
Манай улс сүүлийн жилүүдэд Үндэсний их баяр наадмын өдрүүдэд төрийн айлчлал зохион байгуулж, улс орнуудын удирдагч, өндөр дээд хэмжээний зочин хүлээж авдаг уламжлалтай болоод байгаа. Өнгөрсөн оны наадмаар Япон Улсын Цог жавхлант эзэн хаан Нарүхито, Хатан хаан Масако, түүний өмнөх жилд Бутаны Хаант Улсын Цог жавхлант хаан Жигмэ Гэсэр Намжил Ванчук гэр бүлийн гишүүдийн хамт зочилсон бол энэ удаа БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён, гэргий Ким Хе Гёны хамт долоодугаар сарын 9-11-нд төрийн айлчлал хийлээ. Энэ нь сүүлийн 15 жилийн хугацаанд Өмнөд Солонгосын Төрийн тэргүүний хувиар Монгол Улсад хийсэн анхны төрийн айлчлал гэдгээрээ түүхэнд тэмдэглэгдэн үлдэв.
ХУДАЛДААНЫ ЭРГЭЛТИЙГ НЭГ ТЭРБУМ АМ.ДОЛЛАРТ ХҮРГЭХЭЭР ТОХИРОЛЦОВ
Айлчлалын хүрээнд хоёр улсын Ерөнхийлөгч албан ёсны уулзалт, хэлэлцээ хийж, Монгол, Солонгосын бизнес форумын нээлтэд оролцлоо. Энэ удаагийн айлчлал ардчилал, хүний эрх, эрх чөлөө зэрэг нийтлэг үнэт зүйлсэд тулгуурласан Монгол, БНСУ-ын харилцаа, хамтын ажиллагааны “алтан үе”-ийн эхлэл болж буйг талууд онцолсон юм. Улмаар хоёр улс стратегийн түншлэлээ улам өргөжүүлэхийн төлөө хамтарсан тунхаглал гаргалаа.
Мөн талууд эрүүл мэнд, боловсрол, байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуй, мэдээллийн технологи, соёл, спорт, аялал жуулчлал, тээвэр, ложистик, геологи, ашигт малтмал, хот байгуулалт зэрэг салбарт хамтран ажиллах тухай Засгийн газар болон яам, агентлаг хоорондын 21 баримт бичигт гарын үсэг зурсан юм. Голлох үр дүнгүүдээс дурдвал, хоёр улс худалдааны эргэлтээ 2030 он гэхэд нэг тэрбум ам.долларт хүргэж, ховор металл болон ашигт малтмалын нийлүүлэлтийн сүлжээг бэхжүүлэх зорилт дэвшүүлэв.
ХҮН ТӨРӨЛХТНИЙ СОЁЛЫН ҮНЭТ ӨВ ХЭМЭЭН ОНЦОЛЛОО
БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён, гэргий Ким Хе Гён нарын айлчлал төрт ёсны их баяр цэнгэл наадмаар дамжуулан монгол соёл, уламжлалыг олон улсад, тэр дундаа солонгосчуудад сурталчлан таниулах гүүр болов. Тэд Үндэсний их баяр наадмын нээлтэд хүндэт зочноор оролцож, сурын талбай, шагайн харвааны асраар зочлон, наадамчин олонтой мэндчилсэн юм.
Ерөнхийлөгч И Жэ Мён “Монголын үндэсний их баяр наадам нь нэгэн улсын баяр төдий бус, хүн төрөлхтний соёлын үнэт өв” гэдгийг онцлон тэмдэглэсэн. Энэхүү түүхэн айлчлалыг тус улсын цөөнгүй хэвлэл сурвалжлан мэдээлсэн бөгөөд Ерөнхийлөгч И Жэ Мён монгол наадмын нээлтэд хүндэт зочноор уригдан оролцсон Солонгосын анхны Төрийн тэргүүн болсныг онцолсон байна.