсэн анхны тамирчин бол У.Саранмөнх. Тэрбээр энэ спортын гайхамшиг, давуу талыг хүүхэд, залууст төдийгүй охид, бүсгүйчүүдэд ойлгуулан, тууштай хичээллэвэл амжилт гаргаж болдгийг тив, дэлхийн тэмцээнд оролцохдоо харуулсан. Тухайлбал, Дэлхийн гудамжны дасгал, калистеникийн холбооноос Латви улсын Рига хотод өнгөрсөн наймдугаар сард зохион байгуулсан “Calisthenics world championship-2026” ДАШТ-д өрсөлдсөн Монголын багаас мастер ангиллынхны чөлөөт үзүүлбэрийн төрөлд IV байрт орсон юм. Түүнчлэн өнгөрсөн жил Тайваньд болсон турникийн “Calisthenics & Street workout” тэмцээнээс хүрэл медаль хүртэж байв. Тэрбээр тус спортыг улсдаа хөгжүүлэхийг зорьж, “Монголын савлуурт дүүлэгчдийн холбоо”-г хамтран байгуулалцан, Удирдах зөвлөлийн гишүүдийн бүрэлдэхүүнд ажиллахын зэрэгцээ олон улсын талбарт хүч үзэн анхны шагналыг авчирсан билээ. Түүний гаргасан амжилтыг үнэлж, Биеийн тамир, спортын улсын хорооноос 2025 оны арванхоёрдугаар сард олон улсын хэмжээний мастер (ОУХМ) цол олгожээ.
-Та турникийн ДАШТ-ээс ирснийхээ дараахан УАШТ-ийг зохион байгууллаа. Энэ тэмцээн 2026 онд төлөвлөсөн томоохон ажлуудын нэг байв уу?
-Тиймээ. Турникийн УАШТ бол Монголд зохион байгуулсан чансаа өндөртэй тэмцээний нэг юм. Тус тэмцээнийг жил бүрийн наймдугаар сард Монголын савлуурт дүүлэгчдийн холбооноос зохион байгуулдаг уламжлалтай. Энэ удаа ДАШТ-тэй давхацсан тул есдүгээр сарын сүүлчээр хийлээ. Миний хувьд долоон ангилалд болсон эл тэмцээнд эмэгтэйчүүдийн дунд жинд оролцон тэргүүн байрт шалгарсандаа сэтгэл өндөр байна. Манай холбооны тэргүүн, тамирчин Ц.Хүсэлбаяр Латви улсын Рига хотод өнгөрсөн наймдугаар сард болсон “Calisthenics world championship -2026” ДАШТ-ээс мөнгөн медаль хүртэж, Н.Анхбаяр бид хоёр жин тус бүрдээ IV байрт шалгарсан. ДАШТ-д улсаа төлөөлж оролцсон нь турникийн тамирчдад төдийгүй хүүхэд, залууст зөвөөр үлгэрлэж уриалах, урам өгсөн гэж боддог.
-Залуус ДАШТ-д тамирчдаа хэрхэн оролцохыг харсан болохоор ур чадвар, амжилтаа ахиулахыг зорьж буй нь энэ удаа гийн УАШТ-ий өрсөлдөөнөөс харагдав уу. Тэдний хүсэл тэмүүлэл, хичээл зүтгэл танд цаашид юу хийх бодол, зорилго төрүүлэв?
-ДАШТ-ий мөнгөн медаль энэ спортоор сонирхож хичээллэдэг залуусын хамгийн үнэ цэнтэй шагнал. Тамирчид ийм амжилт гаргахын тулд маш их цаг хугацаа, хөдөлмөр зарцуулахаас гадна амьдралынхаа бүх зүйлийг зориулдаг. Бид ДАШТ-ээс медаль хүртэх нь байтугай оролцож үзэх сэн гэж мөрөөдөж явсан үе саяхан. Залуус өдрөөс өдөрт өсөн дэвжиж, турникээр хичээллэдэг тамирчид нэмэгдсэн нь энэ спорт манайд хөгжиж, өргөжин тэлж буйн шинж юм. Энэ удаагийн УАШТ-ийг өндөр хэмжээнд зохион байгуулсан тул өмнөхөөсөө илүү өрсөлдөөнтэй, сонирхолтой болсон. Бид өнгөрсөн жил ДАШТ-д оролцохдоо тамирчдаа амжилт гаргуулах зорилго тавьсан. Үүнд хүрэхийн тулд олон зүйлийг даван туулж урагшиллаа. Манай тамирчид ур чадвараар дэлхийн шилдгүүдээс хол биш болохыг харсан тул ирэх жилийн тэмцээнд олон тамирчин оролцуулахаар төлөвлөж байна.
