Хан-Уул дүүргийн иргэд Нийслэл, дүүргийн засаг даргын орлогчийн тоог цөөрүүлэхийг хүсэж Ерөнхий сайд Ч.Сайханбилэгт шаардлага хүргэх болсон тухайгаа мэдээллээ.
Тодруулбал, Улаанбаатар хотын захирагч бөгөөд Нийслэлийн засаг дарга Э.Бат-Үүл зургаан орлогчтой, Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Ганхуяг нь гурван орлогчтой ажилладаг юм байна.
Гэтэл Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 30.1.2-т Нийслэлийн засаг дарга хоёроос илүүгүй, дүүргийн засаг дарга нэгээс илүүгүй орлогчтой байхаар нэмэлт өөрчлөлт оруулжээ.
Энэ асуудлаар нийслэл, дүүргийн засаг даргын удирдлагад хандахад Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 190 дүгээр тогтоол, Нийслэлийн Засаг даргын 2013 оны А/03 тоот захирамжид илүү орлогчтой байхыг зөвшөөрсөн гэсэн хариу өгсөн гэнэ.
Тэд гурван орлогчийн жилийн зардал 600 хүүхдийн хоолны зардалтай тэнцэж байгаа тул эдийн засгийн хямралтай үед уг асуудлыг анхааралдаа авахыг хүссэн юм.