Сүүлийн өдрүүдэд нийтийн тээвэрт үүсээд буй асуудалд нийтийн тээврийн хувийн хэвшлийн компаниуд болоод "Улаанбаатар смарт карт" компанийнхан өөр өөрсдийн байр суурийг илэрхийлсэн. Тодруулбал, нийтийн тээврийнхэн цахим системд шилжсэнээс хойш “Улаанбаатар смарт карт” компанийнхан орлогыг дутуу хуваарилж байгаа бөгөөд үүнээс болж ажилчдынхаа цалинг тавьж чадахгүй, түлш, засвар үйлчилгээнд зарцуулах мөнгөгүй болоод байгаагаа хэлсэн юм.
Түүнчлэн цахим системд шилжсэнээс хойш өмнө нь олдог байсан орлогоос хоёр дахин бага орлого олж байгаа нь үйлчилгээний урсгал зардалд ч хүрэхгүй байна гэсэн бол “Улаанбаатар смарт карт” ХХК-иас автобус компаниудын олсон орлогыг өдөрт нь шилжүүлж байгаа гэх тайлбарыг хэлж байсан юм. Өөрөөр хэлбэл, долдугаар сарын 29-нөөс энэ сарын 02-ны өдрийг хүртэлх орлого буюу 10 тэрбум 775 сая төгрөгийг компаниудын дансанд шилжүүлж, орлогыг зохих журмын дагуу хуваарилсан байна.
Тэгвэл энэ асуудлаар өчигдөр Нийслэлийн удирдлагын зөвлөлийн хуралдаанаар удаа дараа ажил хаялт зарлаж, төрийг дарамталж, иргэдийг хохироож байгаа компаниудын гэрээг цуцалж, дараагийн аж ахуйн нэгжүүдтэй хамтарч ажиллах боломжтой гэх шийдвэрийг гаргасан. Тухайлбал, өнгөрсөн хугацаанд 10 тэрбум 398 сая 574 мянган төгрөгийн орлогыг автобус баазуудад хуваарилсан бол нэмээд “Улаанбаатар смарт карт” компани нэг тэрбум орчим төгрөгийг гарган автобус компаниудад илүү хуваарилалт хийж байгаа аж.
Мөн автобус компаниудын орлогыг 7-8 хоногийн дараа шилжүүлж байна гэхэд “Улаанбаатар смарт карт” компанийнхан өдөр бүр бэлэн мөнгөний орлогыг нэг бүрчлэн тоолдог учраас 2-3 хоног зарцуулдаг ба Худалдаа хөгжлийн банкнаас тус компанийн дансанд орж ирсэн даруйд шилжүүлдэг гэдгээ албан ёсоор мэдэгдсэн юм. Энэ талаар Нийслэлийн Засаг даргын Санхүү эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батааагаас тодрууллаа.
-“Улаанбаатар смарт карт” компанийг автобус компаниудын орлогыг дутуу хуваарилж, төсвийн хөрөнгөөс завшсан гэх яриа гараад байгаа?
-Тийм зүйл байхгүй. “Улаанбаатар смарт карт” компани нь БНСУ-ын Сөүл хотын хөрөнгө оруулалтай компани бөгөөд Сөүл хотын ИТХ-ын шийдвэрээр Улаанбаатар хотод нийтийн тээврийн цахим төлбөрийн систем нэвтрүүлэх ажилд зориулан хөрөнгө оруулалт хийсэн. Тус компанийг байгуулахад Нийслэлийн Засаг даргын тамгын газраас ямар ч хөрөнгө оруулалт хийгээгүй ч 24 хувийг нь эзэмшдэг.
-Нийтийн тээврийн цахим системд шилжсэнээс хойш аж ахуйн нэгжүүдэд нийт хэчнээн төгрөгийг шилжүүлсэн бэ?
-Өнгөрсөн хугацаанд автобусны компаниудад 11 тэрбум 176 сая төгрөгийг шилжүүлсэн байгаа. Үүнээс гэрээнд заасан мөнгөн дүнгээс илүү шилжүүлсэн нь нэг тэрбум 817 сая төгрөг байна.
-Компаниудын удирдлагууд орлогыг ганцхан Худалдаа хөгжлийн банкаар шилжүүлж байгаа учир 2-3 хоногийн хугацаа алдаж байна гэж ярьж байгаа. Тиймээс банкны тоог нэмэх боломж бий юу?
