
Төрт ёсны аугаа их уламжлал, үүх түүх, өв соёлоороо гайхуулан бахархах монголчуудын Үндэсний их баяр наадам хүж дэлхий өнгөө засаж, хүн ардын сэтгэл тэнийсэн эл үед хавтай сайхан болж өндөрлөлөө. Тулгар Төрийн 2235, Их Монгол Улсын 820, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115, Ардын хувьсгалын 105, Ардчилсан хувьсгалын 36 жилийн ойн баяр наадам идэр арслан, гарди, начинтай, шинэ мэргэдтэй, шинэхэн түрүү, айрагтай, монгол түмний хэлдгээр бүтэн жилдээ ярих “юм”-тай байсан юм. Мөн наадмын нээлтэд БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён, гэргий Ким Хе Гёны хамт хүндэт зочноор оролцсон нь онцлог байлаа. Энэ жилийн наадмын нээлтийн агуулга нь “Мөнхөд гэрэлтэх Монгол”. Хачирхалтай нь, нээлт, хаалтыг тойрсон шүүмж бараг л өрнөсөнгүй. Үүний цаад шалтгаан нь нээлтийн үзүүлбэрүүд хэн бүхэнд танил, хэт онцгойрох, “хүнд” үзэл санааг нэг дор илэрхийлэх гэсэн “агуу ихийн дэмийрэл”-гүй байсантай холбоотой. Хаана, юу болж байгаа нь тодорхойгүй, “арзайсан” олон дүрсийг телевизээр үзэх нь үзэгчдэд бэрхшээлтэйг өнөө жил их сайн бодолцжээ. Одоогоос хоёр жилийн өмнө “Скин” энтертайнментын найруулагч Б.Анар реппер Big Gee, Young Mo’G нарыг наадмын тайзнаа авчрахад наадамчин олон “Супер” хэмээн магтаж байв. Энэ жил Young Mo’G уран бүтээлч Baatar-тай хамтарсан “Дэмбээ” дуугаа дуулсныг эс тооцвол үргэлж л харагддаг рок попынхон өнөө улирсныг дурдах нь зүй.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Үндэсний их баяр наадмыг нээж хэлсэн үгэндээ “Өвөг дээдсийнхээ бахдам түүх, баатарлаг гавьяа, түүх, соёл, өв уламжлал, зан заншлыг хадгалан хамгаалж, түгээн дэлгэрүүлж, ирээдүй хойч үедээ өвлүүлэн үлдээх зорилгоор Монгол Улсын Ерөнхийлөгч Эзэн Богд Чингис хааны эш хөргийг хүндэтгэн залах, эртний нийслэл Хархорум хотыг сэргээн байгуулах, монгол үндэстний бахархал морин хуураа эрхэмлэн дээдэлж, Монголын түүхийн иж бүрэн 30 ботьномыг шинээр бүтээх зарлиг гаргасан бөгөөд Их хааныхаа музейг байгуулж, Чингис хаан хэмээх алдар нэрийг ертөнц дахинаа анхлан дуурьсгасан Хар зүрх уулыг төрийн тахилгатай болгосон билээ” хэмээсэн. Энэ нь түүний Ерөнхийлөгчийн хувиар оролцсон сүүлийн наадам юм. Ташрамд, манай ард түмний их баяр цэнгэлийн нээлтийг англи, япон, хятад, орос, солонгос хэлээр орчуулж, “MNB world”, “Youtube” сувгаар, мөн нийслэлийн есөн дүүрэг, 21 аймгийн төв талбайд шууд дамжуулсан нь анхных байв.
Долоодугаар сарын 13-нд Хүй долоон худагт болсон “Дэлхийн адууны өдөр”-ийн нээлтийг үзэж, сонирхохоор очсон иргэд түгжрэлд зутарч, хаана, юу байгаа нь мэдэгдэхгүй, нэл шороо дэгдсэн газар хуушуур идсэн болоод бушуу явахын түүс болсныг олон хүн шүүмжилсэн. Хүн их цуглах нь тодорхой байхад зохион байгуулалт тааруу, боловсон бие засах газар ч үгүй хэмээсэн. Баяр наадмыг зохион байгуулагчид жил бүр болдог “Playtime”, “ARA” фестивалиас “будаа идэх”-ийг ч сануулаад амжжээ.
