Монгол Улсад ирэх сард зохион байгуулах Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын суурь конвенцын талуудын 17 дугаар бага хурал (COP17)-ын гол сэдэв нь “Орхон-Онги”, “Хэрлэн-Тоонот” төсөл байх болно гэж Ерөнхий сайд Н.Учрал саяхан мэдээлэв. Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын нутаг, Хэрлэн Тооно уул орчимд Хэрлэн голоос ус хуримтлуулж, Хэнтий, Төв, Говьсүмбэр, Дорноговь, Өмнөговь аймгийнхны хэрэгцээг хангах “Хэрлэн-Тоонот” төслийн ТЭЗҮ-ийг боловсруулж, албан ёсоор баталгаажуулжээ. Харин хангайгаас говь руу урсдаг цор ганц гол болох Онгийг сэргээж, Улаан нуурын экосистемийг тэтгэх замаар Дундговь, Өмнөговь аймгийн уул уурхай, хүнд үйлдвэрийн бүсүүд рүү ус хүргэх “Орхон-Онги” төслийн ТЭЗҮ боловсруулах, нарийвчилсан судалгаа хийх ажил COP17-гийн бэлтгэлтэй эн зэрэгцэн урагшилж буй гэнэ.
Эдгээр төслийн бүтээн байгуулалтын өмнөх шатны судалгаа, тооцооллыг жин тан болгоод, цөлжилттэй тэмцэх конвенцын чуулганаар олон улсын анхааралд оруулж чадвал манай улс олон жил үлгэр домог шиг ярьсан зүйлсээ бодит ажил болгох боломжтой. Цаашилбал говийн бүсийг усжуулах, үндэсний хэмжээний санаачилгаа олон улсын түвшний, уур амьсгалын мега төсөл болгож хувиргах түүхэн боломжийг ч нээж мэднэ. Гагцхүү бид “Орхон-Онги”, “Хэрлэн-Тоонот”-ыг олон улсад хэрхэн танилцуулж, ямар үндэслэл, тооцоо, судалгааг эш болгож, бодлого, шийдвэр гаргагчдад яаж нөлөөлөхөөс энэ түүхэн боломжийг ашиглаж чадах, эсэх нь бүрэн хамаарах нь. Бид COP-ыг өмнөх жилүүдэд зохион байгуулсан улсуудын адилаар сүйхээтэй хөдөлж, хөрөнгө оруулалт татаж чадах болов уу?
Олон улсын жишгээс харахад, COP-ыг зохион байгуулагч орнууд зөвхөн хурал, хэлэлцүүлэг хийгээд өнгөрөх төдий бус, стратегийн ач холбогдолтой томоохон төсөл, хөтөлбөрүүдээ урагшлуулах санхүүжилтийн шийдэл, дэмжлэгүүдийг “олж авдаг” аж. Ингэж “тоогдсон” төсөл, хөтөлбөрүүд нь ихэвчлэн цөлжилт, газрын доройтол, уур амьсгалын өөрчлөлт, хүлэмжийн хий зэрэг хүн төрөлхтний өмнө нийтлэг тулгамдсан байгаль орчны асуудлуудын үр нөлөөг сааруулах, хязгаарлах зорилготой байна. Өөрөөр хэлбэл, өдгөө дэлхий дахинд хүчтэй яригдаж буй уур амьсгалын санхүүжилтийн зах зээлээс хөрөнгө оруулалт татах боломжтой, олон улсын хэмжээний цар хүрээ, үр нөлөөтэй төслүүдэд голдуу дэмжлэг, туслалцаа үзүүлдэг. Хамгийн сүүлд гэхэд Саудын Араб ган гачиг, цөлжилттэй тэмцэхэд зориулж COP16-гаас 12 тэрбум ам.долларын санхүүжилт босгожээ. Африкийн орнууд Сахарын цөлийн тэлэлт, хөрсний эвдрэлийг хязгаарлах зорилготой “Их ногоон хэрэм” санаачилгаа мөн л COP-оор олон нийтийн анхааралд оруулж, хөрөнгө оруулагчдаас тэрбум тэрбумын санхүүжилт татаж. Харин манай улс уул уурхай, аж үйлдвэрийн бүсүүдийн өсөн нэмэгдэж буй усны хэрэгцээг гадаргын нөөцөөр хангаж, гүнийхийг хэмнэх зорилготой “холбоо” хоёр төслийг олон улсаас санхүүжилт татах хөзөр болгож ашиглахаар сонгов. Засгийн газрын тэргүүн “гол сэдэв” гэдэг үгийг зүгээр ч нэг хэлээгүй нь лавтай.