-Болохгүй. Цахим картыг уншдаг систем нь Худалдаа хөгжлийн банкаар зохицуулагддаг. Мөн анх сонгон шалгаруулалтын тендерт “Улаанбаатар смарт карт” ХХК, Худалдаа хөгжлийн банк хамтарч оролцсон. Тэгээд нэмээд 30 гаруй хүнийг шинээр ажилд авч, бэлэн орлогыг 24 цагийн турш тоолж байгаа. Хамгийн гол нь иргэд бүгд картаа авчих юм бол бэлэн мөнгөний тоо багасч, ачаалал буурна гэсэн үг. Цаашдаа улам боловсронгуй болж, хүн амыг бүрэн хамарч чадах хэмжээнд очно. Миний түрүүн хэлсэнчлэн Сөүл хот энэхүү системийг нэвтрүүлэхэд 12 жилийг зарцуулсан байхад бид ердөө хоёрхон сар л болж байна.
-Автобусны жолооч, кондукторыг хэдэн төгрөгөөр цалинжуулж байгаа вэ?
-Жолоочийнх нэг сая 100 мянга, кондуктор 700 мянга, инженер техникийн ажилтанг 900 мянган төгрөгөөр цалинжуулж байгаа. Өнөөдөр Монголд ийм өндөр цалинтай үйлчилгээний систем ховор. Нэмээд шагнал, урамшуулал авдаг.
-Сэлгэн суулт тутамд нэг удаа зорчим тасалбарын үнийн 100 хувийг хөнгөлнө гэх яриа иргэдийн дунд тархсан. Энэ тухайд?
-Смарт картын системийг суурилуулахын тулд эхлээд 15 хоногийн туршилт хийсэн. Тэгээд хоёр дахь сэлгэн суултын хувийг 100 хувь хөнгөлнө гэх мэдээлэл буруу эх сурвалжаас гараад, олон нийтийн мэдээллийн хэрэгслүүдээр хүчтэй тархсан. Үүнийг хот санаачлаагүй, харин ч хамгийн боломжтой хувилбарыг олохын тулд туршилт хийсээр байгаа. Өнөөдөр төв 650 мянган зорчилтын 34.6 хувь нь сэлгэн суудаг гэсэн судалгаа гарсан. Үүнийг тооцоолоод нийслэл 60 хувиар хөнгөлнө. Тэгвэл “Улаанбаатар смарт карт” ХХК-ийнхан 18 тэрбум төгрөгийн зардал нэмэгдэнэ гэж үзсэн бол Нийслэлийн тээврийн газраас 10.2 тэрбум төгрөгийн зардал гарна гэсэн тооцоо гаргасан. Энэ бүгдийг бид судалж байгаа. Хоёрхон сарын хугацаанд Нийслэлийн иргэдийн 70 хувь нь картын системд шилжинэ гэдэг чинь амжилт шүү дээ.
-Өчигдөр Нийслэлийн удирдлагын зөвлөлийн хуралдаанаар НИТХ-ын дарга Д.Баттулга эдгээр асуудал нь хотын төсөвт дарамт үүсгэнэ гэдгийг хэлж байсан?
-Мэдээж дарамт үүсгэж байна. Нөхөн олговрын 53 тэрбум төгрөг дээр нэмэгдээд 30 тэрбум төгрөгийн дарамт гарч ирж болзошгүй гэдгийг тооцоолж байгаа. Тооцоолоод НИТХ-аар нэгдсэн тайланг танилцуулна. Энэ оны төсвөөр хуучин системээр 104-105 тэрбум төгрөгийг нийтийн тээврийн салбарт зарцуулахаар тусгагдсан. Үүнээс яг одоогийн байдлаар 15 тэрбум төгрөг үлдсэнийг аж ахуйн нэгжүүдэд олгодог журмаар нь олгоно.
-Машин цагийн мөнгийг нэгдсэн байдлаар баталвал долдугаар сараас хойшхи хугацааны нөхөн олговрыг нэмж олгох уу?
-Бид аж ахуйн нэгжүүдийг яасан ч хохироохгүй. Өнгөрсөн долдугаар сараас хойш автобуснуудад машин цагийн мөнгийг 14 мянган төгрөгөөр тооцож олгож байсан бол одоо 30.000 төгрөг эсвэл 34000 төгрөг болвол үлдэгдэл зөрүү мөнгийг нөхөж олгоно.