-Энэ жилийн УАШТ-д эхний гурван байрт шалгарсан тамирчид ирэх жил олон улсын ямар тэмцээнд оролцох эрх авсан бэ?
-УАШТ-ий жин тус бүрд түрүүлсэн нэг тамирчин ДАШТ-д оролцох эрх гарддаг. Үүнээс гадна жил бүрийн арваннэгдүгээр сард болдог “Шилдэг 16” тэмцээнд урилгаар оролцон өрсөл дөж, чансаагаа шинэчлэн тогтоодог. Чансааг нь харгалзаж үзээд олон улсын тэмцээнд оролцох эрхийг Монголын савлуурт дүүлэгчдийн холбооноос олгодог юм.
-Улсдаа нийтээр хичээллэдэг спорт болгон өргөжүүлэн хөгжүүлэхээр судалж буй зүйлүүдээсээ сонирхуулаач.
-Турник нийтийн бие бялдрыг голчилдог спорт. Манай холбооны тэргүүн турникийн спортыг хойшид ерөнхий боловсролын сургуулиудын хөтөлбөрт оруулдаг болгох талаар судалгаа хийж байгаа. Үүнээс гадна Монголд олон улсын стандартад нийцсэн турник ховор байдаг. Бид эл асуудлыг эхний ээлжинд шийдэхээр ажиллаж байна. Хүн завгүй байх тусмаа их ажил амжуулдаг шүү дээ. Бидний турникийн спортыг олонд сурталчлан таниулах, цааш хөгжүүлэх зорилгоор “Турник Монголд хөгжихийн төлөө” төсөл хэрэгжүүлсэн. Уг төсөл хоёр хэсэгтэй. Эхнийх нь орон нутаг руу гарсан. Анхных нь Орхон аймагт, хоёр дахийг нь Багануур дүүрэгт, гурав дахийг нь Увс, дөрөв дэхийг нь Хэнтий аймагт хийсэн.Тэр үед бид орон нутагт зөөврийн турникээ авч очоод Биеийн тамир, спортын газартай нь хамтарч, цэргийн анги, онцгой байдал, эмнэлгийн байгууллага, ерөнхий боловсролын сургуулиудад үзүүлэх тоглолт хийсэн юм. Үүний дараа II хэсэг болох “Турникээ аваръя” аяныг өнгөрсөн долоодугаар сард өрнүүлж, Баянзүрх дүүргийн нутаг, Жуковын хөшөөний ойролцоох “Эко цогцолбор үйлчилгээний төв”-ийн хөл бөмбөгийн ногоон талбайд “Mega ball” ХХК-ийн санхүүжилтээр шинэ стандарт турник суурилуулсан. Энэ аяны хүрээнд хийсэн ажил турникээр сонирхож хичээллэх хүсэлтэй залууст тус дэм болсон болов уу. Орон нутгаас Увс, Орхон, Дархан-Уул, Дорноговийн аймгийн Сайншанд, Замын-Үүд, Улаанбаатар хотын дүүргүүд турникийн багтай. Бид нэг үеэ бодвол хөгжиж байна.
-Олон улсын тэмцээний дүрэм болон шүүлтийнхээ системийн заалтад сүүлийн үед өөрчлөлт оруулав уу?
-Дэлхийн гудамжны дасгал, калистеникийн холбооны баримталдаг зарчим, тамирчдад тавьдаг шаардлага бий. ДАШТ эв нэгдлийг ха руулсан, ямар нэг орныг үндэстнээр нь ялгаварлахгүй байхыг дүрэм заалтдаа тусгадаг. Өнгөрсөн болон энэ онд нэг шүүлтийн системтэй байсан. Ямар нэгэн өөрчлөлт ороогүй.
-Турникийн төрлүүдээс манай тамирчдын хамгийн түрүүнд сурдаг зүйл нь юу вэ?
-Монголчуудад байгалиас заяасан хүчний суурь бий. Манай тамирчдын хувьд freestyle (Чөлөөт үзүүлбэр) ангиллын Dynamic (Динамик гэдэг нь турник дээр өөрийн биеийн жинг ашиглан өндөр хурд, эрч хүчээр гүйцэтгэдэг, акробат болон гимнастикийн элементүүд хосолсон хөдөлгөөнүүдийг хэлнэ) төрөлд илүү сайн байдаг. Монголд энэ төрөл илүү хөгжсөн бол сүүлийн жилүүдэд Static (Cтатик гэдэг нь турник, эсвэл газарт өөрийн биеийн жинг ашиглан ямар нэгэн хөдөлгөөнгүйгээр, тодорхой нэгэн хүнд байрлалыг булчингийн хүчээр барих элементүүдийг хэлнэ) төрөл мөн адил хөгжиж буй. Үүнийг дагаад тамирчдын ур чадвар, чансаа сайжирч байна.