Монгол Улсын Засгийн газар “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичигт тусгасан усны хангамжийг сайжруулах, газрын доорх нөөцийг хамгаалах зорилтын хүрээнд “Хөх морь” үндэсний хөтөлбөрийг баталсан. Үүний дагууманай орны томоохон голуудад түшиглэн 2030 он гэхэд 10, 2050 он хүртэл 33 байршилд усан сан, цогцолбор, цахилгаан станц байгуулахаар төлөвлөөд буй. Энэ ажлын тэргүүнд “Орхон-Онги”, “Хэрлэн-Тоонот”-ыг эрэмбэлж, Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр, мега төслийн жагсаалтад багтаасан юм. Мөн үүнтэй холбоотойгоор УИХ-ын нэр бүхий гишүүд усны мега төслүүдийг шуурхайлах, менежментийг сайжруулах зорилгоор Усны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн бариад байна. “Орхон-Онги”-ийн эхний шат болох “Цагаан бургастай-Онги” усан цогцолборын ажлыг эхлүүлэх санамж бичгийг байгуулснаа Засгийн газраас зарласан. Эдгээр төсөлд манай улс хэр чинээндээ ач холбогдол өгч, анхаарч байгааг энд дурдсан баримтууд гэрчилнэ. Харин олон улсын анхааралд оруулахын тулд төслийн үр нөлөө, ач холбогдлыг уул уурхай, хүнд үйлдвэрүүдийг усаар хангах инженерийн байгууламж гэдэг явцуу өнцгөөс бус, Төв Азийн цөлжилт, шар шороон шуургыг хязгаарлахад чухал ач холбогдолтой мега төсөл хэмээх агуулгаар таниулах нь үр дүнтэй гэдгийг учир мэдэх хүмүүс хэлж байна. Ус дамжуулах хоолой барих тухай бус, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах бүс нутгийн хэмжээний хамгааллын ажил хийх гэж байгаа талаар ярих нь бидэнд ашигтай гэнэ.
Улс орнууд, олон улсын банк санхүүгийн болон байгаль орчны байгууллагууд, ногоон хөгжлийг дэмжигчдийн хувьд Монгол ямагт анхаарлын төвд нь байсаар иржээ. Учир нь манай улс уур амьсгалын өөрчлөлтөд хамгийн эмзэг, нэн хүчтэй өртөж буй орнуудын тэргүүнд эрэмбэлэгддэг. Азийн бүс нутаг дахь цөлжилт, шар шороон шуурганы гол эх үүсвэр хэмээн буруутгагдсаар өдий хүрсэн. Энэ үүднээсээ уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, шар шороон шуургатай тэмцэх, нөлөөллийг нь бууруулах дэлхий нийтийн тэмцэлд монголчууд голлох үүрэг, амлалт хүлээж ирсэн. Нөгөөтээгүүр, улс орнууд нэгэнт “нэг дэлхий-нэг бэрхшээл” гэдэг зарчмаар байгаль орчны тулгамдсан асуудлуудад хандаж буй тул тэдний оролцоо, хүчин чармайлтыг нэгтгэх, хангах чиглэлд ч манлайлах учиртай юм. Тэгэхээр бид энэ сул тал, “муу нэр”-ээ COP17-гийн үеэр давуу байдал болгон ашиглаж, усны салбар дахь мега төслүүдээ урагшлуулахын төлөө зүтгэх хэрэгтэй.