СЭЛЭНГЭ, ХОВД АЙМГИЙН БӨХЧҮҮД ҮЗҮҮР, ТҮРҮҮ БУЛААЛДАВ
Монгол түмний хотол олноороо баясан цэнгэдэг улсын наадам жил бүр онцлох, дурсах зүйл ихтэй болдог. Баярын өдрүүдэд дэлхийн аль ч улсад байхгүй өвөрмөц, гайхамшигт соёл, ёс заншил, үндэсний урлаг, спортыг цогцоор нь харуулж, эх хэл, түүхээ хойч үедээ уламжлуулан, тусгаар тогтнолоо баталгаажуулдаг нь эцэг өвгөдөөс өвлүүлсэн бахархал билээ. Тулгар төрийн 2235 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 820 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115 жил, Ардын хувьсгалын 105 жилийн ойн Үндэсний их баяр наадмын сур харвааны алтан шар зурхайд эрхий мэргэчүүд цэц сорин, шагайн харваачид асар майхан дэрвэтэл уухайлан сум тавьж, зүлэг ногоон дэвжээнд улс, аймаг, сум, цэргийн цолтой 1024 бөх зодоглож, 14 хүчтэн улсын начин цолны болзол хангав. Цолны босгоор алхсан тэднээс зургаа нь амжилтаа ахиулснаар улсын харцага, заан цолтнуудын ам бүлд багтлаа. Тавын даваанд улсын цолгүй аймаг, цэргийн цолтой 28 бөх тунаж, барилдааныг өрсөлдөөнтэй болгосон. Наадамчин олон гурван өдрийн барилдаанаас бөхийн аз хийморь зөвхөн бяр, хүчинд бус, шантрахгүй хичээл зүтгэл, зориг, зорилго, тууштай байдалд оршдогийг харав. Наадмын үйл ажиллагааг төлөвлөсөн хугацаанд нь зохион байгуулах зорилгоор бөхийн барилдааны нэгийн давааг энэ сарын 10-нд эхлүүлж, бусдыг нь 11-нд баярын нээлтийн ёслолын үйл ажиллагааны дараа үргэлжлүүлсэн.
Монголын үндэсний бөхийн холбоо (МҮБХ)-ны Ёс зүй, сахилга хариуцлагын зөвлөлийн ээлжит хурлаар улсын арслан Р.Пүрэвдагва болон аймгийн арслан Я.Бумбаяр нарын ёс зүйн зөрчлийг хэлэлцэж, Р.Пүрэвдагвын барилдах эрхийг таван сараар хассан. Тус шийдвэртэй холбоотой маргаан үргэлжилж, Төв цэнгэлдэх хүрээлэнд нэгийн давааны барилдаан эхлэхийн өмнө улсын арслан Р.Пүрэвдагва наадамчин олны өмнө уучлал хүсэж, хүндэтгэл үзүүлснээр МҮБХ-ноос түүнийг барилдуулах шийдвэр гаргасан юм. Тэрбээр нэгийн даваанд залуу бөх Д.Ган-Өлзийг өвдөг шороодуулж, барилдаанаа үргэлжлүүлсэн. Энэ талаар тус холбооны тэргүүн Ц.Магалжав хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Улсын арслан Р.Пүрэвдагвыг зөвхөн наадмаар барилдахыг зөвшөөрсөн. Эрх нь сэргэтэл өөр барилдаанд зодоглохгүй” гэж тайлбарласан. Шөвгийн наймд үлдэх магадлалтай өндөр цолтнуудаас улсын аварга П.Бүрэнтөгс, О.Хангай, улсын арслан Ц.Содномдорж, Ц.Бямба-Отгон нар доогуур даваанд бүдрэн, үзэгчдийн суудалд шилжиж, наадмын тааврыг энэ удаа ч мөн будлиулав. Гурав, дөрвийн даваанд Дархан аварга Г.Өсөхбаяр, улсын аварга Г.Эрхэмбаяр, улсын арслан Э.Оюунболд, улсын гарди М.Баяржавхлан, Д.Рагчаа, улсын заан Н.Жаргалбаяр, Д.Анар нар нутгийнхаа залуу бөхчүүдэд тахим буулгаж, урам өгч дэмжсэн.