-Турник манай улсад хөгжиж буй залуу спорт ч тив, дэлхийд өрсөлдөх хэмжээнд хүрснийг Ц.Хүсэлбаярын амжилт харууллаа. ДАШТ-ээс хойш үүгээр хичээллэх тамирчид хэр олон болов?
-Жилээс жилд УАШТ-д оролцох тамирчдын тоо өссөн нь энэ спортоор сонирхож хичээллэгсдийн хүрээ тэлж буйг харуулж байна. Хойшид нэмэгдэх нь ажиглагдлаа. Бид ДАШТ-д анх оролцохдоо туршлагагүйтэж алдаа их гаргасан. Том тэмцээний талбарт шилдгүүдтэй өрсөлдөхөөс эхэндээ сүрдсэн тал бий. Энэ бү хэн манайханд том сургамж, туршлага болсон. Дараа нь Тайваньд болсон олон улсын тэмцээнд өрсөлдсөн Монголын багаас би хүрэл медальтай ирсэн. Тус тэмцээнд тивийн орнуудын тамирчид оролцоход манайхан ур чадвар, элементийн гүйцэтгэлээрээ алмайруулж байлаа. Тив, дэлхийн тэмцээнд оролцдог болсноор танилын хүрээ нэмэгдэж, монголчууд үүгээр хичээллэдэг юм байна, цаашид хүчтэй өрсөлдөгч болох нь гэх ойлголт өгсөн гэж боддог. Харин энэ удаа ДАШТ-д оролцсон тамирчдадаа дотооддоо зохион байгуулдаг тэмцээнээс өөр болдгийг ойлгуулж, гарч болох дутагдлуудыг урьдчилж хэлсний үр дүнд алдаа бага гаргасан.
-Латви улсад болсон ДАШТ-ий үед иргэдээс нь юуг олж харж, мэдэрснээ хуваалцаач.
-Хэдийгээр тамирчид өрсөлдөгч ч гэлээ нэгнээ хүндэлж, найрсаг харилцдаг. Латви улсын иргэдийн олонх нь англи хэлээр ярилцдаг юм билээ. Бид тус улсыг зорихоосоо өмнө цагийн зөрүүнд нь тохируулж бэлтгэлээ хийж явсан. Болгарт өнгөрсөн жил болсон ДАШТ-д оролцохоор тав хоногийн өмнө очсон ч цагийн зөрүү сайн гарахгүй ядарсан. Энэ удаагийн тэмцээнд ч мөн л тав хоногийн өмнө очсон ч тус улсын уур амьсгал, орчин нөхцөлд нь аль болох дасан зохицоод оролцохыг хичээсэн.
-Энэ спортын талаар та олонд ойлгуулж, давуу талыг нь харуулж байгаа.
-Би спортоор хичээллэх гэж анх орж байлаа. Гэхдээ намайг үүнд дурлуулж, тамирчин болгосон хэдэн зүйл бий. Турникийн спортын онцлог, хичээллэгч залуусын хүрээлэл, харилцаа хандлага, дасгалжуулагч багшийн хичээл зүтгэл их нөлөөлсөн. Өдий зэрэгт хүртэл тууштай явсан болохоор энэ спортоор хичээллэх эмэгтэй олон болоосой гэж хүсдэг. Манай тамирчид тэдэнд урам зориг өгч зөв үлгэрлэж яваа.
-Сонирхож хичээллэхээр ирсэн эмэгтэйчүүдэд ямар үгээр урам хайрладаг вэ?
-Турник зөвхөн эрчүүдийн спорт биш ээ. Эмэгтэйчүүд хүсвэл хичээллэж болно. Харин ч тэвчээртэй санагддаг. Олон орны эмэгтэйчүүд үүгээр хичээллэдэг. Амжилт гаргаж, зорилгодоо хүрсэн тамирчид цөөнгүй бий. Монгол эмэгтэйчүүд хичээллэвэл олон давуу талтай. Би эмэгтэй тамирчдад урмын үг хэлж, магтахаас илүү зааж зөвлөн, хамт бэлтгэл хийж, суралцахыг хичээдэг. Цэрэг, цагдаа, хүчний байгууллагын алба хаагчид энэ спортоор хичээллэх нь бага. Хойшид үүгээр түлхүү хичээллэж, сургалт оруулаасай гэж боддог.
