Оршуулгын тухай хуулийг боловсруулж, батлуулах тухай нийтийн өргөдөлд өчигдрийн байдлаар 18 мянга гаруй иргэн цахимаар гарын үсэг зуржээ. Уг санаачилгыг иргэн Д.Гансаруул УИХ-ын Тамгын газрын “D-Parliament” системд байршуулсан бөгөөд төлөвлөөгүй газарт бунхан, хашаа барихыг хориглож, эл үйл ажиллагааг нэгдсэн эрх зүйн зохицуулалттай болгох шаардлагатай гэж үзсэн байна.
Өргөдөлд дурдсанаар манай улсад оршуулгын асуудлаар дагнасан бие даасан хууль байхгүй бөгөөд салбар хоорондын салангид дүрэм журмын хүрээнд зохицуулж иржээ. Үүний улмаас оршуулгын газрын байршил, эдэлбэр газрыг ашиглах журам, байгаль орчны хамгаалалт болон нийтийн эрүүл ахуйн асуудал орхигддог байна. Мөн шарилыг нутаглуулах, чандарлах болон хуучин оршуулгын талбайг цэгцлэх эрх зүйн тодорхой шийдэл дутмаг байгааг онцолжээ.
Тиймээс эл үйл ажиллагааг улсын хэмжээнд нэгдсэн бодлого, стандарттай болгох, газар зохион байгуулалтыг зөв голдиролд оруулах, байгаль орчин, соёлын өвийг хамгаалж, шашин шүтэх эрхийг тэнцвэртэй хангах үүднээс Оршуулгын тухай хуулийг боловсруулан батлах нь зүйтэй гэж тайлбарласан байна. Хэрэв “D-Parliament” систем дэх уг өргөдөлд 100 мянган иргэн гарын үсэг зурвал хууль санаачлах асуудлыг холбогдох журмын дагуу УИХ-аар хэлэлцэх юм.