Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүлийн албан ёсны айлчлалын хүрээнд бизнес эрхлэгчдээ бодлогоор дэмжих, хөрөнгө оруулагч, түнш олж өгөх, тэднээр дамжуулан эдийн засгийн шинэ боломжуудыг нээх, үндэсний үйлдвэрлэлийг гадаадад сурталчлах, хөдөө аж ахуйн төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх зорилго бүхий “Хөрөнгө оруулалтын чуулга уулзалт-2015” бизнес форумыг Новосибирск хоттой хамтран зохион байгууллаа. Форумд манай талаас 12 аж ахуйн нэгжийн 20 гаруй төлөөлөгч оролцсон бөгөөд өөрсдийн үйл ажиллагаа,бүтээгдэхүүнийг танилцууллаа. Манай бизнес эрхлэгчдийн зүгээс үйлдвэрлэлээ өргөжүүлэх, хөрөнгө оруулалт татах, бараа бүтээгдэхүүнээ ОХУ-ын зах зээлд гаргах зорилгоор сурталчилгаа таницуулгаа хийж байлаа. Сэрүүн бүсийн бизнесс эрхлэгчид манай ноос ноолуур, арьс шир, мах махан бүтээгдэхүүнийг илүүтэй сонирхож, барилга, хот байгуулалт, эмнэлэг, боловсрол, аялал жуулчлалын салбарт хамтран ажиллах түншээ идэвхитэй хайж байлаа. ОХУ Армениас мах, махан бүтээгдэхүүн импортолдог бөгөөд тээврийн хувьд бэрхшээл тулгардаг байна. Тиймээс Улаанбаатар хотоос мах махан бүтээгдэхүүн импортлох хүсэлтэй байгаагаа илэрхийлж байлаа. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл ОХУ-ын ерөнхийлөгч В.В.Путины Монгол Улсад айлчлахдаа үзэглэсэн “Стратегийн баримт бичиг”-ийн хүрээнд нийслэлд “Мал эмнэлэгийн төв” барьж, лабраторийн түвшинд хамтран ажиллах нь 51 сая малтай Монгол орны хувьд мах махан бүтээгдэхүүнийг экспортлоход чухал түлхэц болно гэдгийг онцолж байлаа.
Форумын үеэр боловсрол, аялал жуулчлал, эмнэлэг, барилга, хөдөө аж ахуй, шинжлэх ухааны салбарт хамтран ажиллах нийт найман “Санамж бичиг”-т гарын үсэг зурлаа. “Улаанбаатар хотын хуучин орон сууцны хорооллын байрнуудын гадна дулаалга, цахилгаан шатыг шинэчлэн солих ажлыг хийж гүйцэтгэх тухай” санамж бичигт Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Б.Бадрал, Новосибирск хотын Эрчим хүчний хорооны дарга М.А.Грехов нар гарын үсэг зурав. Ингэснээр хуучин ЗХУ-ын үед Улаанбаатар хотод баригдсан тав, ес, арванхоёр давхар нийт 1700 угсармал барилгыг сэргээн засварлах ажлыг Новосибирскийн барилгачид эхлүүлэхээр боллоо. Эхний удаад ашиглалтын хугацаа нь дуусч, их засвар хийх шаардлагатай III, IV дүгээр хорооллын байруудыг засахаар хоёр тал тохиролцжээ.
Форумд нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын дарга Л.Нарантуяа “Улаанбаатар хотын хөрөнгө оруулалтын өнөөгийн байдал, төсөл хөтөлбөрүүд”, нийслэлийн орон сууцны корпорацийн захирал Б.Тэлмэн “Нийслэлийн орон сууцны хөтөлбөр, төслүүд” сэдвээр тус тус танилцуулга хийлээ. Тус форумд оролцсон Новосибирскийн бизнес эрхлэгчид тодорхой төслүүдэд хамтран ажиллах, өөрсдийн хөрөнгөөр эхний загвар ажлуудыг гүйцэтгэхээ илэрхийлж байсан нь энэхүү бизнес уулзалт эрэлт хэрэгцээтэй, ажил хэрэгч, өндөх ач холбогдолтой, үр дүнтэй байсныг илтгэж байлаа.