-Бэлтгэл хийсэн анхны өдөр ямар сэтгэгдэл төрүүлэв?
-Би тэр үед турник гэж мэддэггүй байлаа. Зүүгдэж үзээд савлаад эхэлсэн чинь сонирхолтой санагдсан. Анхны өдөр юм сурахаасаа илүү тэнд байгаа тамирчдын хийж буй элементүүдийг хараад “Хөөх, ингэж болдог байх нь ээ” гэж бодож, гайхаж бишрээд гарсан. Хүн өөрийхөө хүссэн, зөв гэж бодсон зүйлд цаг хугацаа харамлах хэрэггүй. Миний хувьд эрүүл, спортлог амьдрахыг эрхэмлэдэг. Өөрийн дуртай зүйлийг олж, түүндээ цаг хугацаагаа зориулж, зорилго тавих нь амьдралыг утга учиртай болгодгийг мэдэрсэн.
-Таныг тамирчин болоход гэрийнхэн тань хэр ойлгож, дэмжсэн бэ?
-Миний хувьд холбооны ажлаас гадна ДАШТ-д оролцохоор бэлтгэлээ базаах, хамт явах тамирчдынхаа визийг хөөцөлдөх, мэдүүлгийг хугацаанаас нь хоцроохгүй өгөх, мөн бэлтгэл сургуулилалтад анхаарал хандуулдаг. Эхэндээ ачаалалтай, амаргүй санагддаг байсан ч одоо амжуулж сурсан. Энэ мэтчилэн завгүй гүйхэд өдөр маш хурдан өнгөрдөг. Гэрийнхэн минь намайг сайн ойлгодог. Би өмнө нь холимог тулааны тамирчин байлаа. Аав “Чамайг тулааны спортоос холдлоо гэж бодсон чинь дахиад хэцүү зүйл рүү орчих юм” гэдэг сэн. Олон улсын тэмцээнд оролцохыг хараад сүүлдээ хүлээн зөвшөөрч “Чи насаараа тамирчин байх бололтой шүү” гээд дэмждэг болсон доо. Манайх нэг хүүтэй. Одоо 15 настай. Турникээр хичээллэх сонирхолтой болохоор Ц.Хүсэлбаярын шавь болгосон. Цаашдаа тууштай хичээллэвэл дуртай дэмжинэ.
-Спортын зарим төрөл өртөг өндөртэй. Миний ажигласнаар турник хамгийн бага зардалтай, хаана ч хичээллэх боломжтой санагдсан. Тэгэхээр бага зардлаар өндөр амжилт гаргах боломжтой юу?
-Энэ чинь турникийн спортын онцлогуудын нэг шүү дээ. Тухайн хүний хичээл зүтгэл, тууштай байдлаас амжилт гаргах, эсэх нь хамаарна. Турникийн спортод насны хязгаар байдаггүй. Ур чадвар, авьяас байгаа бол хэдэн насандаа ч амжилт гаргаж болдог. Хүссэн газраа хэзээ ч очоод хичээллэж болно. Ямар ч тоног төхөөрөмж шаардлагагүй. Хүүхэд, залуус үүгээр биеэ өв тэгш зөв хөгжүүлэх боломжтой. Бидний спортоор хичээллэж байсан үеийг өнөөгийнхтэй харьцуулбал асар их ялгаатай шүү дээ. Мэргэжлийн дасгалжуулагчийн удирдлагад бэлтгэлээ техникийн дагуу зөв хийхэд гэмтэхгүй. Өнөөгийн хүүхдүүдэд сурах, судлах, зорьж буй зүйлээ хэрэгжүүлэхэд бүх зүйл нээлттэй. Мэдээллийн эрин зуунд амьдарч буй тэдэнд өөрийгөө хөгжүүлэх бүрэн боломж бий.
-Монголын савлуурт дүүлэгчдийн холбоо тамирчдаа бусад орны багтай хамтарсан бэлтгэл хийлгэж, шүүгчдээ дотоод гадаадын сургалтад хамруулж, олон улсын шүүгчээр бэлтгэхийг зорьж байна уу?
-Энэ бидний төлөвлөж буй гол зорилгуудын нэг. Холбооны зүгээс эхлүүлсэн ажлуудаа өргөн хүрээнд хийхийг зорьдог. Дотоодын тэмцээний тоог олон болгож, медаль хүртсэн тамирчдын мөнгөн шагналыг нэмэх, мөн бусад байгууллагатай хамтран ажиллах, цаашлаад эх орондоо Азийн АШТ, ДАШТ-ийг зохион байгуулах зорилготой ажиллаж байна.