Даваа өгсөх тусам барилдаан улам өрсөлдөөнтэй болж дэвжээнд сонирхолтой олон зүйл өрнөх нь тодорхой болов. Улсын цолтнууд эрэмбээрээ ам авсан ч хүч түрэн гарч ирсэн аймгийн арслангуудыг өвдөг шороодуулж барсангүй. Өнгөрсөн жилийн наадмаар улсын заан цолтон төрөөгүй. Тиймээс үзэгчид зургаагийн даваанаас эхлээд хэний хүү эл цолд хүрч, шөвгийн дөрөвт тунах бол хэмээн сонирхож буй нь анзаарагдсан.
Тухайн бөх, харваачийн ухаан, тэсвэр, аз хиймориос өнгө нь тодордог гэдэг. Наадам эхлэхээс өмнө бөхийн хорхойтнууд аймгийн арслангуудаас Б.Гончигсүрэн, Д.Алтанцоож, М.Баасанжав, аймгийн начин Б.Сундуйжав нарыг шинжин бэлтгэл нь жигдэрч, өнгөтэй сайхан харагдана гэж ярьж байв. Тэд ч олны итгэлийг гонсойлгосонгүй. Онцолбол, Архангай аймгийн Хотонт сумын харьяат Б.Гончигсүрэн Бүх цэргийн наадамд үзүүрлэж цэргийн заан, Өмнөговь аймгийн баяр наадамд түрүүлэн аймгийн арслан цол хүртсэн. Сар гаруйн хугацаанд гурван том наадамд хүч сорьж, улсын цолны болзол хангасан нь хүмүүсийн анхаарлыг татаж байлаа. Тэрбээр дөрвийн даваанд улсын арслан Ц.Бямба-Отгоныг, тавд аймгийн арслан М.Баяржавхлантай тунаж давснаар Монгол Улсын начин цол хүртэв. Тэгвэл түүнийг зургаагийн даваанд аймгийн арслан Ө.Батсуурь хаяж, улсын харцага цолны эзэн болсон.
Долоогийн давааны барилдаан ширүүхэн өрнөв. Увс аймгийн Ховд сумын харьяат улсын начин Л.Энхсаруул улсын арслан Ц.Содномдорж, Завхан аймгийн Баянхайрхан сумын харьяат, аймгийн начин Б.Сундуйжав улсын арслан Э.Оюунболд, Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат, аймгийн хурц бадрангуй арслан Д.Алтанцоож улсын заан Д.Хүдэрбулгаар давж, улсын заан цолтнуудын босгоор омог бардам алхан олныг баярлуулсан. Наймын даваанд улсын заан Б.Бат-Өлзий, улсын арслан Э.Батмагнай, улсын заан М.Лхагвагэрэл, аймгийн хурц арслан Д.Алтанцоож нар оноолт таарав. Э.Батмагнай өнгөрсөн жилийн наадмаар хүчтэй учраадаа нас залуу, бэлтгэл сайн байгаагаа харуулж өвдөг шороодуулсан бол энэ удаа Б.Бат-Өлзий даагаа нэхэн удтал барилдсаны эцэст дуулиантайхан унагаж, улсын арслангийн энтэйгээ мэдрүүлэв.
Есийн даваанд дархан аварга Н.Батсуурь гурван бөхөөс Б.Бат-Өлзийг амласан. Тэднийг гал гартал барилдана гэж бодсон үзэгчид нам гүм болов. Гэтэл дархан аварга хэний ч төсөөлөөгүй шийдвэр гаргаж, Ховд нутгийн хүүд тахимаа өгсөн нь энэ жилийн наадмын хамгийн сонирхолтой агшин байлаа. Энэ нь аварга бөхийн эв нэгдэл, ёс жудаг, хүн чанар, сайхан сэтгэлийг бэлгэдсэн ухааны нүүдэл, алсын бодол, холч хараа байсан юм. Наадамчин олон гайхан алмайрсан ч дархан аваргад талархан баярласан. Их шөвөгт тунасан улсын арслан Б.Орхонбаяр, улсын заан М.Лхагвагэрэл хоёр бие биеэ цэнэн, хийгүй барилдсан. Тэд нэгнээ хэрхэн барилддагийг сайн мэднэ. Эн тэнцүүхэн өрсөлдөөний төгсгөлд Б.Орхонбаяр их спортод хэдэн жил “босоо” явсан дэлхийн мөнгө, хүрэл медальтантай зоримог, шийдэмгий барилдаан өрнүүлэх чухал байв. Тэрбээр түүний давхар шуудагны барьцаас түрж, хөөсөөр өвдөг шороодуулсан юм.
