
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва үер, усны аюул, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор энэ сарын 8-наас есдүгээр сарын 15-ныг дуустал өндөржүүлсэн бэлэн байдал зарлалаа. Үүний хүрээнд Хар усан тохойгоос Зайсангийн гүүр, Зайсангаас Сонсголон чиглэлд, мөн Тэрэлж, Хэрлэн голын дагуух бүсэд завь, морь, цахилгаан мотоциклтойхөдөлгөөнт эргүүлийг өдөр бүр ажиллуулж байна. Түүнчлэн агаараас дрон ашиглан нөхцөл байдлыг тандаж буй юм.
Дээрх хугацаанд онцгой байдлын байгууллагын 242 алба хаагч 64 автомашин, 10 мотопомптой үүрэг гүйцэтгэж буй бол Геодез, усны барилга, байгууламжийн газрын 19 мэргэжилтэн найман техниктэй ажиллаж байна. Мөн Ус сувгийн удирдах газрын 50 мэргэжилтэн 47 тэрэгтэйгээр дайчлагдсан аж. Албаныхан сүүлийн таван жилд усны осол хамгийн их гарсан 399 “хар цэг”-ийг тодорхойлон, гол, мөрөн, нуурын дагуу шумбахыг хориглосон тэмдэг, тэмдэглэгээ байршуулжээ. Мөн аюулаас сэргийлэх санамж хуудсыг 12 350 иргэнд тараажээ.
Үндэсний их баяр наадмын өдрүүдэд усны осолтой холбоотой 64 дуудлага, мэдээлэл бүртгэгдсэнээс алба хаагчид таван хүний амийг аварч, эрсдэлт бүсээс 88 оршин суугчийг гаргасны 35 нь хүүхэд байв. Иймд цаг агаарын урьдчилсан мэдээ, мэргэжлийн байгууллагын сэрэмжлүүлгийг тогтмол хүлээн авч, уулын ам, голын сайр, гуу жалга, нам дор газраар зорчихгүй, хүүхэд, өндөр настан болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хараа хяналтгүй орхихгүй байхыг Онцгой байдлын ерөнхий газраас анхаарууллаа.
Э.СОНДОР