Шатахуун түгээх станцуудын урт дараалал, үнийн өсөлтөд бухимдсан иргэд өчигдөр 10.00 цагаас эхлэн автомашинтайгаа төв талбайг тойрон жагслаа. Өмнөх өдөр нь иргэд цахим орчинд “Туйлдаж гүйцлээ” жагсаалд уриалан, шатахууны асуудалд төр засгаас бодит тайлбар, шийдэл шаардахаа илэрхийлсэн юм. Жагссан гол шалтгаан зөвхөн шатахууны хомсдолоор хязгаарлагдсангүй. Иргэд бензинд олон цагаар, хонон өнжин дугаарлаж, түгжрэлд саатсаар гэр бүлтэйгээ ч цагийг өнгөрүүлж чадахгүй, мөн тээвэр, хүргэлтийн үйлчилгээ зогсож, хувиараа бизнес эрхлэгчдийн орлого буурч, туйлдаж байгаа зэрэг өдөр тутмын амьдралд шууд нөлөөлж буй асуудлуудаа хэлж байсан юм.
“САЛБАРЫН САЙДЫГ ТАЙЛБАР ӨГТӨЛ ЖАГСАНА”
“Өмнө нь машиныхаа банкийг дүүргэхэд 130-150 мянган төгрөг төлдөг байлаа. “Шар ассан” үедээ ч хүссэн цагтаа шатахуунаа ямар ч дараалалгүй авдаг байсан цаг ард хоцров. Гэтэл одоо шатахууны савныхаа талаар бензин авахад л 300 гаруй мянган төгрөг болж. Өчигдөр л гэхэд 50 мянган төгрөгт шатахуун авах гэж дөрвөн цаг дугаарлалаа” хэмээн иргэд ярив. Шатахуун дагасан бусад өргөн хэрэглээний барааны үнийн өсөлт, автобусны хүрэлцээгүй байдал, түгжрэл зэрэг нь хүмүүсийн алтан цаг, хөдөлмөр, амьдралын хэмнэлийг давхар үнэгүйдүүлсээр байгаад тэд бухимдаж байгаа юм.
Манай улс өнгөрсөн зургаадугаар сарын сүүлчээр шатахууны 40 хоногийн нөөцтэй хэмээн мэдээлж байсан ч долоодугаар сард нийлүүлэлт 40 орчим хувиар буурсан. Улмаар долоодугаар сарын сүүлээс наймдугаар сарын дунд хүртэл орон даяар бензиний хомсдол нүүрлэж, энэ нь хэсэг хугацаанд түр намжаад эргээд биднийг автомашнтайгаа төв талбайд жагсахаас өөр аргагүйд хүргэв. Албаныхан “Нийлүүлэлт буурсан хэдий ч өдөр бүр шатахуун оруулж ирж байгаа. Жолооч нар зохиомол хомсдол үүсгэхээ боль. Нөхцөл байдал удахгүй хэвийн болно” хэмээн иргэдээ даапаалж, өчнөөн сар цаасан малгай өмсгөсөнд бүр ч илүү бухимдаж байгаагаа учирласан. Тиймдээ ч жагсагчид АҮЭБ-ийн сайд Г.Дамдиннямыг талбай дээр гарч ирж, үнэн бодит тайлбар өгтөл жагсана хэмээсэн юм.
ТӨВ ШУУДАНГААС ХОЙШИХ АВТО ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙГ ХААВ
Жагсаалын үеэр талбайн эргэн тойронд цагдаагийнхан хамгаалалтал гарч, ачлагын автомашинууд ч байрлуулсан байв. Мөн үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор Төв шуудангаас хойших авто замын хөдөлгөөнийг өчигдөр үдээс хойш хаасан юм. Үүний улмаас төв зам дагуух түгжрэл дээд цэгтээ хүрч, автобус ч олдохоо болив. Ингээд ажил, хичээлээ тарсан хүмүүс унаагүй, эмнэлэгт үзүүлээд буцах гэсэн өвчтөнүүд гээд бүгд л зам дагуу алхацгаасан. Албаныхан “Зөвшөөрөлгүй жагсаал хийж, авто замын хөдөлгөөнд саад учруулж буй шалтгаанаар зарим хүнийг албадан холдуулсан” гэв. Гэсэн ч ажил тарах үеэр жагсаалд нэгдэх явган болон машинтай иргэдийн тоо улам нэмэгдсээр байлаа. Тэд Төв шуудангийн уулзварыг хаан зогсож байсан юм. Талбайн гаднах уур амьсгал үндсэндээ иргэдийн “Ингэж амьдармааргүй байна” гэсэн бухимдлаар дүүрэн байлаа.
Хажуугаар нь жагсаалыг урвуулах гэсэн оролдлого ч мэр сэр ажиглагдсан. Тэмцэгч хэмээх “Miu miu” хочит Ц.Оюунжаргал ирчихсэн, хүмүүстэй маргалдаж, заримд нь гар хүрч ч амжив. Мөн “Тамгагүй төр” жүжгийн таних тэмдэг бүхий малгай өмссөн хүмүүс гэнэт гарч ирсэн нь жагсаалыг “самрах” гэсэн “Hero” энтертайнментынхны явуулга хэмээн иргэд хардав. “Нийгмийг ийм байдалд оруулчхаад алга болсон шударгын дүрд тоглогчидтой санал үл нийлнэ. Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ таван жил засаглахдаа шатахуун нөөцлөх ганц ч сав аваагүй. Тэгсэн хэрнээ 125 их наяд төгрөг “идсэн” гэх юм билээ. Эрх баригч намын олон жилийн дарангуйлал, авлига, хулгай өнөөдрийн Монголыг түлш шатахуунаа ч нөөцөлж чаддаггүй, цахилгаан, дулааны дутагдалтай улс орон болгочхоод байна. Түүнийгээ бусад руу бухаж, уснаас хуурай гарахын тулд эцэстээ иргэдийн жагсаалд хүртэл “гар, хөлөө” дүрж байгаа нь харамсалтай” хэмээн хүмүүс халаглан шүүмжлэв.
Дугаар шилжих мөчид жагсаал үргэлжилж байлаа.
О.Ундрах