Хэсэг ахмад нийлэн, газар авч, тэндээ үлгэр жишээ хотхон байгуулж, өрхийн аж ахуй эрхлэн, ногоон төгөл бий болгохоор зорьж, зориглосон нь эцэстээ үлгэр болох дээрээ тулжээ. Учир нь 2013 онд хотын захирагч Э.Бат-Үүл ахмадуудыг хүлээн авч уулзахдаа, хэсэг бүлгээрээ нийлж, газар эзэмших хүсэлтээ ирүүлэх боломжтой тухай ярьсан аж.
Үүний дагуу Баянгол дүүргийн VII хорооны 300 ахмад нэг дор газар авахаар санаа нийлж, газар эзэмших өргөдөл, холбогдох бичиг баримтаа цуглуулан, дүүргийнхээ газрын албаар дамжуулан хүсэлтээ нийслэлийн Өмчийн харилцааны газрын Кадастрын хэлтэст хүргүүлсэн байна. Хотын захиргаанаас цахим бүртгэл явуулж, хэрэв сонгогдвол газар олгох боломжтой гэсэн хариу өгчээ.
Гэтэл Баянгол дүүрэгт иргэдэд өмчлөх газар байхгүй учраас цахимаар олгох 52 байршилд багтаагүй. Иймээс Баянгол дүүргийн ЗДТГ болон Улаанбаатар хотын захирагчийн ажлын албанд хандахад тэдэнд Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт орших Дэлгэрбулагийн аманд газар олгохоор шийдсэн аж.

Дэлгэрбулагийн аманд ахмадуудад газар олгохоор “Тэмүүлэл хүчтэн” компани кадастрын зураг хийжээ. 2014 он
Ахмадуудаа төлөөлөн тус хорооны өндөр настан М.Хулганаа Сонгинохайрхан дүүргийн Өмч газрын харилцааны албаны дарга Э.Болорчулуун болон тус дүүргийн Засаг дарга М.Чинболдод энэ тухай танилцуулахад газар эзэмших зөвшөөрөл олгожээ. Энэ бүхнийг сонссон ахмадууд хэдийнэ хашаагаа хатгаж, байшингаа барьчихсан мэт баярласан гэдэг.
Ингээд иргэн бүрт гэр бүлийн хэрэгцээнд зориулан үнэ төлбөргүй олгох 0.07 га газраасаа татгалзан, нэг дор газар авч хотхон байгуулахаар сэтгэл шулууджээ. Өнгөрсөн оны дөрөвдүгээр сард Сонгинохайрхан дүүргийн газар зохион байгуулагч Батзоригийн хамт Дэлгэрбулагийн аманд очиж, “Тэмүүлэл хүчтэн” компаниар кадастрын зураг хийлгэн, энэ оны тавдугаар сарын 5-нд ахмадуудад тус бүр газрыг нь зааж өгч, тус дүүргийн Өмч, газрын харилцааны албаны дансанд гэрчилгээний мөнгөө тушаажээ.
Гэвч жил гаруй хугацаанд баахан ажил болсны дараа газрыг нь олгох, эсэх нь шийдэгдэлгүй, хотын захирагч л мэднэ гээд түтгэлзүүлээд буй аж. Э.Бат-Үүл даргатай уулзах гээд чадахгүй байгаагаа учирлан М.Хулганаа гуай манай редакцад хандсан юм.
Түүнээс болсон явдлын талаар тодруулав.
АХМАДУУД 0.07 ГА ГАЗРААСАА ТАТГАЛЗЖЭЭ
-Газар эзэмших зөвшөөрөл авсан гэж та ярьсан. Тэгвэл яагаад жил гаруй болж байхад асуудал шийдэгдэхгүй байгаа юм бэ?
-Хотын дарга Э.Бат-Үүлийн санал болгосноор би хэдэн ахмадуудаа уриалан газар авч, хотхон байгуулахаар зорьсон юм. Сонгинохайрхан дүүргийн Өмч, газрын харилцааны албаны дарга Э.Болорчулуун, тус дүүргийн Засаг дарга М.Чинболд нар бидэнд газар эзэмших зөвшөөрөл олгосон.
Нийслэлийн Засаг даргатай уулзах хүсэлт гаргасан ч хүлээн аваагүй. Тэгээд өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 26-нд Засаг даргын хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хамгааллын асуудал хариуцсан орлогч Ц.Буяндалайтай уулзсан.
Тэр уулзалтад нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын орлогч дарга Ш.Уртнасан, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Дэд бүтцийн хэлтсийн дарга Н.Гантулга, нийслэлийн Өмчийн харилцааны газрын Кадастрын хэлтсийн ахлах мэргэжилтэн Нямдаваа нар оролцсон. Бид Сонгинохайрхан дүүргийн Тахилтад газар авах хүсэлтэй байгаагаа хэлэхэд Хотын захиргаанаас цахимаар бүртгэл явуулж, хэрэв сонгогдвол газар олгоно гэсэн хариу өгсөн юм.
Ахмадуудын газрын гэрчилгээний мөнгө тушаасан баримт
Үүнийгээ уулзалтын үеэр тэдэнд дуулгахад “Тахилтын зүүн жигүүрийг иргэдэд өмчлүүлэх 52 байршилд оруулж, цахим хэлбэрээр олгохоор болсон учраас газар олгох боломжгүй. Харин Дэлгэрбулагийн ам 52-ын давааны наана зам дагасан газарт газар цахимаар олгох журмын 6.1 заалтын дагуу хүндэтгэн үзэх шалтгаантай иргэдийн өргөдлийг хүлээн авч шийдвэрлэж болно” гэсэн.
