
МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн Биологийн тэнхимийн профессор Д.Лхагвасүрэн, ХБНГУ-ын Халле Виттенберг Мартин Лютер их сургуулийн профессор М.Штуббе нараар удирдуулсан хоёр улсын хамтарсан экспедиц Монгол орны баруун бүсэд ховор амьтдын ээлжит судалгаагаа эхлүүлжээ. Устах аюулд ойртсон төрөл, зүйлүүдийн популяцын өөрчлөлтийг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр судлан тогтоож, үр дүнтэй хамгаалах бодлого хэрэгжүүлэх нь уг экспедицийн зорилго бөгөөд 1967 оноос үндэс сууриа тавьсан Монгол, Германы биологийн олон янз байдлыг хамгаалах хамтын ажиллагааны хүрээнд үүнийг гүйцэтгэж буй юм.
Биологич эрдэмтэд Амарын шонхор, талын бүргэд, сохор элээ зэрэг махчин шувуудын тархац нутаг, амьдрах орчин, эрүүл мэндийн байдлыг тогтмол ажиглаж, баримтжуулан судалж байна. Үүний үр дүнд ховордсон амьтдыг устах аюулаас авраад зогсохгүй Монгол оронд хэрэгжүүлж буй ойжуулах, нөхөн сэргээх ажлуудын нөлөөг бодитоор, баримт судалгаатайгаар үнэлэх боломж бүрдэх гэнэ. Учир нь ойн сан, ногоон бүс нь уур амьсгал, усны нөөц, хөрсний чийгшлийн тэнцвэрт байдлыг хангахаас гадна шувууд өсөж үржих, өндөглөн зусах таатай орчин болдог ажээ.