Монголын гэр бүлийн сайн сайхны нийгэмлэгийнхэн Олон улсын гэр бүл төлөвлөлтийн холбооны санхүүжилтээр Говь-Алтай аймагт Бэлгийн боловсролын төв нээжээ. Тус нийгэмлэгээс байгуулсан энэхүү дөрөв дэх төв нь зөвхөн сургалт зохион байгуулж, мэдээлэл түгээх бус, хүүхэд, өсвөр үе, залууст бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэнд, эрхийн талаар боловсрол олгохоос гадна энэ талаар санал бодлоо чөлөөтэй илэрхийлэх, эргэлзээгээ тайлж, шинжлэх ухаанд суурилсан зөв мэдээлэл авах аюулгүй, чөлөөтэй орон зай нь байна гэдгийг албаныхан онцоллоо.
Манай улсад өсвөр насныхны нөхөн үржихүйн эрүүл мэнд нь салбарын тулгамдсан асуудлын нэг болоод буй бөгөөд охидын төрөлтийн түвшин л гэхэд Номхон далайн баруун эргийн бүсийн орнуудын дундаж үзүүлэлтээс 12.5-аар өндөр байгаа юм. Мөн бэлгийн замын халдварт өвчтэй хүмүүсийн 30.6 хувийг өсвөр насныхан эзэлж байна. Түүнчлэн 15-аас доош насны 10 охин тутмын нэг нь бэлгийн хүчирхийлэлд өртдөг бол нийт үр хөндөлтийн 4.2 хувийг 20-с доош насныхан эзэлж буй аж. Өсвөр насны охидын жирэмслэлтийн цаана сургууль завсардах, эрүүл мэндийн эрсдэл, ядуурал, сэтгэл зүйн дарамт, нийгмийн хамгаалал, ирээдүйн боломж нь алдагдах зэрэг олон асуудал хөндөгддөг. Тиймээс өсвөр насныхны онцлог, хэрэгцээнд тохирсон орчин үеийн технологид суурилсан бодит үзүүлэн, сонирхолтой заах арга зүй бүхий сургалт зохион байгуулах, төрөл бүрийн эрүүл мэндийн үзлэг, шинжилгээ хийх, төсөл хэрэгжүүлэх, тэр дундаа нөхөн үржихүйн олон асуудлыг шийдэх зорилгоор Бэлгийн боловсролын төвүүдийг ийн шат дараатай байгуулж буйгаа дээрх нийгэмлэгийнхэн хэлэв.
О.Ундрах