Арвын даваа наадмын үзүүр, түрүү тодрох хамгийн торгон мөч байлаа. Үзэгчид даян аварга, шинэ арслан, шинэ гарди цолтон төрөхийг битүүхэндээ хүсэн хүлээсэн нь илэрхий. Б.Орхонбаярын хувьд олонд “Баавгай” заан хэмээн хүндлэгддэг Б.Бат-Өлзийтэй барилдана гэдэг амаргүй даваа. Наадамчин олон Цэнгэлдэхийн талбайд хэдэнтээ давалгаалсны дараа үзүүр, түрүүний барилдаан эхлэв. Аль нь ч түрүүлж мэдэх барилдааныг шимтэж үзэхээр хүмүүс амьсгаа даран чимээгүй суусан. Нэг хэсэг нь Сэлэнгээс, нөгөө нь Ховд аймгаас түрүү бөх төрнө хэмээн бооцоо тавьж, дээлийнхээ захыг мушгиж харагдав. Б.Орхонбаяр шийдвэрлэх барилдаанд учраа бөхөө дагуулан хөмрөх мэхээр өвдөг шороодуулав. Тэрбээр ийнхүү Монгол Улсын даян аварга цол хүртэн наадамчин олны хүслийг биелүүлэн, Сэлэнгэ аймгаас төрсөн хоёр дахь аварга болж, Төрийн их баяр наадмын түрүү бөхөөр тодорсон юм. Түүнээс өмнө Цагааннуур сумаас “Боохой” хэмээх улсын арслан Д.Данзан 1923 онд улсын начин, 1933 онд улсын наадамд шөвгөрөн, ес давж үзүүрлэн Монгол Улсын арслан цол хүртжээ.
ШИНЭЭР ЦОЛ ХҮРТСЭН БӨХЧҮҮД
Монгол Улсын начин
Баянхонгор аймгийн Хүрээмарал сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Тэргүүн Богд” дэвжээний бөх Ганзоригийн Жамбалдорж
Дорнод аймгийн Баян-Уул сумын харьяат, “Хилчин” спорт хороо, “Дорнын хүчтэн” дэвжээний бөх Ганболдын Төрмөнх
Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Таван хан” дэвжээний бөх Хангайн Наранбаяр
Архангай аймгийн Хотонт сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Бөхбилэгт” дэвжээний бөх Баасангийн Шаравдорж
Увс аймгийн Тэс сумын харьяат, “Сүлд” спорт хороо, “Увс нуур” дэвжээний бөх Баттулгын Өсөхбаяр
Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын харьяат, “Хилчин” спорт хороо, “Чойрын Богд” дэвжээний бөх Энхтөрийн Мөнхбаатар
Булган аймгийн Сайхан сумын харьяат, “Хилчин” спорт хороо, “Булган” дэвжээний бөх Бямбасүрэнгийн Бат-Эрдэнэ
Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын харьяат, “Хөвсгөлийн хүчтэн” дэвжээний бөх Энхтөрийн Баасанжав
Сүхбаатар аймгийн Онгон сумын харьяат, “Сүлд” спорт хороо, “Жавхлант” дэвжээний бөх Болор-Эрдэнийн Номиндалай
Завхан аймгийн Идэр сумын харьяат, “Сүлд” спорт хороо, “Завхан даян” дэвжээний бөх Алтанхуягийн Нармандах
Ховд аймгийн Зэрэг сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Ховд” дэвжээний бөх Жаргалсайханы Жавхлан
Булган аймгийн Сайхан сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Булган” дэвжээний бөх Насан-Очирын Намнансүрэн
Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын харьяат, “Алдар” спорт хорооны бөх Нямсүрэнгийн Амгаланбаатар
Архангай аймгийн Хотонт сумын харьяат, “Хилчин” спорт хороо, “Бөхбилэгт” дэвжээний бөх Батхуягийн Гончигсүрэн
Монгол Улсын харцага
Архангай аймгийн Тариат сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Бөхбилэгт” дэвжээний бөх Өнөрбаянгийн Батсуурь
Архангай аймгийн Хотонт сумын харьяат, “Сүлд” спорт хороо, “Бөхбилэгт” дэвжээний бөх Эрдэнэхүүгийн Мөнхжаргал
Булган аймгийн Хишиг-Өндөр сумын харьяат, “Сүлд” спорт хороо, “Булган” дэвжээний бөх Бямбадоржийн Түвшинтөгс
Монгол Улсын заан
Завхан аймгийн Баянхайрхан сумын харьяат, “Хилчин” спорт хороо, “Завхан даян” дэвжээний бөх Батбаярын Сундуйжав
Увс аймгийн Ховд сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Увс нуур” дэвжээний бөх Лхагвасүрэнгийн Энхсаруул
Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Хан Хэнтийн аварга” дэвжээний бөх Даваасүрэнгийн Алтанцоож
Монгол Улсын гарди
Завхан аймгийн Яруу сумын харьяат, “Хилчин” спорт хороо, “Завхан даян” дэвжээний бөх Мөнхтөрийн Лхагвагэрэл
Монгол Улсын арслан
Ховд аймгийн Зэрэг сумын харьяат, “Аврагч” спорт хороо, “Ховд” дэвжээний бөх Баярхүүгийн Бат-Өлзий
Монгол Улсын даян аварга
Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Таван хан” дэвжээний бөх Баярсайханы Орхонбаяр
Үндэсний их баяр наадмын бөхийн барилдааны дүрэмд заасны дагуу түрүү, үзүүр болон шөвгөрсөн бөхчүүдэд чимгийн үнэмлэх гардуулдаг.
