Турк улсад аравдугаар сарын дунд үеэс хойш хүчтэй аадар бороо орж, үер, хөрс гулгах зэрэг байгалийн гамшиг шил дараалан тохиосноос үүдэн хэд хэдэн бүс нутагт их хэмжээний хохирол учруулаад байна. Тус улсын Цаг уурын ерөнхий газраас энэ сарын 1-нд Измир, Айдын, Мугла, Анталья мужид аадар бороо үргэлжлэн орох төлөвтэй байгааг анхааруулж, үер буух болон хөрс гулгах эрсдэлээс сэрэмжлүүлжээ. Тодруулбал, Измир, Айдын, Мугла мужид орсон хүчтэй аадар бороо энэ сарын 3-ныг хүртэл үргэлжлэх төлөвтэй бөгөөд Анталья мужийн зүүн хэсгийн зарим дүүргийг мөн хамрах аж. Иймд эрсдэлтэй бүсэд оршин суудаг иргэдийг нүүлгэн шилжүүлээд буй юм.
Өмнө нь Туркийн хэдэн бүс нутагт байгалийн гамшиг дараалан тохиолдож, хүний амь, эд хөрөнгөд ихээхэн хохирол учруулсан. Тухайлбал, аравдугаар сарын 15-нд Истанбул хотод сүүлийн 83 жилд ороогүй их хэмжээний бороо орсны улмаас гудамж, зам талбай усанд автаж, 3000 гаруй хүнийг аюулгүй бүсэд нүүлгэн шилжүүлжээ. Энэ үеэр гурван хүн амиа алдаж, таван иргэн сураггүй болсон аж. Мөн аравдугаар сарын 29-нд Каппадокид аадар борооны улмаас хад чулуу нурснаас хоёр хүн амиа алджээ.
Э.Сүйлэн