Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газрынхан Хан Хөхийн нурууны улсын тусгай хамгаалалттай газрын Хамгаалалтын захиргааныхантай хамтран цоохор ирвэсийн амьдрах орчны судалгаа хийснээр “уулын эзэн” түүхэн тархацдаа идээшлэн нутаглаж эхэлснийг тогтоон, баримтжуулжээ.
Хангайн нурууны баруун зах болох Хан Хөхийн нуруу нэгэн цэгт цоохор ирвэсийн гол тархац нутагт тооцогддог байсан ч сүүлийн хэдэн арван жилийн турш эл амьтан тухайн бүсэд үзэгдэхээ больжээ. Улмаар дээрх олон улсын байгууллагынхан цоохор ирвэсийн тоо толгой, тархац нутгийг тогтоох үндэсний хэмжээний судалгааг 2020 он хийхдээ “уулын эзэн” Хан Хөхийгөөр дайран өнгөрч байгааг баталгаажуулсан ч идээшлэн нутаглаж буй гэх ул мөр, шинж тэмдэг илрүүлж чадаагүй аж. Тэгвэл үүнээс зургаан жилийн дараах судалгаагаар цоохор ирвэс тухайн бүсэд идээшлэн нутаглаж буйг илтгэх ул мөрийг хэд хэдэн байршилд илрүүлжээ. Түүнчлэн тус амьтны гол идэш тэжээл болсон янгир ямааны популяц Хан Хөхийн нуруунд сэргэж, тоо толгой нь олширч байгааг тогтоосон байна.