Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутагт орших Тост, Тосон бумбын нурууны байгалийн нөөц газрын Хамгаалалтын захиргаанаас говийн чимэг болсон хар сүүлт зээрийн тоо толгойн судалгааг хийж дууссанаа өчигдөр мэдээллээ. Говийн бүсийн экосистемийн чухал төлөөлөл болох хар сүүлтийн тоо толгой, тархац байршлыг тогтоох судалгааг гурав дахь удаагаа хийж буй энэ аж. Энэ талаар тус Хамгаалалтын захиргааныхнаас тодруулахад “Гурван удаагийн тооллогоор хар сүүлтийн тоо толгой өссөн үзүүлэлттэй гарсан. Монгол Улсын ховор амьтны жагсаалт болон “Улаан ном”-д ховор, олон улсын “Улаан данс”-нд устаж болзошгүй эмзэг ангилалд багтдаг тул тоо толгойг нь нарийн хэлэх боломжгүй, нууц байдаг. Гэхдээ хоёр дахь удаагийн тооллогоос хойш тоо толгой нь 40 хувиар өсжээ. Нийт 2000 гаруй гэж бичихэд болно. Судалгааны аргачлалаар тооцвол үүнээс ч их тоо гарна” гэж ярилаа.
Судалгааг Тост, Тосон бумбын нурууны байгалийн нөөц газрын байгаль хамгаалагчид, “Ирвэс хамгаалах сан”-гийнхан болон идэвхтэн дэмжигчид нийлсэн 14 хүний бүрэлдэхүүнтэй баг гүйцэтгэжээ. Ингэхдээ нөөц газрын орчны бүсийг багтаасан 17 000 ам км талбайд 28 хэсэгт хуваасан транскетын дагуу хар сүүлтийн тоо толгой, тархац нутгийг судалж тогтоосон байна.
О.Ундрах