Монголчууд жилд дунджаар 500 сая шоо метрус хэрэглэж байгаа. Зөвхөн говийн бүсийнхний хэрэглээ 25.1 сая шоо метр. Энэ үзүүлэлт 2030 он гэхэд гурав дахин нэмэгдэх төлөвтэйг мэргэжлийн байгууллагынхан анхааруулсан. Гэтэл уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөгөөр Монгол орны гол, нуур, уст цэгүүд жилд зуу зуугаараа ширгэж, үгүй болсоор байна. 2024 онд гэхэд 400 гаруй гол, горхи, булаг, шанд ширгэсэн гэсэн статистик бий. Энэ нь бидэнд усны зохистой менежмент хэрэгжүүлэх, газрын доорх нөөцөө ариглан хэмнэх, гол, нууруудаа хамгаалах цаг ирснийг сануулсаар. Харин “Орхон-Онги”, “Хэрлэн-Тоонот” төслийг хэрэгжүүлж чадвал багадаа 52 тэрбум шоо метр ус хуримтлуулах боломжтой гэж усны салбарын судлаачид тооцжээ. Тодруулбал, одоо бидний хэрэглэж байгаа уснаас 104 дахин их нөөцийг голуудад урсцын тохируулга хийх, хуримтлуулах байдлаар бүрдүүлнэ гэсэн үг. Түүнчлэн хатаж, ширгэсэн гол, нууруудаа тэтгэж, усны түвшнийг нь тогтвортой хэмжээнд барих боломж бүрдэнэ. Гадаргын усыг говь руу татсанаар баянбүрдүүд сэргэж, бэлчээр, газрын хөрс нөхөн сэргэнэ. Үүний үр дүнд нүүрсхүчлийн хийг шингээн хуримтлуулах байгалийн экосистемийн боломжийг нэмэгдүүлж, уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийг тодорхой хэмжээнд сааруулна гэсэн үг. Ингэж чадвал Монгол Улс Парисын хэлэлцээрээр хүлээсэн үүрэг, амлалтаа биелүүлэхэд хэдэн алхам ойртоно, COP17-г зохион байгуулсны хэргийг ч гаргана.
Улс орнууд өндөр дээд хэмжээний хурал, уулзалтаас хэрхэн хөрөнгө оруулалт татдаг, “Орхон-Онги”, “Хэрлэн-Тоонот”-д олон улсаас санхүүжилт босгох боломжтой, эсэхийг байгаль орчны төслүүдийн засаглалын шинжээч Р.Батгэрэлээс тодруулахад “Дэлхийн банк, Уур амьсгалын ногоон сан зэргээс хөнгөлөлттэй зээл, буцалтүй тусламж авах, зөвхөн тухайн төслүүдэд зориулж олон улсад ногоон бонд гаргах, хөгжлийн банкнуудтай хамтран бүсийн усны сан байгуулах, Монголын говьд үйл ажиллагаа явуулдаг уул уурхайн томоохон компаниуд, олон улсын хөрөнгө оруулагчдыг байгаль орчин, нийгэм, засаглалын үүрэг хариуцлага (ESG)-ын хүрээнд төсөлд дэмжлэг үзүүлэхийг уриалах зэрэг санхүүжилтийн механизмыг ашиглах боломжтой. Тэрчлэн debt for nature swap буюу байгаль хамгааллын ажлаар өр төлбөр чөлөөлөх хэлцлийг донор байгууллагуудтай хийх, гадаргын ус ашиглалтыг нэмэгдүүлэх төсөлд хөрөнгө оруулбал татвар, хураамжийн хөнгөлөлт эдлүүлэх зэрэг дэмжлэгийн аргууд ч бий. Засгийн газар “Орхон-Онги”, “Хэрлэн-Тоонот” төслийг ямар үзэл баримтлалаар, хэнд чиглүүлж танилцуулахаас хамаараад хөрөнгө оруулалтын аль механизмыг сонгох нь тодорхой болно. Эдгээр төсөл нь стратегийн өндөр ач холбогдолтой учраас олон сувгаар буюу санхүүжилтийн холимог тогтолцоогоор ч хөрөнгө оруулалт босгох боломжтой” гэсэн юм.
Улс төрийн нөлөө, хэсэг бүлэг хүний эрх ашиг, эдийн засгийн чадамж, хөрш зэргэлдээ орны бодлого зэргээс шалтгаалаад хэрэгжүүлж чадаагүй, олон жил “дуншсан”, усны салбартай холбогдох төсөл, хөтөлбөр (Эгийн голын болон Эрдэнэбүрэнгийн УЦС, “Орхон говь”, “Хэрлэн говь” гэх мэт) манай улсад цөөнгүй. Тэдгээрийн дунд багтсаар ирсэн “Орхон-Онги”, “Хэрлэн-Тоонот”-ыг олон улсын санхүүжилтээр амжилттай хэрэгжүүлж чадвал дараа дараагийн төслүүдийн замыг нээх нь дамжиггүй.
Н.Мишээл