Тэгэхээр нь Сонгинохайрхан дүүргийн Өмч, газрын харилцааны албаныхантай уулзахад Дэлгэрбулагийн аманд газар авах боломжтой гэсэн. Гэтэл одоо хотын дарга л мэднэ гээд газар олгохгүй байна. Бид яах учраа олохгүй байна.
-Та бүхэн цахимаар газар авч болохгүй байсан юм уу. Яагаад заавал нэг дор газар авах гээд байгаа юм бэ?
-Баянгол дүүрэгт иргэдэд өмчлүүлэх газар байхгүй. Тиймээс Тахилтад газар хүссэн ч тэнд 4169 иргэнд л газар олгохоор төлөвлөсөн. Гэтэл 98000 хүнээс хүсэлт ирсэн гэсэн. Тэгэхээр 300 ахмадын ердөө 15 нь л сонгогдох магадлалтай. Бид энд тэнд 0.07 га газар эзэмшиж байснаас нэгдэн нийлж, үлгэр жишээ хотхон байгуулахыг хүсэж байна.
Тиймээс 300 ахмад 0.07 га газраасаа татгалзан, нэг нь ч цахим бүртгэлээр газар аваагүй. Өнгөрсөн оны дөрөвдүгээр сард Сонгинохайрхан дүүргийн газар зохион байгуулагч Батзориг биднийг дагуулж яван, газар зааж өгч, кадастрын зураг хийлгэн, гэрчилгээний мөнгө тушаалгасан болохоор бид үнэмшсэн. Гэтэл одоо үүрэг гүйцэтгэдэг доод албан тушаалтнууд нь саад хийж байна.
Ахмадууд бид яагаад алгын чинээ газраа аваад, хийж чадах зүйлээ бүтээж, залуустаа харуулж болохгүй байгаа юм бэ.
-Та бүхэн тэр газар дээр юу хийхээр төлөвлөсөн бэ?
-Жимсний бут сөөг, хүнсний ногоо тарина. Мал аж ахуй эрхэлж, ногоон байгууламжтай ахмадын хотхон байгуулна.
-Дэлгэрбулагийн ам хотын төвөөс нэлээд зайтай. Тэнд хэдэн га газар авахаар болсон юм бэ?
-Хотын төвөөс 45 км зайтай. Ямар ч бүтээн байгуулалт, газар олголт хийгдээгүй эзэнгүй газар. Нэг хүний 0.07 га гэж бодохоор 21 га газар болж байгаа юм. Дөрвөн ахмад байлаа гэхэд нэг айлынхаа газар дээр орон сууц бариад үлдсэнд нь амьжиргаандаа хэрэглэх хүнсний ногоо, жимс жимсгэнээ өөрсдөө тарих юм.
-Хэрэв газар авч чадахгүй бол яах вэ?
-Би дээд зэргийн залилан мэхлэгч болж, 15 сая төгрөгийн өрөнд орох гээд байна. Газрын гэрчилгээнд зургаан сая, кадастрын зураг гаргуулах гэж есөн сая төгрөг ахмадуудаасаа гаргуулсан. Сонгинохайрхан дүүргийн Өмч, газрын харилцааны албаны дансанд нь мөнгөө хийсэн.
Бидэнд газар олговол тэнд хотхон сүндэрлүүлэх зориг, эрмэлзлэл дүүрэн байна. Надтай хамт хөөцөлдөж явсан нэг хөгшин газраа ч авч чадалгүй саяхан өөд болчихлоо.
”Э.Бат-Үүл дарга аа, ахмадууд таны шийдвэрийг хүлээж байна шүү. Ахмадууд өөрсдөө нийлж, нэгдэн, газар авч хоршоолол байгуулвал би дэмжинэ” гэж хэлснийг тань би ганцаараа сонсоогүй, дүүрэг бүрийн ахмадууд сонссон. Улсаас юм гуйлгүй өөрсдөө хийе бүтээе гэсэн хүсэл зоригийг минь дэмжиж өгөөч” гэж хэлье.
Манай ахмадуудын дунд алтан гартай хүн зөндөө. Тэр газарт гэр аваачиж бариад утаа баагиулаад байх бидэнд сонин биш. Дэлгэрбулагийн амны ойролцоо том том хашаалсан газар байх юм билээ. Хашаалчихаад 2-3 жил эзэнгүй байлгаад байдаг. Гэтэл улсдаа хийж бүтээсэн юмтай ахмадууд гэр бүлийн зориулалтаар газар авч яагаад болохгүй байгаа юм бэ гэв.
Дэлгэрбулагийн аманд газар олгож болно гэж албаны хүмүүс нь ам алдсан учраас ахмадууд тэнд барих орон сууцны зураг төсөв гаргаж, нэгдсэн хашаа барих тооцоо хийн, тарих жимсний мод, бутаа хүртэл захиалчихжээ.
Тэдний хүслийг биелүүлэхэд тийм ч хэцүү биш байлтай. Уудам дэлгэр нутагтай ч утаатай нийслэлдээ газрын төлөө “дайн зарласан” бид хийе бүтээе гэснээ дэмжин, нэгдэн нийлбэл яасан юм бэ, хотын дарга аа.
Ч.БОЛОРТУЯА