Найм даван шөвгөрсөн дархан аварга Н.Батсуурьт “Баатар зоригт”,
Долоо даван шөвгөрсөн улсын арслан Э.Батмагнайд “Саруул сайжрах”
Зургаа даван шөвгөрсөн улсын арслан Ц.Содном доржид “Өнөд амгалант”
Улсын арслан Э.Оюунболдод “Үнэн зоригт”
Улсын заан Д.Хүдэрбулга, С.Сүхбат, улсын харцага Э.Даш нарт “Үнэн зоригт”
Тав давж шөвгөрсөн улсын харцага Т.Бэгзсүрэн, улсын начин Б.Сосорбарам нарт “Өсөх идэр” чимэг олголоо.
Үндэсний их баяр наадмын бөх, сур харваачдын допингийн нийт 164 дээжийг ХБНГУ-ын Дрезден хотын лаборатори луу энэ сарын 13-нд шинжилгээнд явуулснаас 163 дээжийнх нь хариу ирсэн байна. Допингийн шинжилгээнд явуулсан 164 дээжийг ангилбал 64 бөх, 16 харваач, 17 нь аймаг, 84 нь нийслэлийн гурван дүүргийн баяр наадамд оролцогчдынх аж.
АЛТАН ШАР ЗУРХАЙД Х.БОЛДБААТАР ДАЯН С.ТОГООХҮҮ МОНГОЛ УЛСЫН МЭРГЭН ЦОЛТОН БОЛЛОО
Буриад сур
Баярын өдрүүдэд нартай, хуртай байдаг тул сур харваачид цаг агаарын хүндхэн нөхцөлд цэц сорьж, мэргэчүүдээ тодруулдаг. Наадам уламжлал ёсоор урианхай сураар эхэлж, буриад, үндэсний сур харваагаар үргэлжилсэн. Бид наадмын өмнөх дугаартаа урианхай сур харвааны мэргэн төрснийг мэдээлсэн билээ.
Энэ жилийн наадмын буриад сур харваанд 240 харваач нум эвшээлгэснээс эрэгтэйчүүдийн төрөлд Баян-Өлгий аймгийн Алтай сумын уугуул, Үндэсний батлан хамгаалах их сургууль, “Алдар спорт” хороо, “Өлгийн мэргэчүүд” багийн харваач Буриад сурын хошой мэргэн Н.Алтантулга 47 оноогоор түрүүлж, Хүйхэрээ мэргэн цолны болзол биелүүлэв. Эмэгтэйчүүдээс Дорнод аймгийн Дашбалбар сумын уугуул, “Баргудай мэргэн” клубийн харваач аймгийн мэргэн Б.Ганчимэг 46 оноогоор тэргүүн байр эзэлж буриад сурын мэргэн болсон юм.
