Монгол Улсын ес дэх парламент бүрдэж, анхны 126 гишүүн тангаргаа өргөөд байна. Дөрвөн нам, нэг эвслийн төлөөллөөс бүрдсэн эл парламентад иргэд биднийг хэн хэн төлөөлж байна вэ. Ардчилсан засаглалыг бэхжүүлэх, нийгэм, эдийн засгийн амьдралд хөгжил дэвшил авчрах үүрэг, зорилгоо биелүүлэх нөөц боломж, туршлага тэдэнд бий юү. Эдгээр асуултад хариулт өгч, иргэдийн мэдэх эрхийг хангах үүднээс “Өнөөдөр” сонин “126-гийн нэг” булан нээгээд байна. Энэ парламентын 126 гишүүний 80 нь анх удаа сонгогдсон. Мөн түүхэндээ хамгийн олон эмэгтэй гишүүнтэй УИХ гэхчлэн онцлогтойбилээ. Парламентад иргэдийг хэн хэн төлөөлж байгааг бид цувралаар танилцуулж буй.
Женкогийн “гал”-аас угшилтай Д.Пүрэвдаваа
2024 оны УИХ-ын сонгуульд Үндэсний эвслээс жагсаалтынх нь гуравдугаарт эрэмбэлэгдэж, хууль тогтоох дээд байгууллагад ард түмнийг төлөөлж ажиллах эрхийг анх удаа өвөртөлсөн Даваахүүгийн Пүрэвдаваа гишүүн шаардлагатай үед оготнын нүхээр ч багтаж орохоор “овсгоотой” нэгэн гэгддэг. Бичиг цаасан дээр Ардчилсан намд данстай олон жил явсан ч бие, сэтгэлээрээ Женко Х.Баттулгад нэгэнт “эзэмдүүлсэн” түүнийг улс төрийн хүрээнийхэн “Д.Пүрэвдаваа бол өндөр биетэй Женко” хэмээн зүгээр ч нэг нэрийдээгүй нь лавтай. “Намын гишүүний үүргээ удаа дараа биелүүлээгүй” гэдэг үндэслэлээр 2018 онд АН-ын дарга С.Эрдэнэ түүнд сахилгын шийтгэл ногдуулж, дөрвөн жилийн хугацаатай намаасаа “хөөсөн”-ий хариуд тэрбээр 2024 оны эхээр өрх тусгаарлаж, Монголын Либерал ардчилсан намыг байгуулсан. АН-аас гарч Либерал ардчилсан нам байгуулангуутаа Үндэсний эвсэлд нэгдсэн нь зарчим, үзэл баримтлал, үнэт зүйлээс илүү улс төрийн байр сууриа хадгалах сонголт байсан гэх шүүмжлэл дагуулсан удаатай. Энэ бүх нүүдлийг нэг хүн далдаас удирдаж байсан гэдэг нь үнэний хувьтай.
Д.Пүрэвдаваа мэдлэг боловсролын хувьд ч, ажилласан байдал, улс төрийн карьер талаасаа ч түмнээс онцгойроод байхаар намтартай хүн биш аж. Нийслэлийн I дунд сургуулийг дүүргэсэн, 2002 онд “Монгол бизнес” дээд сургуульд бакалавр, 2007 онд Удирдлагын академид магистрын зэрэг хамгаалжээ. Ажлын туршлагын хувьд 2004-2012 онд “Цэнан” ХХК-д гүйцэтгэх захирлаар ажиллаж байгаад 2012 оны орон нутгийн сонгуулиар хотын парламентад АН олонхын суудал авахад нийслэлийн Засаг даргын Үйлдвэрлэл, экологийн асуудал хариуцсан орлогчоор томилогдон хэдхэн сар ажиллаад өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөн байдаг. Тийнхүү 2012-2017 онд Баянзүрх дүүргийн Засаг дарга, 2017-2020 онд Ерөнхийлөгч Х.Баттулгын Байгаль орчин, хот, хөдөөгийн хөгжлийн болого, агаарын бохирдлын асуудал хариуцсан зөвлөх, 2020-2023 онд нийслэлийн ИТХ дахь Ардчилсан намын бүлгийн даргаар ажиллаж байгаад өнгөрсөн сонгуулийн өмнөхөн гэнэт буурь сэлгэсэн юм.
Уг нь намын нөхөд нь түүнд дахин итгэл хүлээлгэж, 2020 оны наймдугаар сард нийслэлийн Ардчилсан намын даргын үүрэг гүйцэтгэгчээр томилон, тухайн жилдээ орон нутгийн сонгуульд багаа ахлуулсан билээ. Ардчилсан намын Бодлогын зөвлөлийн дарга, Улс төрийн зөвлөлийн гишүүн байсан, 2012, 2016 онд Баянзүрх дүүргийн ИТХ-д олонх, 2012 онд нийслэлийн ИТХ-ын, 2013, 2017 онд Ерөнхийлөгчийн сонгуульд тус тус үнэмлэхүй ялалт байгуулахад хувь нэмэр оруулж явсан хүн нэг л өдөр намаасаа нүүр буруулах шалтгаан төдий хэмжээгээр том, эрх ашиг нь тэр дайны үнэтэй байсан биз. Ямартай ч Үндэсний эвслийн жагсаалтаар УИХ-ын гишүүн болсон даруйдаа Д.Пүрэвдаваа “Ард түмэн бусад намыг маш сайн сөрөг хүчин байгаасай гэж саналаа өгсөн байх. Үндэсний эвсэл сөрөг хүчний үүргээ 100 хувь биелүүлнэ. Бид мөрийн хөтөлбөртөө дэвшүүлсэн, уялдаагүй маш олон хуулийг цэгцлэх, бизнес эрхэлж буй иргэдэд хүндрэл учруулж байгаа хууль, эрх зүйн орчинтой тэмцэнэ” хэмээж байв. Гэвч тэд ярьсан шигээ дорвитой сөрөг хүчин байсангүй.
Баянзүрх дүүргийг удирдаж байх хугацаанд нь фракцын улс төр, цөөнх, олонхын зөрчил тасралтгүй үргэлжилж, ИТХ нь хуралдаж чадахгүй, төсөв батлах зэрэг чухал шийдвэр гаргахдаа хугацаа алдаж байсан үе цөөнгүй. Засаг дарга болон ИТХ-ын хоорондын үл ойлголцол нь шүүхийн маргаан хүртэл дагуулж, төрийн удирдлагыг хэрэгжүүлэх үйл ажиллагааг багагүй хугацаанд гацааж байв. Энэ нь түүний улс төрийн намтарт удирдагчийн эв зүй, зөвшилцөх чадвар талаас асуултын тэмдэг үлдээсэн үйл явдлын нэг болсон юм. Харин УИХ-ын гишүүн Д.Пүрэвдаваагийн хувьд парламентад сонгогдсоноос хойш хууль санаачлах болон бодлогын нөлөөллийн ажилд төдийлөн ил тод оролцохгүй л байна.
Л.Аргамжин