Ардчилсан нам (АН)-ынхан пүрэв гаргийн ээлжит мэдээллийн цагаараа шатахууны хомсдол, хөдөө аж ахуйн салбарт холбогдох хулгайн асуудлаар байр сууриа илэрхийллээ.
Монгол Улсад шатахууны хомсдол нүүрлээд гурван сар болж буй ч Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням бодитой арга хэмжээ авахгүй, үр дүнтэй ажлууд хийхгүй, харин ч үнийн хөөрөгдлийг дэмжих, татвар төлөгчдийн мөнгийг улс төрийн санхүүжилтэд ашиглах балагтай бодлого хэрэгжүүлж байгааг УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан шүүмжлэв. Тэрбээр “Сайд Г.Дамдинням одоогийн албан тушаалд томилогдохдоо бүхнийг мэднэ, хийнэ, чадна гэж ам гарсан. Гэвч бодит байдалд үлгэр ярихаас өөрийг хийж чадахгүй байна. Түүний лобби, санаачилгаар Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг дэмжих тухай хуулийг өнгөрсөн оны арванхоёрдугаар сард УИХ баталсан. Энэ хуулийн хүрээнд шатахуун импортлогч аж ахуйн нэгжүүдэд газрын тосны бүтээгдэхүүн нөөцлөх сав барихад зориулж, арилжааны банкуудаар дамжуулан 500 тэрбум төгрөгийн зээл олгох нөхцөл бүрдүүлсэн юм. Уг зээлийн хүү анх 13.5 хувь байсан бол банкуудын шимтгэл, эрсдэлийн хүү нэмэгдээд 18 болсон. Гэтэл үүнийг есөн хувь болгож бууруулаад, хүүгийн татаасыг нь татвар төлөгчдийн мөнгөнөөс буюу улсын төсвөөс олгож байна. 2026 оны төсвөөс гэхэд 20 тэрбум төгрөгийн татаас шатахуун импортлогчдод олголоо. “Шунхлай” 30, НИК 16.4, “Петро хаан” 10, “Шинэ эрин ойл” зургаа, “Синчи ойл” 5.1, “Мон суль”, “Тэс петролиум”, “Сан петролиум” тав, “Сод Монгол” 3.1 тэрбум төгрөгийн зээл арилжааны банкуудаар дамжуулан авчээ.
Г.Дамдинням “Шатахуун импортлох гэхээр хангалттай хэмжээгээр нөөцлөх сав байхгүй. 20 жил хийж чадаагүйг би бариулж байна” гэж ярьдаг. Монгол Улсад 45 хоногийн шатахууны хэрэглээг нөөцлөх сав байдаг. 14- хөн хоногийн нөөц хадгалах шатахууны савыг татвар төлөгчдийн 500 тэрбум төгрөгөөр бариулж байгаа нь цагаа олоогүй ажил. Манай улсын нефтийн бүтээгдэхүүний импортын зах зээлд 2.5 тэрбум ам.доллар эргэлддэг. Энэ нь есөн их наяд орчим төгрөг буюу улсын төсвийн гуравны нэгтэй тэнцэх хэмжээний мөнгө. Ийм өндөр дүнтэй мөнгө эргэлддэг зах зээлд Г.Дамдинням эзэн сууж, картелиудыг давраан, үнэ хөөрөгдөх нөхцөл бүрдүүлсэн. Үүнийг МАН-ын сонгуулийн мөнгө босгох зорилготой санхүүгийн дэмжлэг гэж харж байгаа” гэсэн юм.
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт төрөөс олгож байгаа дэмжлэг, урамшуулал, зээлийн хүүгийн татаасын асуудлаарх ерөнхий хяналтын сонсголыг УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооноос зохион байгуулсан. Энэ үеэр ил болсон ноцтой баримт, хөндсөн асуудлуудыг тус намынхан олон нийтэд танилцуулав. АН-ын төлөөлөл “Бодит байдалд хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт бүтээмж нэмэгдээгүй, ажлын байр 31 мянгаар хумигдаж, импортын хамаарал тав дахин өссөн нь шинжээчийн дүгнэлтээр тодорхой болсон. Нэг өмчлөгчтэй 13 аж ахуйн нэгжид улаан буудайн урамшуулалд 18 тэрбум төгрөг олгосон байна. Хуурамч бичиг баримт бүрдүүлсэн 30 аж ахуйн нэгжид 562 сая төгрөг өгчээ. Энэ бол төрөөс зээл, дэмжлэг авсан аж ахуйн нэгжүүдийн 37 хувийнх нь ирүүлсэн тайлан, мэдээлэлд үндэслэн гаргасан дүгнэлт. Бүгдийнх нь мэдээллийг нээлттэй, ил тод болговол үүнээс ч их хэмжээний хулгай, мөнгөн дүн яригдана” гэлээ.
Н.Мишээл