Халх сур
Наадмын халх сурын харваанд 850 харваач өрсөлдсөн нь тэмцээнийг үзүүштэй, сонирхолтой болгож, үзэгчдийг огшоон суудлаас нь өндөлзүүлэв. Товх харваа мэргэчүүдийн бэлтгэл хэр базааж, сэтгэл зүйгээ хэрхэн бэлдсэнийг олон талаар сорьдог тул нэг л сум алдвал түрүүлэх боломжгүй. Тиймээс азанд найдахаас илүү авьяас, мэдрэмж, ур чадвартаа итгэдэг. Эрэгтэйчүүдийн ангилалд 40 сумнаас 38 оносон гурван харваач товхолсон. Баян-Өлгий аймгийн Алтанцөгц сумын харьяат, улсын мэргэн Х.Болдбаатар 20 жилийн дараа дахин түрүүлж, Монгол Улсын даян мэргэн цол хүртэв. Тэрбээр 2006 оны наадамд түрүү харваачаар шалгарсан түүхтэй. Эмэгтэйчүүдийн харваанд Өвөрхангай аймгийн Бат-Өлзийт сумын уугуул, зэвсэгт хүчний 339 дүгээр анги, “Алдар” спорт хороо, “Жем интернэшнл” багийн харваач С.Тогоохүү 38 оноогоор тэргүүлсэн. Тэрбээр эхний өдрөөс “битүү морь шиг” өндөр оноотой хошуучилсаар Монгол Улсын мэргэн цолны эзнээр тодорсон юм. Улсын наадмаар бөх, морь, харваачдаа харахаар нутгийнх нь уул, ус, зон олон дагаж ирдэг гэх яриа олны дунд бий. Сурын алтан шар зурхайд хоёроос дээш түрүүлсэн мэргэчүүдийг ардаа орхиж, цойлно гэдэг шинэхэн харваачийн хувьд ховорхон тохиох аз юм. Түрүү байрын төлөө таван харваач товхлоход түүнийг хийморь нь тэтгэж, наадмын тэнгэр ивээн, нутгийх нь уулс түшив.
Өсвөр үеийнхний сур харваанд 420 гаруй хүүхэд оролцсоноос хөвгүүдийн төрөлд Завхан аймгийн Сонгино сумын уугуул, “Хилчин” спорт хороо, “Есүхэй мэргэн” клубийн харваач Д.Тэмүүлэн 29, охидоос Говь-Алтай аймгийн Жаргалант сумын харьяат, ерөнхий боловсролын I сургуулийн 11Е ангийн сурагч, “Хантайшир зурхай”, “Сутайн мэргэд” сургалтын төвийн харваач Э.Халиунаа 31 оноогоор тэргүүн байр эзлэв.
ХУРДАН МОРИНЫ УРАЛДААНД
Азарга: Өмнөговь аймгийн Булган сумын харьяат, Тод манлай уяач Н.Хүрлээгийн “Цавьдар шарга” азарга түрүү магнайд хурдлав.
Их нас: Говь-Алтай аймгийн Шарга сумын харьяат, Монгол Улсын Тод манлай уяач Х.Бат-Эрдэнийн “Жигүүр халтар” морь түрүүлж, Даян түмэн эх боллоо.
Соёолон: Өмнөговь аймгийн уугуул, Аймгийн алдарт уяач Ч.Батжаргалын хонгор халзан соёолон магнайдаа тоосгүй хурдалсан.
Хязаалан: Төв аймгийн Бүрэн сумын харьяат, Монгол Улсын Манлай уяач Х.Улам-Өрнөхийн хээр үрээ түрүүлж, гурван жил дараалан төрийн наадамд түрүү, айраг авсан амжилтаа бататгалаа.
Шүдлэн: Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын харьяат, Аймгийн алдарт уяач Э.Ариунболдын зээрд халзан үрээ өнгөлжээ.
Эрлийз дунд нас: Хэнтий аймгийн Дадал сумын харьяат, уяач Б.Оргилын бор морь түрүү магнайд хурдалсан байна.
Даага: Үндэсний их баяр наадмын хурдан дааганы уралдаанд Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын харьяат, Аймгийн алдарт уяач Н.Магсарын сартай хээр даага түрүүлж, түмэн олноо баясгав.
НҮҮДЭЛЧДИЙН СОЁЛЫН ДАРХЛААГ ДИЖИТАЛ ЭРИНТЭЙ ХОСЛУУЛСАН НЬ
Монголчууд бид түүхийн урт хугацааны туршид дэлхийд хосгүй нүүдлийн соёл иргэншлийг бүтээлцэж, түүнийгээ төрөлх хэлбэрээр нь өвлөн уламжилж яваа ард түмэн. Гэхдээ цаг хугацааны хүрд эргэж, дэлхий ертөнц дижитал эрин рүү тэмүүлэх тусам энэхүү баялаг өв соёл, бахархам түүхийг орчин үеийн дэвшилтэт технологиор баяжуулан, залуу үеийнхэндээ таниулах нь бидний бас нэгэн чухал зорилт болоод байна. Энэ ч утгаараа өнөө жилийн Үндэсний их баяр наадмын нэгэн тод хуудас, наадамчин түмнийг огшоож, нүд алдам гайхшируулсан мөч бол яах аргагүй 1000 дроны гэрлийн үзүүлбэр байлаа. Үдшийн бүрэнхий болохтой зэрэгцэн Улаанбаатар хотын зүрхэн хэсэгт алтан соёмбо үсгийг 1000 дрон тэнгэрт гэрэлтүүлж, улмаар наадмын сүр хүч, төрийн цул байдлын илэрхийлэл болсон есөн хөлт цагаан тугаа Цэнгэлдэхийн дээр залсан юм. Наадамчдын уухай хадахтай зэрэгцэн өвгөн хуурчийн хөрөг, салхи татуулан давхих шандаст хүлэг морьд тэнгэрийн хаяанд “хурдалсан” нь хүн бүрийн сэтгэлийг хөдөлгөсөн, бахархал омогшил төрүүлсэн мөч байв.
Тэр дундаа Эзэн Чингис хааныхаа хөргийг шөнийн тэнгэрт амилуулахад наадамчид суудлаасаа босон алга ташсан аж. Мөн “Монгол Улс мандан бадраг”, “Монгол түмэн минь сайхан наадаарай” хэмээх бичиглэл, төрийн далбааг үүлэн хээтэй хослуулан зурсан нь дижитал арт буюу орчин үеийн гэрлийн урлагийн өвөрмөц илрэл гэлтэй. Ийнхүү дижитал технологиор дамжуулан монголчуудын түүх, соёлын дархлааг илэрхийлсэн нь өнөө жилийн баяр наадмын онцлох үйл явдлын нэг байсан юм.
Үүнээс гадна наадамчин олон Төв цэнгэлдэхээ тойрон, хуушуурын асруудаар зочилдог бичигдээгүй хуультай. Эл жишгээр өнөө жил ч наадамчдын хөл хөдөлгөөн хуушуурын асруудыг чиглэв. Цэнгэлдэх хүрээлэнг тойрон босгосон асруудад хуушуураас гадна хорхог, боодог, шорлог, айраг гээд монгол идээ ундаа элбэг хангалуун байв. Хуушуурын үнэ 4000-5000 төгрөгийн хооронд байсан бөгөөд өмнөх жилүүдийнх шиг мах багатай, чанар муутай гэх шүүмжлэл лав өрнөсөнгүй. Сонирхуулахад, “Опозит” хамтлагийн дуучин Г.Энэрэл өнөө жил хуушуурын асар түрээслэхийн зэрэгцээ бөхийн тухай шинэ уран бүтээл гаргаад амжжээ. Түүний хуушуур 5000 төгрөгийн үнэтэй ч мах ихтэй, амт чанар сайтай байсныг иргэд ам уралдан сайшаасан юм.
Наадамчдын хувьд урт дараалалд зогсож байгаад хуушуураа идэх, гэр бүлээрээ зургаа авхуулах нь баярын салшгүй нэг хэсэг хэвээр. Тиймдээ ч монгол наадам бол үндэсний дархлаа төдийгүй гэр бүлийн нандин уламжлал билээ. Хэдийгээр уур амьсгал дэлгэр сайхан байсан ч баяр наадмын өдрүүдийн цаг агаар иргэдийг багагүй сорив. Улаанбаатар хотод энэ сарын 10-нд 25 хэмийн халуун байсан тул цэнгэлдэхэд наадам үзэхээр ирсэн хүүхдүүдийг ус цацаж сэрүүцүүлсэн юм. Харин маргааш нь буюу долоодугаар сарын 11-нд нийслэл орчимд 30 гаруй минут үргэлжлэн орсон ширүүн борооны улмаас Төв цэнгэлдэх хүрээлэн тэр чигтээ усанд автсан. Улмаар өмсгөл зүүсгэл, торгон дээлээрээ гоёсон наадамчид тогтсон их усыг туучиж гарахаас өөр аргагүйд хүрсэн.
Цаг агаарын таагүй нөхцөл үүссэн ч наадмын өдрүүдэд Төв цэнгэлдэх хүрээлэн орчмын цэвэрлэгээ, үйлчилгээг алдагдуулахгүй байхаар арын албаныхан шуурхай ажилласныг энд онцлох нь зүйтэй. Тодруулбал, долоон байгууллагын 161 ажилтан, 27 техник, хэрэгсэлтэйгээр өдөр бүр 05.00-00.00 цаг хүртэл ажилласан юм. Тэд явган замын цэвэрлэгээ, хог хаягдал цуглуулах ажлаас гадна авто зам, зогсоолуудад тогтсон усыг соруулах, явган замыг хөөстэй угаалгаар цэвэрлэх ажлыг тогтмол гүйцэтгэж, наадамчдын тав тухыг хангахын төлөө ажилаллаа.
“НОМТ ДАНШИГ” БАГИЙНХАН ГУРАВ ДАХЬ УДААГАА АВАРГААР ТОДОРЛОО
Баяр наадмын шагайн харвааны үеэр Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал, Улсын Их Хурлын дарга Ж.Бямбацогт, Монгол Улсын Шадар сайд Н.Номтойбаяр нар Үндэсний шагайн харвааны асарт хүрэлцэн ирж, наадамчин олонтой мэндлэн, харваачдад хүндэтгэл үзүүлж уламжлал ёсоор сум тавив. Тус спортоор манай улсад 20 мянга орчим иргэн хичээллэдэг тул жил бүр улс, аймгийн цолтой харваачдын тоо нэмэгдсээр байна. Энэ нь үндэсний өв соёл хойч үед өвлөгдөж, төр засаг үндэсний спортоо бодлогоор дэмжин хөгжүүлж буйн бодит илэрхийлэл юм. 2026 оноос шагайн харвааны тэмцээний шагналын сан өмнөх жилүүдийнхээс нэмэгдэж, тэр хэрээр харваачдын чансаа өндөр түвшинд хүрэх боломж бүрдлээ. Үндэсний шагайн харвааны тэмцээнд 18 аймаг, нийслэлийн багуудаас гадна БНСУ-аас зорин ирсэн харваачид оролцсон. Ахмад харваанд 31, өсвөр үеийнхэд 23, насанд хүрэгчдийнхэд 106 баг буюу нийт 1300 гаруй харваач өрсөлдсөн юм.
Насанд хүрэгчдийн ангилалд Дорноговь аймгийн Хөвсгөл сумын уугуул, Монгол Улсын үлэмж дархан мэргэн Б.Баттулгын удирдлагад ХХЕГ-ын “Хилчин” спорт хороо, “Монголын төмөр зам” ТӨХК, “Номт даншиг” ХХК, “Хэттрик” группийн мэргэчүүд оролцож, гурав дахь удаагаа (2022, 2024, 2026 онд) аваргалав. Тэдэнтэй тэргүүн байрын төлөө цэц сорьсон Монгол Улсын гарамгай мэргэн Ч.Буянжаргалын ахалсан Өмнөговь аймгийн Цогтцэций сум, “Алтанговь транс” багийнхан удаалж, Монгол Улсын хошой мэргэн Аюурзанын Ариунгэрэл ахлагчтай Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сум, ШШГЕГ-ын “Сүлд” спорт хороо, “Эхлэл” групп, “Өндөрлөг бүрэг” ХХК-ийн харваачид шигшээ дөрөвт анх удаа шалгарч, хүрэл медальтай нутаг буцлаа.
Ахмадын ангилалд Өвөрхангай аймгийн Уянга сумын харьяат, Монгол Улсын хүндэт харваач, аймгийн гоц мэргэн О.Чулуунбат ахлагчтай “Хийморь” багийнхан алтан медаль гардав.
Өсвөр үеийнхний харваанд Өвөрхангай аймгийн Уянга сум, А.Мөнх-Өлзий ахлагчтай “Өв алтан аргай” багийнхан улсын наадмын шагайн харвааны тэмцээнд анх удаа оролцож, аваргын төлөө Төв аймгийн “Цэц баян”-ы харваачдыг хожиж түрүүллээ. Монгол Улсын Шагайн харвааны салбар хорооны журмын дагуу өсвөр үеийнхний УАШТ-ий багийн болон хувийн цуваа харваанд таван удаа шөвгөрсөн харваачдад “Өсөх идэр мэргэн” цол олгодог. Тэднээс энэ жил Өвөрхангай аймгийн Тарагт сумын харьяат, “Номт даншиг” багийн харваач М.Сансарбуян, Дорноговь аймгийн харьяат Э.Замлин нар амжилтаараа шалгарч, дээрх цолыг хүртжээ.